Эрүүл мэндийн даатгалын хураамжийг нэмнэ
Монгол Улсад иргэний эрүүл мэндийн даатгалын талаар бусадтай хуваалцах ололт, амжилтаас гадна зайлшгүй, шийдэх олон асуудал байгаа аж. Тиймээс өнгөрсөн 20 жилийн хугацаанд хуримтлуулсан сургамж, цаашдын зорилтыг тодорхойлох Олон улсын бага чуулган өчигдөр болов.
Манай орон бусад улстай харьцуулахад эрүүл мэндийн даатгал төлөлтөөр өндөр. Ер нь хамгийн багадаа нийт хүн амын 80 хувь нь энэ төрлийн даатгалд хамрагдсан аж. Зарим үед энэ үзүүлэлт 100 хувьд хүрч байсныг чуулганд оролцогчид хэлж байлаа. Харин мөнгөн хураамж нь бусад улстай харьцуулахад тун бага байдаг гэнэ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал
Тиймээс энэ хураамжийг нэмэх талаар салбарын түвшинд ярьж эхэлжээ. Уг хураамжийг нэмэхэд нэг хүндрэлтэй асуудал байгаа аж. Тэр нь төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцдаг бүлэг хүнийг яах вэ гэдэг асуудал. Хэрэв даатгалын хураамжийг нэмбэл, энэ хүмүүсийн өмнөөс төрд ирэх ачаалал өснө.
Үүнийг төр дааж чадах уу гэсэн асуудал байгаа аж. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал удахгүй хэлэлцэх Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд хураамжийн хэмжээг нэмэхээр тусгасан гэдгийг өчигдөр хэлж байв. Гэхдээ ямар байддаар нэмэх төр өөрийн даах хэмжээгээ харж байж шийдэх гэсэн юм. Ер нь манай улс Эрүүл мэндийн даатгалын сангаа боловсронгуй болгох үүднээс даатгалын хуулиа олон удаа өөрчилсөн.
Харин одоо хэлэлцэх хуулиар эрүүл мэндийн даатгалын газрыг аль нэг яамны харьяанд бус бие даасан хэлбэрээр байгуулахаар тусгаж байгаа аж. Ингэснээр даатгалын санг зөв удирдаж чадна хэмээн харж байгаа гэнэ. Мөн эрүүл мэндтэй холбоотойгоор иргэдэд ирэх ачааллыг бууруулахад даатгалын тогтолцооны шинэчлэл чиглэгдэж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлж байв. Ялангуяа өндөр өртөгтэй, урт хугацаанд эмчлэх өвчтэй хүмүүсийн тусламж үйлчилгээг даатгалд хамруулах ажиллагааг хуулиар зохицуулах юм байна.
Манай улс элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог.
Тухайлбал, Манай улс элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог. Гэвч ийм өвчтэй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан атлаа даатгалын сангаас ямар нэгэн тусламж үйлчилгээ авч чадаагүй хохироод үлддэг аж. Өчигдөр болсон бага хуралд найман орны төлөөлөгч ирсэн байв.
Хүн амын тоогоороо манайхтай ижил шахуу Литва улсын хувьд эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэхээр төсөвлөж байгаа бүх мөнгийг нэг санд төвлөрүүлдэг байна. Литва улс үүнийгээ “нэг худалдан авагчийн тогтолцоо” хэмээн нэрлэдэг аж. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад оновчтой хуваарилалт хийх, чанарыг нь сайжруулах боломжийг олгодог гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн даатгалын корпорацийн захирал Гантарис Касевичус өөрийн орны туршлагаа хуваалцсан юм. Бага чуулган өнөөдөр мөн үргэлжилнэ.