Уулын замын үерийн улмаас эвдэрсэн хэсгийг засаж байна
2023.07.24

Уулын замын үерийн улмаас эвдэрсэн хэсгийг засаж байна

Улаанбаатарт хүчтэй аадар бороо орж, зарим байршилд зам эвдэрсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо буюу Уулын замын Богинын амын харалдаах байршилд газар дээр нь ажиллалаа. Уг байршилд үерийн улмаас авто зам эвдэрч, мөн нурах эрсдэл үүсээд буй.

Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Энэ байршилд ус зайлуулах системийг хааж барилга барьсны улмаас ус хальж, далангийн бэхэлгээг сэтэлсэн, авто зам эвдэрсэн. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон холбогдох албаныхан ажиллаж, замын эвдрэлийг засаж байна” хэмээлээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:

-Өнөөдөр орсон борооны улмаас Богинын амын харалдаа авто зам эвдэрч, нурах эрсдэл үүссэн. Замын эвдрэлийг засах ажил өнөө шөнө үргэлжилнэ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч буй. Хан-Уул дүүргийн хэмжээнд 48 барилга руу ус орсон, одоогоор есөн помпоор соруулж байна. Цаашид помпын тоог нэмнэ. Ер нь бороо их орсон үед Туул голын эрэг дагуу барьсан барилгуудын зоорийн давхар руу ус нэвчих нь ихэссэн гэсэн юм.

Нөхцөл байдлыг тогтворжуулах арга хэмжээ яаралтай авч, цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэн ажиллахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болголоо.