2023.06.28
Д.Өнөрболор: Хууль хүчний байгууллагын авлигыг цэвэрлэхэд ямар алхам хийх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 06 сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг бид хэлэлцэж байна. Монгол Улсын урагшлах эсэх нь авлигыг цэгцэлж чадах уу эс цэгцэлж чадах уу гэдэгтэй шууд хамааралтай. Улс төрчид, эрх баригчид уг асуудлыг үргэлж ярьсаар ирсэн хэрнээ бодитой урагшлахгүй байгаа. Авлигын индексээр ухралттай байгааг олон улсын байгууллагууд тайлан, дүгнэлтдээ бидэнд байнга сануулж буй.
Энэ асуудлыг орж ирэх үед УИХ нэлээдгүй ярьчихаад мартчихдаг. Асуудал үүсэх төдийд гал унтраах байдлаар аргалсаар авлигалын намагтаа шигдсэн хэвээр байна. Эл асуудлыг төрийн байгууллага, албан хаагчдын эрх үүргийн чадамжаас хайх ёстой гэдгийг судалгаанаас харж болно.
Тухайлбал 2022 оны хэрэгжилтийн тайлангаас харахад хамгийн шударга, авлигалыг илрүүлэх ёстой хяналтын байгууллагууд нь хамгийн шударга бус гэсэн үнэлгээг удаа дараа авсан байгааг уг тайлангаас харж болно. 2012 оноос хойш төрийн байгууллагад найман удаагийн шударга байдлын үнэлгээ хийхэд гааль, мэргэжлийн хяналтын байгууллага 5 удаа, ашигт малтмал газрын тосны газар болон БТСУХ 4 удаа, цагдаа, татварын байгууллага 3 удаа хамгийн сүүлийн байрт бичигдсэн байна. Үүнээс эрсдлийг шууд харж болно. Нэн ялангуяа нүүрсний гэх асуудалтай шууд холбогдох хяналтын байгууллагууд ард түмний баялаг, нийтийн өмчид тавих хяналт ямар байгааг энэ байгууллагуудын дүгнэлтээс харж болох юм.
Эрсдэл тооцдог арга, механизм байна уу? Дээрх байгууллагуудад авлигыг бууруулахад ямар арга хэмжээ авах ёстой вэ? Үүнд ямар бодлого байна вэ?
Монгол Улсын хууль хүч, шүүх прокурорынхны авлигалын асуудалгүй гэсэн үнэмлэхгүй дүгнэлт гарсны дараа авлигын асуудал нэг мөр шийдэгдэх эхлэл тавигдана. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хууль хүчнийхийг хянадаг, мөрддөг албаа устгаад олон жил болж байна. Энэ байгууллагыг сэргээх, үүн дээр шинэ дархлаа үүсгэх, хууль хүчний байгууллагын хүмүүсээ цэвэршүүлэх бодитой алхам хийх үү?
Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр хариуллаа.