“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр “Эрүүл мэндийн даатгал”-ын талаар ярилцлаа.
2013.05.10

Эрүүл мэндийн даатгалд өрсөлдөөн бий болгох хэрэгтэй

25 дугаар суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр “Эрүүл мэндийн даатгал”-ын талаар ярилцав. Нэвтрүүлгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөтлөн явууллаа.

Иргэд даатгал төлсөнийхөө үр шимийг хүртэхгүй байгаа. Иргэд үйлчилгээ авч чадахгүй байгаа нь юунаас үүдэлтэй вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль чухал асуудал. Анх 1993 онд иргэний эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсан. Түүнээс хойш есөн удаа өөрчлөлт хийгдсэн. Монгол Улсын хүн амын 98 хувь нь иргэний эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа. Гэтэл эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа хүртээмж чанар нь эсрэгээрээ болсон.

Төрөөс даатгуулж байгаа хүмүүсийн төлж байгаа хураамжийн хэмжээ нийт хураамжийн 12 хувийг эзэлж байгаа. Нийт хүн амын 60 хувийг төрөөс даатгадаг хэрнээ төлж, бий болж буй сангийн 12 хувь нь тэднээс бүрдэж байгаа.

Иргэд Эрүүл мэндийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа нь хаана хариуцлага алдсанаас болж байна вэ?

Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулиар найман төрлийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг. Улсын хэмжээнд 530-аад эмийн сангаар 130 орчим төрлийн эмийг 30-80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Харамсалтай нь нийт эрүүл мэндийн зардлын 21 хувь нь даатгалын сангаас байгаа. Даатгалын санд нь мөнгө байдаг ч эмнэлгийн байгууллага нь дандаа санхүүгийн хямралтай.

Даатгуулагч эмнэлэгт хэвтсэн үедээ өөрөө эмээ авдаг. Үүний гол шалтгаан нь бодлого, тогтолцооны асуудал. Нийт эрүүл мэндийн зардлын 41 хувь нь хувь хүний халааснаас гардаг.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Бид иргэний эрүүл мэндийн даатгалаа ашиглаж мэдэхгүй байна. Иргэд эрүүл мэндийн даатгалынхаа учрыг олдоггүй байх гэж бодож байна. Эрүүл мэндийн дэвтэрээ карт болгочихвол иргэд ашиглахад илүү дөхөм болно.

Даатгалын мөнгөнд улстөрчид гар дүрэх сонирхолтой байдаг.

Даатгуулагчийг төлөөлдөг зуучлагч даатгалын агентууд байх хэрэгтэй. Иргэн карт, цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээгээ аваад төлбөр нь цаагуураа хийгддэг байх ёстой.  

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эрүүл мэндийн даатгалын газар төрөөс биш даатгалын шимтгэлийн орлогоос санхүүждэг. Эрүүл мэндийн даатгалын газар хариуцлагагүй ажиллаж байгаа.

Хараат бусаар даатгуулагчийн өмнөөс эмнэлгийн байгууллагууд дээр очиж шаардлага тавьж, хариуцлага тооцоод явах хариуцлагаа алдаад байна..

Шаардлагагүй эмнэлэгт хэвтэх асуудал байдаг. Үүнийг яаж шийдэх вэ? Хөдөөнөөс хот руу ирж эмчлүүлдэг иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? Мөн даатгалд төлсөн мөнгөө огт ашиглаагүй иргэд яах ёстой вэ?

Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон эрүүл мэндийн тухай хуулинд ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тухай тусгагдаагүй байгаа. Судалгаагаар 40 орчим хувь нь шаардлагагүй эмнэлэгт хэвтдэг гэсэн үзүүлэлт бий.

Шаардлагагүй эмнэлэгт хэвтэлтээ багасгаж нэн шаардлагатай эмнэлэгт хэвтэх хүнд нь даатгалын сангаас хангалттай, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх хэмжээний тарифыг тогтоож өгөх ялангуяа эмчилгээнийхээ стандарт дотор хүмүүсийн мөнгө төлж олоод байгаа эмүүдийг оруулж даатгалын сангаас төлөх замаар иргэдийн санхүүгийн эрсдлийг бууруулах боломжтой.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоо гарч ирэхээр даатгалын байгууллагууд даатгуулагчийн төлөө өрсөлддөг, эмнэлгийн байгууллагууд цахим картаараа хаана ч чөлөөтэй үзүүлэх боломж нээгдэнэ. Мөн Засгийн газраас орон нутагт оношилгооны төв байгуулах гэж байгаа нь хөдөөнөөс хот руу ирж эмчилгээ, үйлчилгээ авах асуудлыг шийднэ.

Энэ онд манай бүх аймгууд зайны оношилгооны тоног төхөөрөмжид бүрэн холбогдож байгаа. Даатгалын санд өгсөн мөнгөө ашиглаагүй иргэд нэг удаа 36000 төгрөгөөр урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт орох эрхтэй байдаг.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Даатгалын газар ямар ч эрх мэдэлгүй, хараат бусаар даатгуулагчийн өмнөөс ажиллах боломжгүй. Эрүүл мэндийн яам, сангийн яам, нийгмийн хамгааллын яам даатгалын газрын толгой дээр байдаг.

Иргэдийн өмнөөс явах ёстой байгууллага нь Засгийн газрын мэдэлд байдаг хуулийн орчныг өөрчлөх хэрэгтэй. Эмнэлгийн дарга нар Засгийн газарт, сайд нарт таалагдахын тулд ажиллахыг зогсоож,  даатгуулагчид тал засч ажилладаг болгох нь энэ хуулийн үндсэн зарчим.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Хамгийн гол нь иргэддээ хуулийг сурталчлах талын бодлогыг илүү хэрэгжүүлж өгөх нь чухал. Мөн даатгалын агентуудыг олноор гаргаж өгөх хэрэгтэй.

Даатгалын систем дээр төрийн монополь байгаа.

Тэр хүмүүс даатгалын системийг иргэдэд хүртээмжтэй, сонголттой багцуудтай болгож хөгжүүлнэ. Даатгуулагчийн төлөөллийг илүү оруулах ёстой. Түүнчлэн даатгуулагчдынхаа боловсролын түвшинг сайжруулах ёстой. Даатгалын сан нээлттэй байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрүүл мэндийн даатгалын хуулийг зайлшгүй дахин шинэчилж, найруулах шаардлага байгаа. Манайхан хууль оруулж ирэхдээ өөрсдөдөө эрх мэдэл авахыг ярьдаг болохоос, хэрэгжүүлэх үүрэг хүлээхийг ярьдаггүй.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гадна хувийн даатгалын байгууллагууд оруулж, иргэддээ эрүүл мэндийн тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ хүртээхийн тулд, тэндээс орлого олохын тулд өрсөлддөг системийг бий болгох хэрэгтэй.

Мөн илүү төлөөд, илүү өвдөхгүй бол урамшуулал авдаг тогтолцоог хуулинд суулгаж өгөхөд анхаарч ажиллая. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан чөлөөт үлдэгдэл нь  иргэдийн эрүүл мэндийн төлөө биш төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдаж байна. Үүнийг бид ярих ёстой.