2023.06.30
Б.Баттөмөр: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай!
УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
УИХ-ын хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" нь авлигын эсрэг тэмцэж буй ажлуудын нэг үзэж байна. Үүний дагуу олон хууль тогтоомжид өөрчлөлт орох нөхцөл байдал үүсэж байна. Ялангуяа сонгууль тойрсон асуудал, сонгуулийн үер санал худалдан авах тухай асуудал, эрх зүйн орчин боловсронгуй болгоно гэж үзсэн байна. УИХ-аар Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэн батална. Үүн дээр намын санхүүжилттэй холбоотой асуудал ил болгох асуудал их чухал байсан бөгөөд хөтөлбөрт орсон. Төрийн албан хаагчдын ёс зүйг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хүчтэй болгох нь авлига бууруулах үндсэн ажлын нэг хэсэг болно.
Соён гэгээрүүлэх ажлыг төрөөс ард иргэдийнхээ дунд байнга хийж байх ёстой. Төрийн байгууллагаас гарч байгаа бодлого, шийдвэрүүд бүгд ил тод байх ёстой. Эдгээр нь тус хөтөлбөрт ороод явж байгаа нь зүйтэй хэмээн бодож байна. Авлигын эрсдэлийг тооцох тухай асуудал нь онцгой ач холбогдолтой. АТГ, шүүх, прокурорын байгууллагуудын бие даасан байдлыг хангах, санхүүжилтийг шийдэх, ажилтнуудын нийгмийн асуудал, нөлөөллийг бууруулах асуудлууд байгаа нь зүйтэй.
Авлигатай тэмцэх тухай асуудал нь зөвхөн АТГ-ын асуудал бус бүх төрийн байгууллагуудын ажил юм. Сүржин орж ирсэн шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль чимээгүй болчихлоо. Үүнийг даруй батлах шаардлагатай. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар жил бүр 2,6 их наяд доллар буюу Дэлхийн ДНБ-ий 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авлигад зарцуулж байна гэсэн судалгааг гаргасан байдаг. Үүн шиг авлигын төсөөллийн судалгаа байдаг юм уу? Авлигатай тэмцэх газар орон нутагт салбарт байдаг уу?
Түүний асуултад, УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр хариуллаа.