Иргэн бүрийг цахим карттай болгоно
Эрүүл мэндийн сайд Н.Удвал:
2013.09.12

Иргэн бүрийг цахим карттай болгоно

Манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл, үр дүнд хяналт тавьдаг механизм байдаггүй.

Уг нь даатгалын байгууллага нь биеэ даасан аль ч яамнаас хамааралгүй үйл ажиллагаагаа явуулдаг, даатгалын сангаа зөв удирдах юм бол даатгуулагчдад үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт тавих бүрэн боломжтой.

Ингэж чадвал өнөөдөр бий болоод байгаа алдаа дутагдал эрс буурна. Нөгөөтэйгүүр иргэний эрүүл мэндийн даатгалын хуулиараа иргэдээ цахим карттай болгох зорилт дэвшүүлж байна. Тухайн хүний бүх мэдээлэл багтсан цахим картаа хаана ч ашиглах бүрэн боломжтой болох шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна.

Манай улсад элэгний хорт хавдар, элгээ яаралтай солиулах шаардлагатай иргэдийн тоо маш өндөр байна. Энэ үйлчилгээний өртөг нь өндөр. Тиймээс элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг үндэсний хэмжээнд бүх нийтийг хамруулж даатгалын сангаас санхүүжүүлэх ажлыг Эрүүл мэндийн яам санаачлаад байна.

Эрсдэлт бүлгийн иргэдээ элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах ажлыг нэн түрүүнд эхлүүлнэ.

Тэр дундаа эрсдэлт бүлгийн иргэдээ элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах ажлыг нэн түрүүнд эхлүүлнэ. Энэ мэтчилэн өндөр өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлж иргэдийн нуруун дээрх ачааг багасгах зорилт тавьж байгаа.

Түүнчлэн эмнэлэг бүр үр дүнд суурилсан чанартай тусламж үзүүлдэг засаглалд шилжих ёстой. Даатгалын сангаас санхүүжиж байгаа ч авсан үйлчилгээ нь чанартай, даатгалын сангийн үр ашгийг дээшлүүлсэн, эрүүл мэндийн нийгмийн үр ашигтай системд эмнэлгүүд шилжих нь чухал.

Энэ нь нэг талаас даатгалын сангаас өгөх мөнгө нөгөө талаас даатгуулагчийн эрүүл мэндийн эрх ашиг, даатгалын санхүүжилтын зохицуулалтад орох оролцоо, эмнэлгийн тусламжийн үйлчилгээний чанар аюулгүй байдал бүрэн хангагдах цогц бодлого болж байгаа юм.