Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ
Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.
Харин тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны ажлын хэсэг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн үндсэн агуулга, зарчмыг хөндөхгүйгээр найруулгын чанартай 70 гаруй өөрчлөлт хийх нь зүйтэй гэж саналын томьёолол бэлтгэсэн.
Мөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим засвар өөрчлөлт оруулж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд танилцуулав.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэлсний дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Мөн байнгын хорооны хуралдааны явцад байнгын хорооны зарим гишүүнээс бичгээр зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг дэгийн хуулийн заалтын дагуу санал хураалт явуулсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд тогтоолын төслийн нэрийг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” гэж өөрчлөх, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Оюундарь нар аудитыг шударга, хараат бус ажиллуулах, энэ үндсэн дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитыг оролцуулах гэсэн агуулгатай заалтыг нэмж тусгах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь найруулгын хоёр санал гаргасан нь дэмжигдлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг төрийн албанд дахин томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх заалт оруулах санал гаргасан боловч дэмжлэг авсангүй.
Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.
Дараа нь Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх цэцийн их суудлын хуралдаанд оролцох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Учралыг томилохооор тогтлоо