Н.Удвал: Өмнөх хүмүүсийн өв залгамжлагч шиг ажиллаж байжээ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.08.26

Н.Удвал: Өмнөх хүмүүсийн өв залгамжлагч шиг ажиллаж байжээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал саяхан Монголд ирээд явсан,ямар сэтгэгдэлтэй буцсан бол. Салбарын сайдын хувьд та айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-ДЭМБ-ын ерөнхий захирал, хатагтай Маргарет Чан Эрүүл мэндийн сайдын урилгаар Монголд дөрөв хоног айлчлал хийгээд буцсан. Энэ айлчлал Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хувьд маш томоохон түүхэн айлчлал болсон гэж үзэж байна. ДЭМБ-ын ерөнхий захирал сүүлийн 22 жилд анх удаа   Монголд  ирж айлчиллаа. Айлчлалын дүнд нэг асуудлыг ихээхэн онцолсон.

Тэр нь Эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эмнэлэг, эмч нарын асуудал биш. Хүний эрүүл мэндэд бусад салбарын оролцоо онцгой ач холбогдолтой байдаг. Ялангуяа нийт эрүүл мэндийн асуудлуудын дөнгөж 25 хувь нь эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилтнуудаас шалтгаалдаг.

45 хувь нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг үлдсэн хэсэг нь бусад салбараас шалтгаалдаг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аль хэдийнээ нотолсон байдаг.  ДЭМБ-ын ерөнхий захирлын айлчлал  зөвхөн эрүүл мэндийн салбарын хүрээнд болж өнгөрөөгүй, ихээхэн өргөн цар хүрээг хамарсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, ялангуяа халдварт бус өвчинд  зонхилон нөлөөлж  байгаа архины асуудал, түүнийг хэтрүүлэн хэрэглэж буйг таслан зогсооход Засгийн газрууд олон улсын төвшинд ямар ажил хийх боломж байгаа талаар санал солилцсон. 

Ерөнхийлөгчийн санаачилсан архины хортой хэрэглээний эсрэг конвенцийн ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүдтэй уулзаж эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар ярилцсан.

Мөн айлчлалын үеэр Ази Номхон далайн бүсийн ажиглалт судалгааны байгууллагаас хийсэн Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын тогтолцооны тухай тойм судалгааны тайлангийн нээлтийг хийсэн. Танилцуулгын нээлтэд Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож  эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын талаар үг хэлсэн.

ДЭМБ-ын ерөнхий захирлын зүгээс миний түрүүнд дурьдсан эрүүл мэндийн асуудлаарх бусад салбарын оролцооны талаар яриад Монголд эрүүл мэндийн байдлыг сайжруулах асар их бололцоо байгааг онцлон дурьдсан. Ази Номхон далайн бүсийн ажиглалт судалгааны байгууллага намайг Удирдах зөвлөлдөө орохыг урьсан.

-Тухайлбал, зардал, хүндрэл учрахгүйгээр шийдчих хамгийн наад захын боломж, бололцоогоор  юуг онцолсон бэ?

-Монголын хүн амын дийлэнх олонхи нь бичиг үсэгтэй. Тэгэхээр хэвлэл мэдээллийн болон бусад хэрэгслүүдээр эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг явуулж иргэдээ энэ талын мэдлэгтэй болгож, эрүүл мэндээ хамгаалах эрүүл зан үйлтэй болгосноор эрүүл хүний тоо нэмэгдэж, өвчлөл буурч, эмнэлэгт очих хүний тоо цөөрнө.

Тиймээс төсөв, хөрөнгийнхөө ихэнхийг эрүүл мэндийн анхан шатны тусламж буюу нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд чиглүүлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, өндөр технологи, том эмнэлгээр  хөөцөлдөөд амжилт олсон орон дэлхийд нэг ч байхгүй. Тиймээс  тусламж үйлчилгээг хүргэх хамгийн сайн арга нь урьдчилсан сэргийлэх ажил байдаг.

Энэ бол өрх, сумын эмнэлгийн үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  сайжруулах явдал  юм гэдгийг онцлон дурьдсан байгаа. Мөн агаарын бохирдлоо бууруулж чадвал уушгины өвчлөл багасна, жолооч нарыг хурдаа тохируулж, архи уусан үедээ жолоо барьдаггүй, хамгаалалтын бүсээ зүүхээс эхлээд дүрмээ биелүүлдэг болгочихвол зам тээврийн осол буурч, түүнийг дагаад  гэмтлийн эмнэлгийн ачаалал багасна.

Өрхийн эрүүл мэндийн санхүүжилт

Хүн гэмтэж, бэртээд эмнэлэгт ирнэ гэдэг хамгийн сүүлийн шат, түүнээс сэргийлэх бусад салбаруудын үйл ажиллагаатай холбоотой  өдий төдий боломж байдаг. Түүнийг шийдэхгүйгээр эрүүл мэндийн салбарын ажлын үр дүн дээшлэхгүй. Тухайлбал, дунд сургуулиас нь эхлээд сурагчдад эрүүл мэндийн боловсролын хичээлийг математик, хими, физикийн хичээл шиг заадаг бол хүсээгүй жирэмслэлт охидын дунд гарахгүй.

Хүүхдүүд халдварт шар өвчнөөр өвчлөхгүй. Гэтэл эмнэлэгт ирж байгаа нь маш оройтож байгаа гэсэн үг. Тиймээс бусад салбарын оролцоог сайжруулах шаардлагатай байна. Уул уурхай гэхэд л тоосжилт, гэмтэл бэртэл, ослууд, цөлжилт, ундны усны хомсдолд хүргэж байгаагаа ойлгож дээрхи асуудлуудыг бууруулахад хөрөнгө оруулдаг бол олон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чадна.

Хөдөө орон нутаг, гэр хороололд хөрсний бохирдол их байна. Ундны усны чанар, эрүүл ахуйн бололцоо, нөхцөл зэрэг олон асуудлууд нь хүн амын өвчлөлийг нэмэгдүүлэх, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэх шууд шалтгаан болж байгаа юм. Үүнийг ярихгүйгээр, энэ чиглэлийн ажил хийхгүйгээр эрүүл мэндийн салбарт ямар ч өөрчлөлт гарахгүй.

Тиймээс энэ бүх асуудлыг шийдэж, бусад салбарын оролцоогоор хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц ахиц гаргахад нөлөөлж чадах хүн бол та гэдгийг ДЭМБ-ын Ерөнхийлөгч манай Засгийн газрын тэргүүнд хүргэж чадсанаараа эрүүл мэндийн төлөөх бусад салбарын оролцоог  нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болсон.

-Тэр илтгэлийн нээлтэд илтгэл тавьсан. Түүгээр ямар асуудлыг онцолж, ДЭМБ-ын ерөнхий захирал төдийгүй, төр, засгийн  анхааралд хүргэж чадсан гэж үзэж байна вэ?

-Би “Улс төрийн эдийн засаг ба эрүүл мэнд”  сэдэвт илтгэл тавьсан. Нэлээд тодорхой асуудлуудыг тусгасан. Улс төрийн бодлого эдийн засгийн тооцоо судалгаа шаарддаг. Тиймээс улс төрийн намуудын тооцоо, судалгаагүй хариуцлагагүй амлалтууд эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлсэн гэдгийг онцолсон.

Хэдийгээр сайн бодлого хэрнээ ямар үр дүн, үр дагавар гарах талаар  эдийн засгийн тооцоо судалгаа хийгээгүй байх нь улс төрийн бодлогын том алдаа юм.. Жишээ нь, хүүхдийн мөнгө, шинээр төрсөн хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн мөнгө гээд сайхан хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн.

Тэгвэл түүнтэй хамт тухайн үеийн эрх баригчид төрөлт нэмэгдэх үед эхчүүдийг хаана төрүүлэх, шинээр төрсөн хүүхдүүдийг хаана эмчлэх вэ, шинээр төрсөн хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийг яах вэ гэдгээ давхар тооцох ёстой байсан. Тэгвэл 2005 онд 45 мянган эх төрж байсан бол 2010 онд 82 мянган эх төрж  тоо нь хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Гэтэл шинээр баригдсан эмнэлэг, ашиглалтад орж буй цэцэрлэг, сургууль алга.

Хүүхдийн эмнэлэг байхгүй, хүүхдийн эмчийн ангийг хаасан, эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч нараа шаардлагын хэмжээнд хүртэл бэлдээгүй байх жишээтэй. Хэдийгээр амаржих газруудыг шинээр барьж байгуулах ажлууд хийгдэж байгаа боловч түүний үр шимийг  өдийг хүртэл тулгар эхчүүд, нялх нярай хүүхдүүд хүртэж чадаагүй байх жишээтэй.

Цалин хөлс нь муу учраас ажилтан авах гээд ч хүн ирдэггүй. Эрүүл мэндийн салбарт хандаж буй улс төр, нийгмийн хандлага нь олон сөрөг үр дагаврыг авчирч байгаа. Иймд улс төрийн эдийн засгийн асуудлыг анхаарах ёстой гэсэн асуудлыг хөндөж тавилаа.

-Ярилцлагын сэдвээс жаахан халиад  танай яамны дотоод асуудлын талаар асуувал та дургүйцэхгүй биз дээ. Учир нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Хатанбаатар саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө  таныг “Яамаа хувийн компани шигээ  удирдаж ажиллуулдаг”гэсэн байсан. Энэ үнэн үү?

-Би хувийн салбарт нэг ч өдөр ажиллаж үзээгүй учраас хувийн компани яаж ажилладагийг мэдэхгүй. Сургууль төгсөөд сумын эмнэлгээс эхлээд аймгийн эмнэлэг, улсын төрөлжсөн эмнэлэг, Эрүүл мэндийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга, дэд сайд, өнөөдөр салбарын сайдаар ажиллах хүртэл би төрийн байгууллагад хэрхэн ажилладаг вэ гэдгийг л мэднэ.

Тиймээс төрд ажиллаж ирсэн  жишгээр яам, салбараа ажиллуулах зорилт тавьдаг. Аль ч салбарын сайд ийм зорилттой байдаг гэж боддог. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Хатанбаатар  Засгийн газрын тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн. Сүүлийн үед эрүүл мэндийн салбартай холбоотой гарч байгаа бүх сөрөг мэдээлэл тэр хүний санаачилга, санхүүжилтээр зохион байгуулалттайгаар  гарч байгаа.

Бид хэрэлдэж, зөрөлдөж, ам мурийж байсангүй. Энэ байдлыг авилгатай тэмцэх, шударга ёсыг тогтоох миний тэмцэлд тохиолдож байгаа нэг бэрхшээл гэж үзэж байгаа. Хувь хүний талаас ярихаас илүү би үүнийг төрийн албанд бий болсон гаж үзэгдэл гэж тайлбарлана. Ж.Хатанбаатар  хэвлэлээр ярилцлага өгөхдөө олон зүйлийг ярьсан байна. Түүнийг би хүний нэр төрд бүдүүлгээр халдаж гүтгэсэн гэж дүгнэж байна.

Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүний нэр төрийг гутааж, гүтгэн доромжлох нь эрүүгийн гэмт хэрэг байдаг. Өөх ч биш булчирхай ч биш юм бичиж энэ байдал цаашид үргэлжлэх хандлагатай байгаа учраас би үнэн зөв, албан ёсны мэдээллийг олон түмэнд хүргэж эргэлзээг нь тайлах нь миний ёс суртахууны үүрэг гэж үзэж байна.

-Ингэх байсан юм бол та яах гэж тэр хүнийг Төрийн нарийн бичгийн даргаараа томилуулсан юм бэ?Та хоёрыг нэг намынх учраас гар нийлнэ,  тийм ч учраас   салбарын сайд багаа бүрдүүллээ  гэж олон нийт ойлгож хүлээж авсан шүү дээ, тухайн үед?

-Би түрүүн хэлсэн, хувийн таарамжгүй харилцаа гэхээс илүү үүнийг төрийн албанд бий болсон гаж үзэгдэл, нөгөө талаас гэмт үйлдлүүд  гэж үзэж  байгаа. Женевт болсон ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлийн хуралд намайг яваад иртэл Төрийн нарийн бичгийн дарга маань нэлээд турж, хувцас нь томдчихсон, санаа алдаад нэг л сонин болчихсон байсан. Тэгээд би өөрөөс нь асуулаа “Чамд нэг зовлон байна, тэр чинь юу вэ.

Эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эмнэлэг, эмч нарын асуудал биш.

Надад хэлээрэй, наад зовлон чинь миний зовлон. Би хуваалцана шүү. Хоёулаа өдөрт хоёр удаа уулзаж байя. Тэгээд  ажил төрлийн талаархи мэдээллээ нэгтгээд нэгдсэн нэг мэдээллийг яам руу гаа гаргаж байя. Яамны ажилтнуудын дунд ямар нэг үл ойлголцол буй болбол та бид хоёрын муугийнх шүү” гэж би хэлсэн.

Сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёрын хооронд хамгийн сүүлд  болсон албан яриа гэх үү дээ. Хүн үнэмшмээргүй ч хэлэхээс аргагүй, ний нуугүй хэлэхэд сүүлийн дөрвөөс таван сарын хугацаанд бид хоёр огт уулзаагүй. Дуудахаар орж ирдэггүй, утсаа авдаггүй,сайдынхаа Засгийн газар, Ерөнхий сайдад явуулсан албан бичигт дугаар авахад  “Хэн үүнд дугаар өгсөн бэ” гэж  ажилтнуудаа дарамталж уйлуулдаг ийм л даргатай байлаа.

Энэ байдлыг би сонгуулийн өмнө намынхаа дэд даргад хэлсэн. Яагаад гэвэл, Төрийн нарийн бичгийн даргыг санал болгож томилуулсан гол хүн нь намын дэд дарга. Анх ажилд томилохын өмнө би “Сайдынхаа эсрэг ажиллаад, өрсөлдөөд, үгийг нь үл тоох юм бол хамтарч ажиллахгүй шүү гэдгийг  цаад хүндээ заавал анхааруулаарай” гэж олон туршлагатай улс төрч зөвлөсний дагуу өөрт нь хэлж анхааруулсан.

Энэ асуудал дээр бид хоёр ойлголцоод Засгийн газрын хуралдаанаар орсон. Өнөөдөр энэ яриа эсрэгээрээ бусад хүн өөрт нь миний тухай анхааруулсан мэт ташаа мэдээлэгдсэн байна лээ.

-Сайд нь намынхаа  дэд даргын өрөөнд хурал зохион байгуулаад, яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг чичлээд байсан гэдэг нь ямар учиртай юм? 

-Нэгэнт намын дэд даргын санал болгож томилуулсан  Төрийн нарийн бичгийн дарга ажлаа хийхгүй, яамны өдөр тутмын үйл хэвийн үйл ажиллагаа илт доголдсон учраас би “Энэ хүнээ татаж ав” гэж Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарт хандсан.

Төрийн албаны үйл ажиллагааг хаалттай байлгах, өөрийнхөө хүссэнээр дарангуйлж,ажлын байранд дарамт стресс,заналхийлэл үүсгэхийг би хүлээн зөвшөөрөөгүй. Ийм байдал манай яаманд бий болсон байсан. Тиймээс би “Стрессгүй ажлын байр” гэсэн тушаал гаргаж, ажлын байрны стресс гарвал түүнийг бүртгэе гэсэн санал дэвшүүлсэн.

Учир нь ажилтнуудаа дарамталдаг, энэ тухайгаа сайдад хэлбэл ховлолоо гэж дарамталдаг, уйлуулдаг байдал газар авсан.  Тэгээд “Надтай муудсан хүн сайнаа үздэггүй. Нус нулимстайгаа холилдоод үлддэг юм шүү” гэж нэг биш хүнийг дарамталсан байдаг. Хүн ямар нэгэн хар домын ид шидтэй байж болно.

Түүгээрээ төрийн албаны аль нэгэн байгууллагад хүчирхийлэл, дарангуйлал, заналхийлэл үүсгэж хүссэнээрээ бусдыг дарамталдаг байдлыг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Энэ бол төрийн жинхэнэ албан хаагчид байж боломгүй ёс зүйгүй асуудал. Ажлын чадвар дутсан, хариуцлага алдсан, олон асуудал түүнд  бий.

-Тухайлбал?

Жишээ нь: Эрүүл мэндийн яамнаас  жил бүр эмнэлэг рашаан сувилалын орны хязгаарыг баталж өгдөг журамтай. Би энэ асуудлыг Ж.Хатанбаатар даргыг шийдвэрлэ гэж үүрэг өгсөн. Гэтэл Өмнөговиос над руу утасдаад “Манай аймагт 150 ор нэмчихсэн байна. Манайд хүлээгдэл байхгүй, бидэнд ор хэрэггүй” гэсэн.

Дараа нь хөдөө орон нутагт явж байтал нэг хувийн эмнэлэгт 50 ор нэмсэн, танай яаман дээр маш их авлигын асуудал байдаг. Нэг орыг бараг 500 мянган төгрөгөөр үнэлэн зөвшөөрөл өгдөг, түүнийг нь мөн эмнэлгүүд хоорондоо зардаг гэж эмч нар хэлсэн. Утсаар ч энэ талаар олон хүн ярьсан. Ингээд би Ж.Хатанбаатар даргыг дуудаж  энэ тушаалаа хүчингүй болго.

Та нар буруу юм хийсэн байна гэсэн асуудал тавьсан. Хамгийн гол нь тэр тушаалд хувийн сонирхол асар их орсон байсан. Тухайлбал,  2011 оны сайдын тушаалаар  “Богд уул” гэдэг сувилалд 30 ор  өгсөн байгаа юм.

-Ж.Хатанбаатар гуайн сувилал биз дээ?

-Хүмүүс тэгж  ярьдаг ч үнэн, худлыг би мэдэхгүй. Одоо 2013 оны тушаалд болохоор “Богд уул” сувилалд 100 ор тавиад, түүнийгээ 100 хувь эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр тусгасан байна. Мөн “Хасу Шивэрт” рашаан сувилалын эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжиж байсан 80 орон дээр шинээр 170 ор нэмж өгчээ.

Дээр нь “Хасу манал” шинэ сувилалд 20 ор , “Хасу хандгайт” сувилалд 40 ор эрүүл мэндийн даатгалын сангаас тус тус  санхүүжүүлэхээр нэмж олгожээ. Энэ мэтчилэнгээр хэдэн мянгаар ор нэмэгдүүлж шаардлагагүй тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахаар шийдвэр гаргуулсныг тэр дор нь засах гэтэл хөдлөөгүй.

Ингээд би бичиг баримт боловсруулсан албан тушаалтныг   дуудаж  өөрчлөх үүрэг өгсөн. Тэр хүн ажлаа хаяад явчихсан. Ийм юм хийчихээд алга болчихдог юм зуршилтай юм билээ. Төрийн нарийн бичгийн дарга ажлаас чөлөөлөгдөх хүртлээ үүнийгээ өөрчлөөгүй. Саяхан бас яг үүнтэй адил тусгай зөвшөөрлийн нэг тушаал над дээр орж ирсэн.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник гэж бий. Хүн болгон “Хатанбаатарын эмнэлэг” гэж ярьдаг. Тэр эмнэлэгт эм үйлдвэрлэх зөвшөөрөл өгчээ. Гэтэл өөрөө тусгай зөвшөөрлийн комиссын дарга шүү дээ. Эмнэлэгтээ уламжлалт эмнэлгийн эм үйлдвэрлэх зөвшөөрөл өгсөн. Энэ тушаалд нь би гарын үсэг зураагүй. Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн.

Одоо бид эмнэлгийн ор, тусгай зөвшөөрлийн асуудлаар зөвлөх баг авч ажиллуулж, үнэлгээ дүгнэлт өгч тооцоо, судалгааг нь хийлгэж байна. Даатгалын мөнгийг хэрэгцээтэй тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа хүнд нь зарцуулж чадахгүй, хэдэн хүний бизнес болгож болохгүй.

Тусгай зөвшөөрөл ч үүнтэй адил. Тусгай зөвшөөрөл  нэрийн доор эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг буруугаар ашиглаж, ашиг орлого олдог механизм  эрүүл мэндийн салбарт үүссэн байна.

-Та сая хоёр асуудал ярилаа. Эдгээр асуудлын баримуудыг хуулбарлан авч  болох уу?

-Надад баримтууд нь бий. Үзэж, хуулбарлан авч болно.

-Энд байгаа Эрүүл мэндийн технологийн  нэгдсэн бодлого батлах тухай гэсэн тушаал ямар учиртай юм бол?

-Эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлого сайдын тушаалаар батлагдсан байхад  яг тэр өдрөө  Эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тушаал төлөвлөж  удирдамжид нь гарын үсэг зурж, төсвийг нь  4.8 сая төгрөгөөр  баталж надаар гарын үсэг зуруулахаар оруулж ирсэн.

Түүнчлэн 2012 оны есдүгээр сарын 28-нд гаргасан Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаа томилсон тушаал нь “Төрийн нарийн бичгийн даргын  2012 оны 219 дүгээр тушаалын 2-т заасан Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар Д.Адъяахүү гэснийг Д.Дамдиндорж гэж өөрчилсүгэй” гэж гарсан байх жишээтэй.

 Энэ мэт нийт хүний нөөц болон худалдан авах ажиллагаатай холбоотой 30 гаруй тушаал нь хууль зөрчиж гарсан байна. Ийм байдлаар Төрийн нарийн бичгийн дарга маань ажлаа явуулж байсан байгаа юм.

-Хамгийн хариуцлагагүй гэж болох ямар алдаа, дутагдал байв, Төрийн нарийн бичгийн  дарга асанд?

 - Сайдтайгаа уулзахгүй, утсаа авахгүй тойрч давхиад байсны учир нь тайлагдсан. Хуучин төрийн нарийн бичгийн дарга маань өмнөх хүмүүсийн өв залгамжлагч шиг ажиллаж байжээ. Эрүүл мэндийн яам зохион байгуулах ёстой байсан 26  барилгын ажил, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж худалдан авах  ажлууд байсан. Тэр талаар сайдын гаргасан тушаал байгаа.

Эдгээр ажлуудыг цаг хугацаанд нь хийж, тендерийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Төрийн болон  орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн дагуу явуулах, төсвийн тухай хуулийг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Гэтэл хугацаа алдаж хууль зөрчсөний улмаас эдгээр ажлууд огт хийгдээгүй, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил зогссон байсан.

-Эрүүл мэндийн яамыг тендерийн асуудлаар шүүхэд өгсөн гэл үү, өгөх гэж байгаа гэв үү, нэг тийм мэдээлэл сонсогдож байсан. Юу болсон юм бэ?

-Сангийн яамнаас хэд хэдэн тендерийг  хүчингүй болгож, дахин зарла гэсэн шийдвэрийг Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн юм билээ. Энэ тухай би шинэ Төрийн нарийн бичгийн даргатай болсон хойноо мэдсэн. Энэ тухай сайдад ямар ч мэдээлэл өгдөггүй байсан. Ж.Хатанбаатар бүх юмаа нуудаг, дардаг байсан.

Ямар нэгэн байдлаар ажилтнууд нь энэ талаар хэлчих юм бол “Чи муугаа үзнэ шүү” гээд дарамталчихдаг учраас маш ноцтой байдал үүссэн. Сангийн яаманд Хавдар судлалын үндэсний төвд тоног төхөөрөмж нийлүүлэх ,

Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалттай холбогдуулан компаниудаас гомдол ирүүлсний дагуу холбогдох баримтуудыг хянан шалгаад тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулж,

Тендерийг хуулийн дагуу зохион байгуулж чадаагүй этгээдүүдэд холбогдох арга хэмжээг авах талаар Сангийн яамнаас  бичиг ирүүлсэн. Төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулах үүргийг  албан ёсоор  тавдугаар сарын 28-ны өдөр  өгсөн байхад  тэр өдөр нь ялсан компаниудтай гэрээ байгуулсан байгаа юм.

Энэ тендерүүдийн сонгон шалгаруулалтыг дахин зарлаж байгаа.Гэтэл тендерт оролцож гэрээ байгуулсан компаниуд нь санхүүжилтээ аваагүй байж тоног төхөөрөмжөө оруулаад ирсэн гээд хохирол нэхээд гомдол гаргаад шүүхээр явж байгаа.

Төрийн мөнгийг, татвар төлөгчдийн мөнгийг хэн дуртай этгээд нь үрэн таран хийхийг би л лав хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй.  Сая шинэ Төрийн нарийн бичгийн даргатай болж байж энэ талаар бүх мэдээллийг олж мэдсэн учраас  яамны зүгээс тендерийн сонгон шалгаруулалтыг зохих ёсоор зохион байгуулж чадаагүй үнэлгээний хорооны гишүүдэд хариуцлага тооцох бөгөөд хууль зөрчиж гэрээ байгуулсан.

Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Хатанбаатарын энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар, шалгарсан компаниудад учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээр төлүүлэхээр холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж байгаа. Энэ мэтээр цалгардсан олон ажил манай яаманд байна.

-Одоо асуултаа өөрчлөөд арай өөр сэдэв рүү оръё. Ингэхэд та сайхан наадсан уу, танай Архангай аймгийн 90 жилийн ой сайхан болсон уу. Наадамд очихдоо та бас  улс төрийн янз бүрийн яриа гаргасан  юм уу, Ж.Хатанбаатар гуай ярилцлагадаа тэгж хэлсэн байсан?

-Архангайн аймгийн 90 жилийн ой болсон, би нутгийнхаа ойд очих хүсэлтэй байлаа. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга  маань Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөлтгөлийн барилгатай холбоотой асуудлаар яаралтай санал солилцох хүсэлт тавьсан учраас Шаргалжуутад хэд хоног сувилуулж байснаа орхиод, наадамд явахаа ч хойш тавиад,  хот руу шууд ирсэн. Шаргалжуутаас нутгийнхаа наадам руу очих төлөвлөгөөтэй байсан юм уг нь. Тиймээс би Архангайд очоогүй, тэнд очоогүй юм чинь тэр мэдээлэл худлаа.

Хотод дуудагдсан асуудал нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын тендерт ялсан компаны санхүүжилттэй холбоотой асуудал байсан.  Төрийн нарийн бичгийн дарга маань “Танай намын томоохон санхүүжүүлэгч компанитай холбоотой гомдол дагуулсан тендерийн асуудал байна.

Яаралтай санхүүжилтийг шийдвэрлүүлэх асуудлыг танай намын зүгээс тавиад байна” гэсэн. Би гайхаад, нөгөө талаас бас сонирхоод “Та битгий мөнгөө шилжүүлээрэй. Би очоод учрыг олъё” гэсэн. Энэ талаар надад бас л мэдээлэл байгаагүй, Ж.Хатанбаатар дарга хав дарсан байсан.

МАХН–д том битгий хэл жижиг санхүүжүүлэгч байхгүй. Би тэр манай намын санхүүжүүлэгч гээд байгаа хүнтэй нь уулзлаа. Хэзээ юуг санхүүжүүлсэн бэ гэж лавлахад  “Би саяын сонгуульд бол нэг ч төгрөг өгөөгүй. Уг нь бол санхүүжүүлж байсан” гэж тэр хүн ярьсан. “Хар чонот” гэдэг   нэртэй компани  Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн тендерт шалгараад гэрээгээ хийчихсэн байсан.

Энэ компаны талаар маш олон гомдол ирсэн байсан. Хар чонот компани нь урьд жилүүдэд Хэнтий аймагт спорт цогцолбор, Тэмүүжин цогцолбор, Дадал суманд 75 хүүхдийн цэцэрлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын гүйцэтгэгчээр  ажилласан.

Барьсан барилгууд нь чанарын ямар ч шаардлага хангаагүй гэсэн асуудлыг аймгийнх нь Засаг даргын Тамгын газар гэхэд л бүтэн дөрвөн жил хөөцөлдөж, холбогдох газруудад бичиг захидал илгээсэн. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар бас манай яаманд дүгнэлтүүдээ ирүүлээд асуудлыг анхаараач гэсэн байсан.

Мөн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар  “Та бүхэн ард иргэдийн эрх ашгийг хангахуйц компаниар ажил гүйцэтгүүлж өгөөч” гээд бүх ажлынх нь гүйцэтгэлийг  нотлох баримттай нь яаманд ирүүлсэн байсан. Хамгийн анхаарал татсан асуудал бол тендер зарлахдаа ганцхан “Хар чонот” компанид зориулж “Хэнтий аймагт дөрвөн тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил  хийсэн байх ёстой" гэж шалгуур тавиад ганцхан компани оролцож түүнийг шалгаруулсан байсан. Ганцхан компани орсон тендер гэж байж болох уу? Хамгийн сайн гэж үнэлэгдсэн компанитай захиалагч гэрээ байгуулах ёстой.

Ийм  ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийсэн нь илэрсэн.Түүнчлэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн заалтуудыг зөрчсөн нь ч илэрсэн. Тэгэхээр сайд энэ асуудалд анхаарахаас аргагүй.

Одоо ч  араасаа өчнөөн гомдол чирэгдэл  дагуулсан олон бичиг захиа сайдын нэр дээр ирж байна шүү дээ. Тиймээс бид хуулийн дагуу гэрээний холбогдох зүйл заалтуудыг үндэслэл болгон тухайн компанитай байгуулсан гэрээг хүчингүй болгож, тендерийг дахин зарлахаар болсон.

-Ж.Хатанбаатар гуай болохоор сайдаас болж бүтээн байгуулалтын ажил зогссон мэтээр ярьсан байгаа шүү дээ?

-Сайд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд бүтээн байгуулалтын талаар төрийн нарийн бичгийн дарга болон яамны ажилтнуудаас холбогдох үнэн зөв мэдээлэлийг авах ямар ч боломжгүй болж нам дамнасан, манай намын нэрийг хувийнхаа эрх ашигт ашиглаж ашиг хонжоо ологсдын гэмт халдлагад ЭМЯ өртсөн байсан учраас түүнийг нэн даруй солихгүй бол салбарын эрх ашиг хохирох гээд байсан. Түүний гаргасан алдааг засаж харин бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна.

-Тендерийн асуудлаар нэг зүйлийг тодруулж асуумаар байна,  дээрх шиг зөвхөн нэг  компанид зориулж тендер зарласан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагч нь шудрага өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, төрийн ашиг сонирхолыг дээдлэх, хувийн ашиг сонирхолын үүднээс хууль бус санал тавихгүй байх, хүлээн авахгүй байх, хууль бус үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.

Гэтэл энэ үүргийг зөрчсөн албан  тушаалтануудад холбогдох эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу арга хэмжээ ногдуулах байлгүй  дээ. Төрийн албанаас халахаас өгсүүлээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байдаг байхаа. Хууль мэдэхгүй байх нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй шүү дээ.

Энд ашиг сонирхлын зөрчлөөс илүүтэй авлигын асуудал байхыг үгүйсгэхгүй. Ийм асуудал гарч ирснээр бид бичиг баримтуудаа эргэн харж, алдаа гажуудлыг засч байна. Нуулгүй хэлэхэд их цаг алдаж байна шүү, алдаа, үр дагаврыг нь арилгах гэж. Тендер болгон асуудалтай, араасаа хэл ам дагуулсан маргаантай байна шүү дээ.

-Сайд дотоод аудитын газрыг бий болгосныг өмнөх Төрийн нарийн бичгийн дарга чинь шүүмжилсэн. Мөн таны туслахыг сайдын тамгыг авч зугтаад ажил хийлгэдэггүй гэсэнд  та ямар тайлбар хэлэх вэ?

-“Төсвийн ерөнхийлөн захирагч нь дэргэдээ дотоод аудитын хороотой байна” гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Төсвийн тухай хуулиараа байгуулах ёстой. Хороо. Сангийн яамны зөвлөмж ч гарсан.  Түүнээс хойш би дотоод аудитын хороогоо байгуулах гээд Төрийн нарийн бичгийн даргадаа хичнээн хэлээд чадаагүй. Ингээд дөрөвдүгээр сард байгуулсан.

Сайдад  бүх мэдээлэл хаалттай, байсан учраас дотоод аудит оруулж байж энэ яаманд юу болоод байгааг нь заримаас нь мэдэж авсан. Нэгэнт Төрийн нарийн бичгийн дарга нь сайдтайгаа уулзахгүй, мэдээлэхгүй байгаа учраас үүнээс өөр арга байгаагүй.

Тэр холбогдох албан тушаалтануудаар хянуулалгүйгээр нэг хүний талаар 1 өдрийн дотор 4 янзын тушаал гаргасан.Тэр нь ээлжийн амралттай хүнийг ажлаас нь халж хууль зөрчиж байсан учир сайдын туслах ийм юм гараад байх юм, тамга дарах юм уу гэж намайг Баян-Өлгий аймагт явж байхад утсаар надаас асуусан.

Би “Утсаа аваачаад өгөө, би Төрийн нарийн бичгийн даргатай яръя” гэхэд надтай яриагүй.  Энэ мэтчилэнгээр цаашид хамтран ажиллах ямар ч боломжгүйд хүрсэн.

-Сайдын явуулсан бичгийг замаас нь авч урж хаядаг гэсэн яриа гарч  байсан?

-Бүр сүүлдээ яаман дотор хэвлэлийн ажилтан гээд гурван ч хүнийг авчирч хэвлэлийн  төлөөлөгчийн маань дэргэд гэрээгээр ажиллуулаад, бичиг хэргийн ажилтанаар сайдынхаа эсрэг  хоёр хүнийг гаднаас авчирч ажиллуулсан. Тэр хүмүүс нь яамнаас гарч байгаа мэдээллийг харлуулж бичдэг,  үйлдвэрлэсэн хар мэдээгээ хэвлэлүүдэд өгдөг байсан. 

Мөн баримт бичгүүдийг хоёр хувь хувилж авдаг  хоёр хүнийг авчраад суулгачихсан. Хоёр яам шиг ажилласан шүү дээ. Энэ тухай би олон нийтэд хэлж байсангүй, харин Ерөнхий сайдад танилцуулж, төрийн ажлыг хийх чадваргүй, ёс зүйгүй ийм хүнийг ажлаас нь чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

-“Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн тухай асуумаар байна. Төсөв мөнгө нь хариуцлагагүй  зарцуулагдсан гэх яриаг бас гаргаад байгаа шүү дээ.

-Энэ санг сайд ахалдаг. Төрийн нарийн бичгийн дарга орлогч дарга нь байдаг. Сайдын хувьд 2012 оны 8-р сарын 20 –нд томилогдсон. Урьд нь хийсэн ажлууд нь ямар ажил, хэн дээр,  хаана явна гэдгийг тодруулах, тайлан тооцоог нь гаргуулах гэж бэрхшээлтэй тулгарсан.

Жилийн эцсээр тайланг нь гаргах гээд материалуудыг олж авч чаддаггүй. Тэгээд хязгаарлалттай аудитын дүгнэлт гарсан. Өмнөх Засгийн газрын үеийн хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн тайланг гүйцээж  тэр алдааг засаж залруулсан.

-Сүүлийн үед Эрүүл мэндийн яам, Төрийн албаны зөвлөл хоорондоо тэрсэлдсэн, нэг үгээр хэлбэл улс төрийн байгууллага шинжтэй  ажиллаж байгаа байдал ажиглагдаж байгаа. Энэ байдалд ажиллахад бэрхшээлтэй байгаа тухай мэдээлэл ч бидэнд ирж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Төрийн албаны зөвлөл нь төрийн байгууллагуудын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий төрийн албаны төв байгууллага шүү дээ. Яам болгон дэргэдээ Төрийн албаны салбар зөвлөлтэй. Төрийн албаны зөвлөл бол салбар зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Салбар зөвлөл өөрийн яаман дээр асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл Ж.Хатанбаатар Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэлээдгүй цагийг Төрийн албаны зөвлөл дээр  өнгөрүүлсэн ч эмнэлгүүдийн дарга нарын сонгон шалгаруулалтанд удаа дараа саад бэрхшээл учрах болсон. Нөгөөтэйгүүр, тэр Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргаж,  хяналт шалгалтыг хийлгэсэн. Гэтэл нь тэр нь нэг талыг барьсан, худлаа дүгнэлт гаргасан.

Төрийн албаны зөвлөлийн шалгалтын хэсгийн нэг ч хүн надтай уулзаагүй. Харин Ж.Хатанбаатар, Д.Дамдиндорж  тэргүүтэй хэдэн хүнээс мэдээлэл аваад бусадтай нь уулзаагүй. Төрийн албаны зөвлөл доройтно доройтно гэхэд  тэр төвшинд очтолоо унасан гэж огт бодоогүй. Гэхдээ би үүнийг төрийн албаны зөвлөлийг бүхэлдээ гэж ойлгохгүй байна.

ЭМЯ-ны төрийн албаны салбар зөвлөл баталгаажиж өдөр тутмын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байх ёстой. Төрийн албанд ажиллаж буй хэний ч асуудал энэ салбар зөвлөлөөр орж яригдаж байх учиртай байтал манай яаманд салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж өгөхгүй өнөөдрийг хүртэл  чирэгдүүлсээр байгаа. 

Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг будлиантуулсан гол хүн бол Төрийн албаны салбар зөвлөлийн дарга байсан Ж.Хатанбаатар. Шууд сонгон шалгаруулалт явуулах байсныг хойшлуулж олон юм болсон. Төрийн албаны зөвлөлөөр буруу шийдвэр гаргуулсан.

Иймд би Төрийн албаны зөвлөлийн даргатай уулзаж, төрийн захиргааны төв байгууллагын өдөр дутмын хэвийн үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулж өгөөч гэсэн асуудлыг тавьсан. Гэтэл Ж.Хатанбаатар одоо болохоор  “Би төрийн албыг саатуулаагүй” гээд хүний ярьсныг өөрөө ярьсан болгож  хэвлэлээр яриад сууж байх юм. Одоо гарсан дүгнэлтүүд бүгд хууль бус.

Жишээ нь, Төрийн нарийн бичгийн дарга маань ажилтануудынхаа ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулаагүй, яамныхаа ажилтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй, тийм учраас өөрөө сайдтайгаа ч тэр гэрээгээ хийж чадаагүй байсан. Би удаа дараа энэ тухай сануулдаг байсан. Харин тэгсэн гэрээний тухай өөрөө ярьж байсан мэт худлаа ярьсан байна лээ.  

-Ажлаас чөлөөлсөн гэснээс Төрийн албаны тухай хуулийн хоёр ч заалтаар Ж.Хатанбаатарыг ажлаас чөлөөлсөн юм байна лээ. Мэргэжил, арга зүйн хувьд тэнцэхгүй гэснийг  тайлбарлаж өгөхгүй  юу?

-Төрийн нарийн бичгийн дарга, сайд хоёрын хооронд албан харилцаа үүсгэх ойлголтын хувьд ихээхэн зөрүүтэй. Тухайлбал, нэгдүгээр төрөхөд нярайн ужиг халдвар гарах нь гэсэн мэдээлэл яаманд ирж, тэр талаар ярихад “Хүн үхдэг юм, хүн сэхдэг юм. Энэ эрүүл мэндийн яамны асуудал биш” гэж хэлдэг.

Эхийн эндэгдэл ярьж, хүүхэд түлэгдсэн асуудлыг ярихаар  “Энэ чинь өөрийнх нь хувь заяанаас болдог юм. Тэрэнд зовоод яах вэ” гэж ярьдаг  ийм Төрийн нарийн бичгийн дарга элгээрээ хэвтсэн эрүүл мэндийн нүсэр салбарыг авч явахад мэргэжлийн хувьд ч, тархиных нь багтаамж, олсон мэдлэг нь ч, ёс суртахуун, хүн чанараараа ч гологдох юм билээ.

Тэр эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийн талаар талаар ярих сэдэвгүй хүн, би болохоор хууль зөрчих, хувийн сонирхолд хөтлөгдөх талаар ярих сэдэвгүй хүн, бид хоёрт энэ яаманд ярих, хийх ижил сэдэв байхгүй байсан. Миний гаргасан нэг алдаа бол тэр хүнийг томилохыг зөвшөөрсөн явдал. Тэр алдаагаа би хурдан засах ёстой гэдгээ мэдэрсэн.

Энэ бол шударга ёсыг тогтоох, төрийн албыг нээлттэй ил тод явуулахад хийж буй миний тэмцэлд тохиолдож буй бэрхшээлүүдийн нэг гэж үзэж байгаа. Энэ зөвхөн Хатанбаатар гэдэг ганц хүний хийж байгаа ажил гэж бодохгүй байна. Түүний цаана ийм байдлыг өөгшүүлсэн, дэмжсэн тодорхой хүмүүс байгааг ч би  мэдэж байгаа. Тэр талаар дараа  цаг нь болохоор ярина.

-Та түрүүнд Төрийн албаны зөвлөл яамны асуудлыг гацаагаад байгаа гэсэн утгатай зүйл ярилаа. Тэндээс  харин ч шийдвэрээ гаргаад байгаа  юм биш үү. Хэвлэлд яах аргагүй Төрийн албаны зөвлөлөөс гаргасан  албан тоотуудыг дурайтал татаад  тавьсан харагдсан?

-Төрийн албаны зөвлөлөөс гаргасан албан тоотууд манай яаманд ирэх ёстой байтал Ж.Хатанбаатарт өгчихдөг түүнийг бид сонин хэвлэлээс олж хардаг болсон.

Төрийн албаны зөвлөлд хандаж бичсэн Эрүүл мэндийн яамны албан бичгийн хариуг Төрийн албаны зөвлөл сонингоор дамжуулан өгдөггүй л  байлтай.

Уг нь Төрийн албаны зөвлөл болон түүний  гишүүд нь хараат бус байж ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх үүрэгтэй байгууллага билээ.

Гэтэл ард түмэнд шударгаар үйлчлэх ёстой төрийн албыг танил далдаа өөрөөр хэлбэл Ж.Хатанбаатарт үйлчилдэг төрлийн алба болгон хувиргаад байгаа Төрийн албаны зөвлөлийн зарим хүмүүсээс болж Төрийн албаны зөвлөлийн нэр хүнд шороотой хутгалдаж, хууль гууль болох замруугаа орж байна уу гэлтэй.

Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албаны талаарх маргаан, өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх ёстой байтал Д.Даваа-очир гэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш хүний өргөдлийг хүртэл хүлээн авч шийдвэрлэхээр муйхарлан зүтгэж байгаагаас үзвэл түүний мэдлэг мэргэжил дутсан эсвэл ямар нэг ашиг сонирхол цаана нь явагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Иймэрхүү нөхдүүдийн талаар УИХ, Засгийн газрыг анхааралдаа авч холбогдох арга хэмжээг хуулийн дагуу аваасай.Ийм нөхдүүдийг өөгшүүлээд байлгүй төрийн албанаас цэвэрлээсэй,төрийн албан хаагчийн нэр төрийг  бузарласан ийм хүмүүсээс төрийн албыг ангид байлгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлагдаагүйгээс шалтгаалан эрүүл мэндийн салбарын төрийн албаны шинэтгэл, боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн үүрэг даалгавар түүний биелэлт,

төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн  болон сахилгын зөрчлийн асуудлыг шийдвэрлэх, үр дүнгийн гэрээ байгуулах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх, ёс зүйн зөрчлийн болон өргөдөл гомдол маргааны тайлан мэдээг гаргах зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжгүй өөрөөр хэлбэл яамны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүй байдалд хүрээд байна.

-Ж.Хатанбаатараас хойш хүмүүсийг олноор нь ажлаас халсан гээд байгаа?

-Би түрүүнд хэлсэн төрийн албан хаагчид байж боломжгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан хэвлэлийн болон бичиг, хэргийн ажилтнуудыг халсан байна лээ. Мөн  шүүхийн шийдвэр гарсан тул  хуулийн дагуу Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Дамдиндоржийг чөлөөлж, өмнө нь ажиллаж байсан Отгонбаатар гэдэг хүнийг буцаан томилсон. Төрийн бодлого, үйл ажиллагааны эсрэг ажилласан  хэвлэлийн  хүмүүсийн тухайд ажлаас  халахаас аргагүй байсан юм шиг байна лээ.

 Орон тоо байхгүй байхад хүмүүсийг дураараа гэрээгээр авчирч ажиллуулаад тэд нар нь яамны ажлыг харлуулж бичдэг байсан. Тийм штабыг яаман дотор ажиллуулж өөрийгөө тойрон хүрээлүүлж байсан байгаа юм. Одоо Ж.Хатанбаатар  хэвлэлүүдэд захиалга  өгч, эмнэлгүүдээр яваад хаана хүн үхэж байна, түүнийг надтай холбон, захиалгаар сурвалжлага хийлгээд өдөр болгон цацаад бай гэж сонин, телевизүүдэд төлбөр төлж захиалгаар бичүүлээд явж байгаа тухай албан бус мэдээлэл байна.

Сая Дарханд л гэхэд хоёр ихэр хүүхдийг нас барсан гэж бичүүлээд, үхлээр улс төр хийх гэж оролдлоо. Яасан ч их мөнгөтэй юм, гэтэл энэ салбар хийсэн ажлаа сурталчлах гээд мөнгөгүй сууж байна. Энэ нэг талаасаа харахад миний түрүүнд хэлсэн, шударга ёсыг тогтооход үүсч буй бэрхшээл, төрийн албанд бугшсан гаж үзэгдэл, урдах Засгийн газраас өв залгамжлан ирсэн  гаж тогтолцооны хор уршиг гэж үзэж байгаа ч нөгөө талаасаа намайг эмэгтэй хүн гэж элэг барих гэж басамжилж байж болох юм.

Би эмэгтэй хүн хэдий ч зарчимтай, илүү шуудхан, тууштай, зарчимтай улс төрч шүү.  Би салбартаа болохгүй байгаа энэ мэт зүйлүүдийг илрүүлж байгаа маань Монголын нийгмийг эдгээж илааршуулж нэг ч гэсэн эд эсийг “эмчлэхээр” зүтгэж яваа тэмцлийн минь илрэл, үр дүн гэж ойлгож байгаа.

Миний нэр төрд халдахаас эхлээд надад бэрхшээл учруулж байгаа ч би үүнийг бэрхшээл гэж үзэхгүй. Ийм бэрхшээлтэй тулж  байж шударга ёс ирнэ,  бузар булай бүхэн илэрч үнэнд гүйцэгдэж байгаа нь сайн цагийн эхлэл юм. Монгол оронд шударга ёс ялж монголчууд шударга ёсны өлсгөлөнгөөс ангижрах болтугай.