УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.03

О.Баасанхүү: Улс төрийн нам ашгийн төлөө байгууллага биш

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хоёр дахь асуудал бол "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл юм. Уг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү улс төрийн намын санхүүжилтийг тойрсон асуудал хөндлөө. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гараагүй байхад Авлигын тэмцэх Үндэсний хөтөлбөрт энэ төрлийн заалтыг оруулж ирэх нь тунхгийн шинж чанартай болж байна. Улс төрийн намуудад 10 хүнийг ажилтай байлгахын тулд сар 10 сая төгрөг хэрэгтэй. 4 жилээр бодохоор 400-500 сая төгрөг болно. МАН-ын байр өөрөө өндөр өндөр. Тэгвэл өөрийн байргүй улс төрийн намууд яах вэ?

Улс төрийн нам бол ашгийн байгууллага биш. Хэрэв Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртөө улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг тусгаж байгаа бол Улс төрийн намын санхүүжилтийн тухай гэсэн хуулийн төсөл боловсруулж, бүх намд тэгш боломж олгох хэрэгтэй.

Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиар аж ахуйн нэгжүүдээс хандив авч болох ч юм шиг, болохгүй ч юм шиг ойлгогдоод байдаг. Тиймээс парламентад суудалтай намуудыг төрөөс санхүүжүүлэхгүй юм бол энэ заалт тунхгийн шинж чанартай болох гээд байна. Улс төрийн намын өмч, гишүүнчлэл, санхүүжилтийн асуудлыг хамт авч үзэж, шийдэх ёстой."