“Монголын эрүүл мэндийн салбарын тойм” товхимлыг танилцуулах уулзалт
2013.08.15

Эрүүл мэндийн салбарын тоймыг танилцууллаа

“Монголын эрүүл мэндийн салбарын тойм” товхимлыг танилцуулах уулзалт өчигдөр боллоо.

Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, манай улсад албан ёсны айлчлал хийж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын ерөнхий захирал Маргарет Чан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон тус салбарын нийслэл болон орон нутгийн төлөөлөл оролцов. Уг тоймыг ДЭМБ-ын Ази, Номхон далайн ажиглалт судалгааны багаас гаргасан байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан “Энэ тойм нь Ази номхон далайн орнуудын эрүүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийх ажилд гарсан том амжилт” гэж хэллээ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарын тойм гаргахад тусалсанд нь талархал илэрхийлээд, “Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгардаг бэрхшээл цөөнгүй бий. Эдгээрийг хэрхэн шийдэх нь бидний өмнө тулгараад буй том асуудал болж байна. Үүнийг анхаарч ажиллан энэ намраас уг салбарт дорвитой шинэчлэл хийнэ” гэлээ.