"Хорин жилийн туршлага, цаашдын зорилт" бага хурал эхэллээ
Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хөгжлийн асуудлаар “хорин жилийн туршлага, цаашдын зорилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал эхэллээ
2013.09.12

"Хорин жилийн туршлага, цаашдын зорилт" бага хурал эхэллээ

Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, даатгалын нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих, даатгалын цахим үнэмлэхийг нэвтрүүлэх шинэчлэлийн зорилтууд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. 

Энэ зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулан Эрүүл мэндийн даатгалын асуудлаар олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо 2013 оны 9 дүгээр сарын 11,12,13-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал албан ёсоор нээлтээ хийлээ.

2013 оны 9 дүгээр сарын 11,12,13-ны өдрүүдэд зохион байгуулна.

Онол практикийн бага хурлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохионо.

Тус эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо болон БНСУ, Вьетнам, Литва, ХБНГУ, Энэтхэг, Молдав, Филиппин зэрэг нийгмийн эрүүл мэндийн даатгалаараа бүс нутагтаа тэргүүлэгч орнууд оролцож өөрийн орны туршлага, ололт, амжилт, алдаа онооны талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын асуудлаар бичигдсэн эрдэм шинжилгээ, судалгааны шинэчлэг илтгэлүүдийг хэлэлцэх юм.

Мөн Монгол эрүүл мэндийн даатгалыг шинэчлэхэд баримтлах бодлогын талаар хуралд оролцогчидтой санал солилцож, зөвлөмж, дүгнэлт авч, цаашид эрүүл мэндийн даатгалыг ирэх 10 жилд хөгжүүлэх стратегийг амжилттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргах юм байна.

Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хөгжлийн асуудлаарх эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэлүүдийг “Эрүүл мэндийн даатгалын бүх нийтийн хамралтын үндсэн зарчим, үзэл санаа түүний хэрэгжилт” сэдвээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Д.Баярсайхан, “Эрүүл мэндийн нийгмийн даатгалын бодлого, үйл ажиллагаа: Идэвхгүй санхүүжүүлэгчээс хүчирхэг худалдан авагч болж хөгжих замд” сэдвээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, “Бүх нийтийн хамралт, санхүүжилтийн талаарх ДЭМБ-ын бүсийн баримталж буй чиглэл” сэдвээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Шу Ке, “Зүүн ази болон номхон далайн бүсийн улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Апарнаа Соманатан нар тус тус танилцуулна.