2013.10.04

С.Ганбаатар: Засгийн газар УИХ-аас илүү мэдэлтэй улсын бага хурал болсон

ТВ9 телевизийн “Ардын парламент” хэлэлцүүлгийн зочдоос УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байр суурийг онцлон хүргэж байна.

-Нэг аравны таван их наядаар дутаад байгаа төсвийн алдагдлыг яаж нөхөх вэ?

-Төсөвт орлого, зарлага гэсэн хоёр зүйл л бий. Манай улс уул уурхайн баялгаа гадагшаа зарж гол орлогоо бүрдүүлдэг. Хөдөө аж ахуйн зарим бараа бүтээгдэхүүнүүд бий. Орлогын ихэнхийг бүрдүүлж буй зүйлүүд дээрээ Засгийн газар судалгаа тооцоо, үндэслэл, муу байна.

Олон улсын эдийн засгийн харилцаанд манайх хүчтэй орж, тэр талын мэдээллүүдийг авч чадахгүй байна. Дэлхийн худалдааны байгууллагад орсон хэдий ч үр шимийг нь хүртэхгүй байна.

Улс орны Ерөнхий сайдууд гадаад худалдааныхаа томоохон уулзалт гэрээ хэлэлцээрүүдийг хийдэг. Энэ гэрээ хэлэлцээрүүд тодорхой хэмжээнд урт хугацаанд явдаг. Олон зүйлүүд тодорхойгүй байгаагаас гадаад худалдаа, уул уурхайн баялгийнхаа борлуулалтыг хянаж чаддаггүй.

-Олон жил дамнан баригдах гэж буй барилгуудад энэ жил төсөвлөх гэж байсан төсвийг танахад 500 тэрбум төгрөг гарна гэж ярьж байна. Тэгэхээр үлдсэн мөнгийг яаж нөхөх вэ?

-Бонд гол залгуулж байгаа ч дараа нь бидний үр хүүхэд түүнийг өндөр үнэтэй төлнө. Засгийн газар, улстөрч, шийдвэр гаргагч нар төсөв батлаад болоо гэдэг ажил хийх биш. Засгийн газрын үндсэн ажил бол төсвийн мэргэжлийн байгууллагуудын оролцогчдын хоорондын хэлэлцүүлгийг хийж, тэндээс гаргаж ирэхгүйгээр, өөрөө цээжээр бодоод гаргаж ирдэг.

Манай улс уул уурхайн баялгаа гадагшаа зарж гол орлогоо бүрдүүлдэг.

Өнөөдөр маш олон улстөрчид сайд болж, төсөв дээр гарын үсэг зурахыг мөрөөдөж орж ирдэг. Засгийн газар УИХ-аасаа илүү мэдэлтэй улсын бага хурал болсон. Тэдний УИХ-аас ялгаатай зүйл нь гарын үсэг зурж мөнгө шийддэг, дараагийн сонгуулийн намынхаа хандив цуглуулдаг хүмүүс болж хувирсан.

Үүний гор нь 500 сая төгрөгийн үнэтэй эмнэлэг, таван тэрбумд босдог явдал. Манайд онцгой гоё хэлбэрээр явж буй дайн бол мөнгөний, тендерийн цавчааны дайн. Төр мөнгө хоёр гэрлэж, шийдвэр гаргагч мөнгө хоёр тас тэврэлдчихсэн. Үүний золиос нь бид болж байгаа.

Энэ дээр мэргэжлийн, хөндлөнгийн шинжээч төсвийн талаар дүгнэлт гаргаж, тэрийг улстөрчид дураараа эвдэхээ болих хэрэгтэй. Төсөв гэдэг 76 хүний тойрог тойрог руугаа мөнгө булаацалддаг талбар болоод байна. Төрөөс мөнгийг нь салгахын тулд ард түмэнд мэдлийг нь өгөх ёстой.

-Мөнгөний бодлогыг яаж тогтоох ёстой, ямар чиг байх ёстой вэ?

-Мөнгө гэдэг бол эдийн засагт цус. Монгол улсын мөнгөний бодлого, эргэлт тодорхой хэмжээнд байх ёстой. Монгол орон өнөөдөр мөнгө хүүлэлтийн, лангууны эдийн засаг болоод байна.

Маш олон улстөрчид сайд болж, төсөв дээр гарын үсэг зурахыг мөрөөдөж УИХ-д орж ирдэг.

Хэрэв зах зээл дээр монгол төгрөг асар их байгаад түүнийг хадгаламж руу татахын тулд хадгаламжийн хүүг бодлогын хүүгээр өсгөж байгаа бол яагаад гаднаас зээл тусламж мөнгө гуйгаад яваад байгаа юм.

Мөнгөний бодлогын хамгийн гол анхаарах ёстой зүйл бол бүтээн байгуулалт, нэмэн өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл рүү манай мөнгө яагаад чиглэхгүй байна гэдэг. Мөнгөний бодлого дээр нийгэм дээр мэргэжлийн байгууллага мэргэжилтнүүдийн хүрээнд хүчтэй хэлэлцүүлэг явах ёстой.