Мэдэгдэл
Эрүүл мэндийн яам
2013.08.12

Мэдэгдэл

2013 оны наймдугаар сарын 8, 9-ны  өдрүүдэд  ‘’Улс төрийн тойм’’сонин, ‘’Монголын үнэн’’, ‘’Өнөөдөр’’ сонин болон www.wikimon.mn, www.times.mn,  www.zindaa.mn, www.new.mn, www.ipost.mn  зэрэг мэдээллийн сайтад “Дархан-Уул аймгийн эмч дөрвөн сартай, хоёр нярайд вакцин хийх гээд андуурч, буруу тариа хийсний улмаас энджээ” гэх мэдээлэл гарчээ.

Энэхүү мэдээлэл нь худал, ташаа болох нь тогтоогдсон бөгөөд эндсэн гэх хоёр нярай эсэн мэнд байна. Дархан-Уул аймгийн 16 дугаар багийн харьяат, гурван сар 10 хоногтой хоёр ихрийн нэг нь 8 дугаар сарын 1-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт уушгины үрэвсэл хэмээн үндсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлжээ.

Одоогоор нярайн биеийн байдал  сайжирч, эмнэлгээс өнөөдөр буюу 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гарсан болно.

Энэ мэтчилэн зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд санаатай болон санамсаргүйгээр худал мэдээллийг олонд түгээх, зохион байгуулалттай  гүтгэн доромжлох, мушгин гуйвуулах болчимгүй үйлдэл гаргасаар удаж  байна.

Амьд сэрүүн байгаа ихэр нярайг хэдийнэ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн мэтээр мэдээлсэн нь зөвхөн үнэнийг  мэдээлэх сэтгүүлчийн ёс зүй  алдагдсан төдийгүй хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг боллоо гэж Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамнаас үзэж байна.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан, эмчийн болон иргэний нэр төр, эрх чөлөөнд халдан, гүтгэсэн сонин, сайтуудыг Эрүүл мэндийн яамнаас шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Эрүүл мэндийн яам

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар