Эрүүл мэндийн даатгалын санг шалгахаар боллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсэг байгуулах саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гаргасан бөгөөд байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингэснээр Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж ажиллахаар болов. Олон жил хэл ам дагуулсан Иргэний эрүүл мэндийн даатгалын сан хэдэн төгрөгийн хуримтлалтай, хэдийг юунд зарцуулсан зэрэг тоо баримтыг Ажлын хэсэг шалгах юм байна.
Эм хангамжийн 13 хувь нь чанарын баталгаагүй байжээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд холбогдох салбарын сайд нарт асуулт тавьж хариулт авсан юм. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар хариулав.
С.Ганбаатар:
-Эрүүл мэндийн даатгал, санхүүжилттэй холбоотой тендер будлиулсан гэх олон асуудал гарч байгаа. Энэ асуудлыг зохицуулсан зүйлийг хуульд тусгасан уу?
Н.Удвал:
-Эрүүл мэндийн тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаа Тендерийн хуулиар зохицуулагдаж байгаа. Эрүүл мэндийн хуультай шууд холбогдолгүй. Тиймээс Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар анхаарах шаардлагатай.
Г.Баярсайхан:
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
-Дэлхий даяар хуурамч эмийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Иймд эмийн худалдаа, чанарт анхаарал хандуулах хэрэгтэй. Цаашид Монгол Улс ямар төрлийн эм дотооддоо үйлдвэрлэх, ямар эмийг импортоор авах асуудлыг тодорхойлох шаардлага байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эм хангамжийн зах зээлд хуурамч эмийн худалдаа хэдэн хувь эзэлж байна вэ. Мөн эмийн бөөний худалдааны төвд яам онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч чанарын баталгаагүй эмүүд орж ирж байна.
Н.Удвал:
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
-Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн нэг гол зорилт нь эмийн аюулгүй байдлыг хангах асуудал байгаа. Энэ хүрээнд эмийн чанар аюулгүй байдлыг шинэчлэх бодлогыг тодорхойлсон. Одоогоор Монгол Улс 40 гаруй орноос 140 гаруй эм ханган нийлүүлдэг. Жилд 160 тэрбум орчим төгрөгийн эмийн зах зээлийн багтаамжтай байна гэж үзэж, үүнээс 89 тэрбум төгрөг нь иргэдийн эм хангамжид, үлдсэн нь эмийн сангуудаар дамждаг. Хамгийн сүүлийн судалгаагаар нийт эм хангамжийн 13 хувь нь чанарын баталгаа хангаагүй. Эм ханган нийлүүлэх үйл ажиллагаанд хамгийн чанартай, үйлчилгээ сайтай эмийг ханган нийлүүлэх улсын оролцоотой төвлөрсөн эм хангамжийн байгууллага байвал хангамжийн шатанд бар код системийг нэвтрүүлж үйлчилгээг сайжруулах чанарын баталгааг хангана гэсэн бодлого барьж ажиллаж байна. Монгол Улсад 32 эмийн үйлдвэр ажилладаг. Химийн үйлдвэрлэл хөгжсөн газарт эмийн үйлдвэрлэл хөгждөг. Хамгийн чанартай эмийн үйлдвэрийг дэмжинэ. Түүнчлэн улсын болон хувь хосолсон эм хангамжийн үйлдвэрлэлийг мөн дэмжиж ажиллана. Чанарын өрсөлдөөнөөр тодорхой байр суурь эзэлдэг шударга өрсөлдөөний механизмыг дэмжих шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна.
Ж.Батсуурь:
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
-Манай улс их, дээд сургуулийн тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа. Харин дээд сургууль төгсөгчдөөс тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар эзэмшсэн хүн цөөн байдаг. Өнөөдөр байшингийн орц, хонгилд хичээл явуулдаг, 100 хүрэхгүй оюутантай сургууль нэлээдгүй байна. Мөн аймаг, орон нутагт дээд сургуулийн салбар нэртэй хоёр, гурван багштай газар ч бий. Иймд дээд боловсролыг бизнес болгож байгааг зогсоовол яасан юм бэ. Олон сая хүн амтай Европын улс оронд гарын таван хуруунд багтах их, дээд сургууль байдаг. Заавал дээд боловсрол эзэмших шаардлага байна уу. Амьдралдаа хэрэг болох мэргэшил олж авахын оронд чанаргүй диплом олж авах гэж хайран цаг хугацаагаа алдаж байгаад анхаарах хэрэгтэй.
Л.Гантөмөр:
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр
-Дээд боловсролыг нухчин дарах, хориглох талаас нь явмааргүй байна. Харин олон хүн дээд боловсролд хамрагдахын хэрээр сургалтыг чанартай болгох асуудалд анхаарах шаардлагатай. Хүний сурч боловсрох, суралцах сургуулиа сонгох сонголтыг үгүйсгэж болохгүй. Хувийн бизнес муу байна гээд тэднийг шахаж бас болохгүй. Төрийн өмчийн дээд сургуулиуд хүссэн төвшинд хүрээгүй нь тэнд ажиллагсдад хангалттай цалин өгөөгүйтэй холбоотой. Дээд боловсролыг хариуцсан агентлаг, судалгааны газар өнөөдөр байхгүй. Боловсрол, шинжлэх ухааны яаманд энэ асуудлыг хариуцсан найман хүн ажиллаж байгаа нь учир дутагдалтай. Цаашид дээд боловсролд үзүүлэх үйлчилгээ, хяналтыг сайжруулах шаардлага бий.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлт болон дэмжигдсэн саналуудыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.