УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.09.28

Ц.Даваасүрэн: Хямрал хаалга тогшиж байна

“Студи 4” ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцож, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улсын эдийн засаг яг ямар байгаа вэ?

-Найман сарын гүйцэтгэлээс харахад төсөв санхүүгийн байдал төлөвлөсөн хэмжээнд биш ч гүнзгий хямарсан гэж дүгнэхгүй байна. Цаашид бодлогын хэмжээнд алдаа гаргавал хямрал руу орж болзошгүй.

Учир нь хямрал нүүрлэхээр хаалга тогших гээд байна. Гэхдээ бидэнд тодорхой арга хэмжээ авах боломж бий. Орлогын тасалдлын 60 хувь нь засгаас шалтгаалсан байдал харагдаж байна.

-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн үү?

-Төсөвт тодотгол хийх асуудлыг төсвийн тогтвортой байдлын хуулиар, төсвийн хуулиар зохицуулсан байгаа. Тодотгол хийх гол шалгуур нь төсвийн алдагдал нь ДНБ-ий таван хувиас дээш болсон бол.

Найман сарын төлөвлөгөөнд төсвийн алдагдлыг 825 тэрбум төгрөг гэж хийсэн. Гэтэл төсвийн найман сарын гүйцэтгэлийг харахад төсвийн алдагдал 145 тэрбум гарч 680-аар сайжирсан.

Ийм нөхцөлд тодотголын тухай ярьж болохгүй. Гэхдээ төсвийн алдагдал сайжирсан нь зах зээлд нийлүүлэх ёстой 1,2 их наядын санхүүжилтээ хийгээгүйтэй холбоотой. Санхүүжилт хийгдээгүй нь компаниудын борлуулалт, татварт сөргөөр нөлөөлсөн.

-Оюутолгой монголын эдийн засагт 55 хувийн нөлөөлөлтэй гэж ярьж байгаа. Бусад хөрөнгө оруулагчид Оюутолгой дээр 10 гаруй төрлийн татварын тогтворжуулалт байгаа ч бусдад нь байхгүй гэж ярьж байна. Энэ шударга уу?

-Эрдэнэт дээр ОХУ-тай хамтран хөрөнгө оруулалтаа 49:51-ээр хийсэн ч ийм асуудал үүсээгүй. Эрдэнэт 10-аас дээш хувиар рояалти төлдөг. Гэтэл тавхан хувиар төлнө гэж байна. Тэгэхээр бусад хөрөнгө оруулагч нар гайхна. Тухайлбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд татварын таатай орчин бүрдвэл тэр нь Оюутолгойд нөлөөлнө.

Оюутолгойн гэрээний тухайд бид харилцан үр ашигтай байхыг ярьж байгаа ч нөгөө тал эдийн засагт голлох нөлөө үзүүлж байгаагаараа дарамтлах гээд байна.

Хэрэв таагүй орчин бүрдвэл тогтворжуулсан гэрээгээр бид төлөхгүй гэнэ. Үнийн өсөлтөөс бий болж буй ашиг дээр рояалти төлөхгүй. Оюутолгойн гэрээний тухайд бид харилцан үр ашигтай байхыг л ярьж байгаа. Гэтэл нөгөө тал бид танай эдийн засагт голлох нөлөө үзүүлж байна гэдгээр дарамтлах гээд байгаа.

Нэг компаниас хамааралтай эдийн засагтай байх ёстой юу, үгүй юу гэдэг дээр бид ухаалаг хандах ёстой. Бидэнд хамгийн том давуу бөгөөд сул тал бий. Бид энэ хоёр хөршөөс нүүж чадахгүй нь сул тал. Гэхдээ энэ хоёр хөрш шиг зах зээл байхгүй. Хоёр хөршийн өчүүхэн хэмжээ манай эдийн засагт хангалттай нөлөө үзүүлж чадна. Хоёр хөрштэйгөө эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хийх нь хамгийн том зүйл.   

-“Урт нэртэй” хуулийг санаачилсан гишүүдийн нэгийн хувьд таны байр суурь?

-Ганц, хоёр жил алт олборлохоос илүү усаа, байгалиа авч үлдэх нь үнэ цэнэтэй. Тухайлбал, туул голыг ширгээгээд эргээд алтнаас олсон хэмжээний мөнгөөр хэзээ ч хийж чадахгүй. Өнөөдөр бид бүх баялгаа ашиглах ёстой юу. Бидний өвөг дээдэс ийм их баялаг үлдээсэн байхад бид мөн хойч үедээ үлдээх ёстой.

Гурван сая гэдэг том улс орнуудтай харьцуулахад хэр том тоо юм бэ. Хоёр хөршийн тосгоны хүн ам. Гэтэл тосгоны хүн амыг тэжээж чадахгүй бол энэ харалган бодлого. Гурван сая хүнд ийм олон төсөл хэрэгжүүлэх шаардлагагүй.

Манай улс бодлого дээр суурилсан биш улстөржсөн эдийн засагтай болсон.

Дөрөв, тавхан том ордоо харилцан үр ашигтай, зөв ашиглахад л хангалттай. Миний хувьд “Урт нэртэй” хуулийн өөрчлөлтийн асуудлыг дэмжихгүй байгаа. Хөрөнгө оруулалтын хуулийг харахад компани томрох тусмаа татвар төлөхгүй өөрсдөдөө таатай орчин бүрдүүлье гэдэг зүйл явж байна.

Бид байгалийн баялгаа бодлогоор зохицуулахгүй. Алийг нь одоо, алийг нь хойч үедээ ашиглахаа шийдэж байж дараагийн алхмаа хийх ёстой. Ашиг л олж байвал юугаа ч өгөхөө больсон хандлага бий болж байгааг тал бүртээ анхаарах ёстой.  

-Цаашид Монгол улс яаж хөгжих ёстой вэ?

-Манай улс бодлого дээр суурилсан биш улстөржсөн эдийн засагтай болсон. Бид бодлогыг хуульчилдаг тогтолцоог бий болгон, түүнийгээ дагадаг зарчим руу орох хэрэгтэй. Тухайлбал, өнөөдөр 250 суудалтай соёлын төвийн төсөв 500 суудалтай соёлын төвийн төсвөөсөө өндөр байна.

Ингээд харахаар хаа сайгүй бүх зүйл урсгалаараа болчихсон. Үүнийг зохицуулах ёстой нь төр. Баялгаас орж ирж буй мөнгө бол хязгаарлагдмал. Хангалттай мөнгө биш. Энэ хязгаарлагдмал мөнгийг хамгийн тэргүүлэх ач холбогдол бүхий үр ашигтай төслүүдэд хийх ёстой. Энэ ажлыг хөгжлийн яам хийх ёстой.

Тийм шаардлагыг энэ жилээс тавьж байгаа. Хөрөнгө оруулалтын бодлогоо гурав дөрвөн жилээр гаргая. Хөрөнгө оруулалтынхаа бодлогын дагуу хуваарилалт, төлөвлөлтүүдээ хийгээд явах ёстой. Бодлого төлөвлөлтгүй бол эцсийн үр дүн гэж байхгүй.