З.Баянсэлэнгэ: Хэрэг нь илэрвэл МАНАН хамтдаа унана
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Д.Тэрбишдагва сайдад МАН-ын ахмадууд нэгдье нийлье гэдэг уриалга хүргүүллээ. Мөн МАН-ыг шинэчлэх “Эв нэгдэл”-ийн хорооноос дээрхтэй утга адил уриалгыг Н.Энхбаяр даргад хүргэж өгсөн. МАХН-ынхан МАН дээр очиж шинэллээ л гэх. Гэтэл үүнээс өмнөхөн МАН-ын нэр бүхий улстөрчдийн зүгээс “МАХН-ынхан бол тэр чигээрээ урвагчид, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг хар. Албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй улс” хэмээн мэдэгдэж байсан. Хоёр намын дунд одоо юу болоод байна вэ?
-Нийгэм маань бодит зүйлийг харах хэрэгтэй. МАХН нэрийг сэргээхийн тулд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийн тулд өнөөгийн МАХН-ын удирдлага, гишүүд, дэмжигчид ямар их бэрхшээлийг даван туулсан билээ. Тэр үед МАН-ын хөгшин улстөрчид биднийг юу гэж доромжилж, яаж хандаж байсан билээ гээд бодохоор их зүйлийг эргэцүүлэх болдог. Товчдоо бол туулсан зам мөр маань богино ч манай намынхан энэ хугацаанд нэлээд том бэрхшээл даван туулж өнөөдөрт ирсэн байна. Түүнтэйгээ адилхан өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг тийм амархан мартаад нэгдэх нь юу л бол... МАН-ын ахмад гишүүдийн хувьд хоёр намын угшил нэг гэдгээрээ нэгдэж нийлэхэд ойрхон санагдаж байх шиг байгаа юм. Гэхдээ тийм амар нэгдэж нийлчихгүй болов уу. Тодорхой цаг хугацаа шаардаж таарна.
-Хоёр нам нэгдэхийг та эсэргүүцэж байгаа юу. Танай намын гишүүд дэмжигчид ямар байр суурьтай байгаа вэ. Мөн нэгдэх асуудлыг тавьсан МАН-д МАХН-аас тодорхой шаардлага тавьж байгаа зүйл бий юу?
-МАХН-МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвслийг байгуулан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүүлэхдээ Монгол Улсад шударга ёс тогтоохоо амласан. Хоёр улстөрийн хүчин нэгдэж орсноор УИХ-д 11 суудал авсан ч намын даргаа улстөрийн хэлмэгдүүлэлтэд оруулсан. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө өнөөдрийг хүртэл тууштай зогссон ч бүтэл муутай байна, намын даргын эрүүл мэнд эрсдэлтэй байдалд байна. Дээр нь Засгийн газрыг хамтран байгуулсан Ардчилсан намынхан аливаа зүйлийг дангаараа хүч түрэмгийлж шийдвэр гаргаж байгаа нь хоёр намд эцэст нь “Нэгдэх нь зөв юм байна” гэдэг ойлголт руу явуулж байх шиг. Гэхдээ МАХН-ынхан МАН-ынхнаас нэг л зүйлийг хүсч байгаа. Тэр нь улстөрийн хэлмэгдүүлтийг зогсооход өөрсдийн дуу хоолойгоо өргөөч гэж...
Хоёрт, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын ард түмэнд ашиггүй байгуулснаа хүлээн зөвшөөрөх. МАХН-ын гишүүд бид энэ асуудлыг маш их ярьж байсан, “Ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг Монгол Улсын Засгийн газар гадны хөрөнгө оруулагчтай байгуулах гэж байна” гэдгийг иргэний нийгмийнхэнтэй хамтраад идэвхитэй эсэргүүцдэг байсан. Тэр үед бидний талд зогссон нь хэд билээ. Одоо харин гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндсөн гэрээ болжээ гэдгийг улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Энэ бол МАХН-ын гишүүд дэмжигчид, иргэний нийгмийнхэн зөв зүйлийн төлөө явж байжээ гэдгийг нотолж байгаа хэрэг.
Гуравт, намын нэрийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж сольсон МАН-ын тухайн үеийн удирдлага намын гишүүд дэмжигчдээсээ уучлал гуйх ёстой. Намын нэр сольсон нь алдаа боллоо гэдгээ хүлээн зөвшөөрөх.
Дөрөвт, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө тодорхой ажил хийж, ард түмнээс уучлал гуйвал энэ намыг шинэчлэгдсэн байна, сэргээгдсэн байна гэж үзнэ. Түүнээс цөөнхийн үүргээ гүйцэтгэж чадахгүйдээ туйлдан эцсийн найдвар болгож зөвхөн Ардчилсан намыг ялахын төлөө гэдэг сэтгэлийн хөөрлөөр МАХН-тай нэгдэж хүч авна гэж байгаа бол би хувьдаа эсэргүүцнэ. Ер нь энэ МАН-ынхан 1996 он, 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныг эс тооцвол өнгөрсөн хугацаанд олонхийг бүрдүүлж эрх барьж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр өмнө хэлсэн шаардлагуудын хүрээнд ард түмнээсээ уучлал гуйсан нөхцөлд л дэмжинэ гэсэн байр суурьтай байна.
-Гэхдээ Ц.Нямдорж гишүүн “МАХН бол өнөө маргаашгүй ширгэх гэж байгаа шалбааг. МАН бол том урсгал. Том урсгал шалбаагт очиж нийлдэггүй юм” гэж танай намынхныг доромжилсон шүү дээ. Таныг ч элдвээр л хэлдэг. Энэ бүхнийг та, танай намынхан уучилна гэж үү?
-Хөгшин настай хүмүүс аливаа зүйлд амархан баярлаж, гомддог шүү дээ. Бид ч бас энэ замыг нь туулахгүй гэх баталгаагүй. Тэр хүмүүсийн хэлсэн болгоныг мартлаа гэж мушгин гуйвуулахдаа гол нь биш монголчууд өр нимгэн ард түмэн байхгүй юу. Намынхаа гишүүд, дэмжигчдийг тэр үгийг мартсан үгүйг нь би хэлж мэдэхгүй, ямар асуусан биш. Ц.Нямдорж гишүүний тухайд би угаасаа зан характерыг нь мэддэг. МАХН-ыг сэргээн босгохоос эхэлж олон удаа доромжлуулж янз бүрээр л хэлүүлсэн. Сүүлийн жишээ гэхэд л УИХ-ын чуулган дээр дайрч доромжлоод л байсан. Монголчуудын дунд “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг” гэдэг үг байдаг байх аа. Хувь хүнийхээ хувьд хүний дор орохгүй юмсан л гэж боддог, намаа бас хэлтэй амтай хүнд доромжлуулахгүй явах юмсан гэж боддог л юм.
-Ц.Оюунбаатар гишүүн хоёр нам нэгдэх цаг болоогүй, эвсэж бол болох юм. Гол нь Ардын намынхан авлигачдаасаа салсан нөхцөлд эвсэж болох юм гэж ярьсан байсан. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-МАХН-аас 2012 оны УИХ, орон нутгийн сонгуульд өрсөлдөгчид нь хувьдаа компанитай, авлигач, хөрөнгөтэй мөнгөтэй олигархи байгаагүй. Жирийн ард иргэдийн хүүхэд 21 аймаг есөн дүүрэгтээ нэр дэвшсэн. Түүн шиг МАН тийм болох ёстой. Тэр цагт ард түмнээс уучлал гуйгаад байх шаардлага ч үгүй болох болов уу.
-Гэхдээ МИАТ компанийн мөнгө угаасан хэргээс эхлээд татварынхны тэрбум тэрбумаар яригдах хэргүүд, дээр нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө идсэн гэх зэргээр олон жилийн хэрэг илэрч байна. Энэ бүхний ард МАН-ын нөлөө бүхий хүмүүс байж болзошгүй учраас хэргээ хав дарахын тулд МАХН-ынхны хүчийг авах гээд байгаа юм биш биз гэж үзэх хүмүүс бий. Танай намын дарга авлигын хэргээр ял сонсчихсон байгаа нь нэг талдаа эрх ашгийг нь нэгтгээд байгаа биш үү?
-Миний хувьд хэрэг илрээд байна гэж үзэхгүй байна. Харин О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн хэрэг угаагдаад байна уу л гэж бодоод байгаа шүү дээ.
-Ямар үндэслэлээр тэр вэ?
-Тодорхой жишээ татъя л даа. Долдугаар сарын 1-ний хэргийн гол гэм буруутан нь хэн юм МАНАН шүү дээ. Анх үйл явдал юунаас эхэлснийг харахаар өдөөн турхирч үймээн дэгдээсэн нь хэн байсан юм, үймээн самууныг даруулахаар цагдаа хүчний байгууллагад тушаал өгсөн нь хэн байсан юм. Үймээн самууныг дараад учир зүйгээ олчих хүн нь хэн байсан юм гэдэг тов тодорхой л байдаг, гэтэл энэ бүхнийг тогтоохгүйгээр шууд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн хэдэн хүнээр хариуцлага хүлээлгээд долддугаар сарын 1-ний хэргийг хаалгаж байгаа байхгүй юу. Чи бод л доо, одоо долдугаар сарын 1-ний хэргийг хэн яриад байгаа юм, таван хүний амь насыг хэн ярьж байгаа юм. Үймээнээс болж хэдэн зуун цагдаа шархдаж бэртсэнийг хэн ярьж байгаа юм, соёлын зүйлс шатсаны хариуцлагыг хэн үүрээд байгаа юм бэ.
Миний хувьд “Үхэх хүн ханьсаг гэгчээр айгаад байгаа юм байхгүй байх аа” л гэж бодож байна, МАН-ынхан.
Эндээс л хэрэг угаагдаад байгаа нь илэрхий байна шүү дээ. Тэгэхээр МАН-ынхан идсэн уусан хэрэг илэрнэ гэдгээсээ айгаад байгаа юм байхгүй дээ, гол нь УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн сонгогчдын 20 хувийн санал авсан, МАН-ынхан 40 гаруй хувийн саналыг сонгогчдоос авсан гэдэг судалгаа бий. Хоёр намын санал нийлэхээр 60 хувь болох учраас намын нэр сольсноор 20 хувийн санал алга болсон тул энэхүү алдаагаа Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө нөхөхийн тулд МАХН-тай нэгдэхийг хүсээд байгаа болов уу. Хэрвээ хэрэг илрэх юм бол МАН ч гэлтгүй МАНАН бүлэглэлд байсан цөөн олигархи хүмүүс ч хамтдаа унаад чирэгдээд явах юм билээ ш дээ. Өөрсдөө ч мэддэг, ярьдаг ч юм билээ.
-МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчих лидер байгаа юу, таны харж байгаагаар?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчих лидер МАН-д харагдахгүй байгаа. Олон хүний нэр яригдаж байгаа боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өрсөлдөхүйц том лидер үнэндээ алга. Одоогийн Ерөнхийлөгч тийм гоц гойд лидертээ ч биш нам нь өөрийг нь сайхан аваад явж байна, өөрөө ч боломжийг ашиглаад сурталчилгаа эхлүүлчихлээ. Харин МАН-ын хувьд маш хүнд нөхцөлд л байна даа.
-МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байдлаар оролцох вэ. Орон нутгийн сонгуульд орж байсан шигээ МҮАН, Ардчилсан намаас тусдаа оролцох уу. Ямар хувилбар яригдаж байна?
-Сонгуулийн өмнө Бага чуулганаа зарлаж Ерөнхийлөгчийн сонгуулийн арга тактикаа боловсруулна. Тэр үед л илүү тодорхой болох болов уу. Ер нь бол хамтарч Засаг барьж байгаа намынхаа бодлогоо дэмжинэ гэж хоёр талаас гэрээ байгуулахдаа заасан ч Шинэчлэлийн Засгийн газар алдаа багагүй гаргаж байна. “Шударга ёс” эвслийн хувьд эе эвийг хичээж нэлээд явсан, хоёр талдаа ойлголцоод Н.Энхбаяр даргыг маань хэлмэгдүүлэлтээс гаргах болов уу гэж нэлээд харлаа, үргэлжилсээр л байна. Тэгэхээр энэ хэлмэгдүүлэлтийг зогсоохын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо аль нэг улстөрийн хүчинтэй эвсэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй.
-Ирэх долоо хоногоос Бага чуулган хуралдах юм шиг. Түүний өмнө МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдах сураг гарсан. Тэр хурлуудаар хэлэлцэгдэх асуудлын тэргүүнд Н.Энхбаяр гэдэг хүн байх нь дээ?
-Бага чуулганаар хэлэлцэх асуудлын талаар танилцаагүй байна. Гүйцэтгэх зөвлөлөөр бол 2013 оныг намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх талаар ярилцана гэж байсан. Энэ асуудал хэлэлцэгдэх болов уу. Гэхдээ Бага чуулганы гишүүд Н.Энхбаяр даргын талаар ярьж таарна.
-Н.Энхбаяр даргын эрүүл мэнд ямар байгаа вэ. Даралт нь унасан гэх мэдээлэл цацагдсаны дараа Ганжуур Данжуурыг орчуулж байна гэж дуулдсан. Тэгэхээр гайгүй ч юм шиг?
-Эмчилгээ хийгдэхгүй байна шүү дээ. Нэгэнтээ шаардлагатай эмчилгээг хийхгүй болохоор Н.Энхбаяр дарга маань өөрөө их оюунлаг учраас өөрийнхөө өвчнийг ялан дийлэхийн тулд сэтгэлийн хувьд тийм зүйл хийхийг үгүйсгэх аргагүй. Сэтгэлийн их хаттай хүн тулдаа өдий хүртэл тэсч байна. Монгол Улсад 11 хоног хуурай өлсгөлөн зарласан хэн байгаа юм бэ, Н.Энхбаяр даргаас өөр. Ийм байдалд орсон хүнийг эмчилсэн түүх ч манайд алга байна. Уг нь Эрүүл мэндийн яамнаас комиссын шийдвэр гараад Хоёрдугаар эмнэлэгт эмчлэх шаардлагатай гээд байхад эмчлүүлэх эрх өгөхгүй байна.
-Хорих 401 дүгээр анги эмнэлэгтэй шүү дээ?
-Яах вэ дээ бие эрхтний үйл ажиллагааг нь дэмжих эмчилгээ хийж байгаа болохоос биш өөр ямар ч арга хэмжээ авахгүй байгаа шүү дээ.
-Н.Энхбаяр дарга хоёр нам нэгдэх асуудалд ямар байр суурьтай байгаа бол?
-Шинийн гурванд очиж золгосноос хойш уулзаж чадсангүй. Тийм болохоор энэ асуудлаар Н.Энхбаяр даргатай санал бодол солилцоогүй. Өчигдөр Төв аймагт ажилласан, өнөөдөр Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвөөр орлоо. УИХ-ын даргын зөвлөлийн хурал боллоо. Ар араас ажил товлогдоод даргыгаа ч эргэх завгүй л явна. Биеийн байдал нь ямар байгаа бол гэж бодохоор сэтгэл л өвдөж байна. Санаа зовохоос цаашгүй л байна даа.