Л.Болд: Сонгуульд нэр дэвшүүлэхээс эхлээд сонгуулийн үр дүн гарах хүртэл шат шатанд асуудал байна
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хоёр дахь асуудал бол "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл юм. Уг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд улс төрийн нам, сонгуулийн авлигын талаар асуудал хөндөж, Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Болд
"Эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн энэхүү баримт бичигт Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг боловсронгуй болгох гэсэн заалт орсон байна. Эхний хэлэлцүүлгээр энэ асуудлыг нилээн ярилцсан.
“Боловсронгуй болгох” гээд заалт орчихдог. Боловсронгуй болгох ажлыг хэн хийх вэ? УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлах уу, Засгийн газар уу? Ерөнхийлөгч өргөн барих уу?
Манай улсын нийгэм, улс төрийн тогтолцоонд байгаа хамгийн бэрхшээлтэй асуудал бол улс төрийн хүрээн дэх авлига. Улс төрийн бүх шатны байгууллагад сонгогддог, томилогддог албан тушаалын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдаг. Ганц, нэг намын асуудал биш Монголын улс төрд байдаг нийтлэг бэрхшээл нь авлига юм.
Сонгуулийн үр дүнгийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах нь зүйтэй. Сонгууль болоод удаагүй сэргэг, мэдрэмтгий байгаа энэ үедээ Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, сонгуулийн авлигыг таслан зогсоох хэрэгтэй байна.
Уг хөтөлбөрт “Сонгуулийн санхүүжилт” гэж орсон байна. Гэхдээ энэ нь сонгуулийн сурталчилгаа явагдаж байх үеийн санхүүжилтийг авч үзсэн байна. Гэтэл сонгуулийн санхүүжилт гэдэг нь нэр дэвшүүлэх процесс, сонгуулийн хэсэг, хороод, сонгуулийн санал өгөх өдөр, сонгуулийн дүн гаргах гээд өргөн хүрээг хамарна. Энэ бүх шатанд авлига тодорхой хэмжээнд байгаа учраас үүнийг таслан зогсоох ажлыг хэн хийх вэ? Хэн санаачлах вэ?
Надад ирсэн өчигдрийн мэдээгээр, санал хураах “хар машин”-д асуудал байхгүй. Харин ямар үед сонгуулийн луйвар явах вэ гэдгийг олон талаас нь судалж байсан. УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн үеэр “хар машин”-аар тоолохын өмнө санал хураалтад засвар оруулах тэр дундаа “амьд царцаа”-г дурдаж болно. Энэ нь олон тойргийн сонгуулийн үр дүнд өөрчлөлт оруулсныг та бүхэн мэдэж байгаа байх. Сүм, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуулиар нэг хэсгийн хороонд тодорхой тооны хүчинтэй саналын хуудас байх ёстой байтал байх ёстой тооноос давсан саналын хуудас гарч ирсэн тохиолдол байна. Албан ёсны хуудаснаас гадна хоёр янзын хуудас байсан нь тогтоогдсон. Энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ."
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд
"Улс төрийн намын санхүүжилт, сонгуультай холбоотой маш тодорхой заалтууд уг хөтөлбөрт орсон. Бодлогын түвшинд асуудлыг шийдэж байгаа нь энэ. "Хөгжлийн бодлого, зорилтын тухай" хуулийн дагуу Засгийн газар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах ёстой.
Ирэх 6 жилд авлигатай тэмцэх чиглэлээр хөтөлбөрт туссан тодорхой ажлууд хийх болно. Засгийн газрын гаргасан төлөвлөгөөний хэрэгжилтийг АТГ хангана. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ерөнхий удирдлагыг Ерөнхийлөгч хариуцаж байна. Хөтөлбөрийн үр дүнг УИХ-д танилцуулна.
Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт зэргийг ил тод болгох тухай ажлууд уг хөтөлбөрт туссан ёсоороо хэрэгжинэ."