Д.Батцогт: Намын гишүүдийн олонх нь Засгаас гарахыг дэмжихгүй байх
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.02.18

Д.Батцогт: Намын гишүүдийн олонх нь Засгаас гарахыг дэмжихгүй байх

УИХ-ын гишүүн Д.Батцогтоос цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.

-МҮАН-ын Бүгд их хурал жил бүрийн цагаан сарын шинийн 8-нд хуралддаг уламжлалтай. Өнөөдөр танай намын Бүгд хурал хуралдах уу?

-Манай намынхан шинийн 8-нд хуралддаг уламжлалтай. Харин өнөөдөр Бүгд хурал болохгүй. Учир нь намын Удирдах зөвлөлийн гишүүдийн зарим нь гадаад, дотоодод томилолтоор ажиллаж байгаа. Тиймээс хурлыг хэд хоног хойшлуулсан.

-Бүгд хурлаар ямар асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ. МҮАН-ыг хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна?

-Хамгийн түрүүнд 2013 онд ажиллах ажлын төлөвлөгөөгөө ярилцана. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурьтай оролцохоо тодорхой болгоно.

Засгаас гарна гэж хувьдаа бодохгүй байна. Намын зарим гишүүдийн зүгээс ийм байр суурь гарч болзошгүй.

Гэхдээ асуудлыг олонхоороо шийднэ. Намын гишүүдийн олонх нь Засгаас гарахыг дэмжихгүй байх.

-“Шударга ёс” эвслийн бүлэг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг дуудаж мэдээлэл сонсохоор болсон нь ямар учиртай юм бэ?

-ТУЗ-ийн гишүүдийг дуудаж асууж тодруулах зүйл бий. Мөн тухайн үед гэрээ байгуулсан сайд нарыг дуудаж мэдээлэл авах хэрэгтэй. Бүлгийн зүгээс Оюутолгойн асуудалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Ажлын хэсгээс тодорхой дүгнэлт гаргах байх.

-Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдээс Н.Багабандийг солих асуудал хөндөгдөх болсон. ТУЗ-ийн гишүүдийг солих нь зөв гэж үзэж байна уу?

-Би хэвлэл мэдээллээс л мэдээлэл авч байна. Хэрэв Н.Багабанди гуайг солих асуудал хөндөгдөж байгаа бол бусад гишүүнийг ч солих хэрэгтэй. ТУЗ-ийн гурван гишүүн бүгд үүргээ биелүүлж чадаагүй.