Эвслийн бүлэгт Ч.Улаан мэдээлэл өгчээ
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, 2014 оны Төсвийн төсөл болон энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн байна.
2014 оны Төсвийн төслийн талаар Сангийн сайд Ч.Улаан “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.
Мөн тус бүлгийн хуралдаанаар Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцсэн байна. Ойрын хугацаанд УИХ-ын чуулганы хуралдаанаар 2014 оны Төсвийн төсөл, Мөнгөний бодлого зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж байгаа учраас Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцэх асуудлыг түр хугацаагаар буюу арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл түр хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэсэн саналыг эвслийн бүлгийн гишүүд гаргасан байна.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтыг батлахын өмнө судалгаа, тооцоо хийх олон ажил байгаа бөгөөд эвслийн бүлгээс энэ асуудлыг судлуулах ажлын хэсэг гаргаж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цолмон ахалж ажиллахаар болсон байна. Ажлын хэсэгт эрдэмтэд, судлаачид зэрэг туршлагатай хүмүүс багтсан байгаа гэж “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо.