2023.06.28
О.Цогтгэрэл: Авлигын үндсэн шалтгаанаа тогтоохгүйгээр мянга хөтөлбөр батлаад үр дүнд хүрэх үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 06 сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ эцсийн дүндээ бидэнд үр дүн хэрэгтэй. Үүний тулд үндсэн шалтгаан руу, бодит байдал дээрээ ахиц хэрэгтэй. Олон улсын индексээр Монгол Улс сүүлийн 6,7 жилийн хугацаанд авлигалын үнэлгээгээр хоёр оронтой тоонд боломжийн орж байсан бол одоо ухарсаар гурван оронтой тоонд орчихсон.
Мөн олон улсын бизнес эрхлэлтийн орчны индексээр дээрх хугацаанд 20 орчим байраар ухарчихсан. Авлигын нөхцөл байдал улам муудаад байгаа. Угтаа бид тэмцээд байна гэж байгаа боловч олон улсын мэргэжлийн байгууллагуудын индексээр яагаад хойшлоод байна вэ? Үндсэн шалтгаан дээрээ дүгнэлт хийж чадсан юм уу? Авлигалын үндсэн шалтгаан юу вэ?
Авлигал төртэй холбоотой. Төр нь төрийн албан хаагчтай холбоотой. Монголын төр, төрөөр дамждаг мөнгө жилээс жилд өсөж буй. Ингэснээр төсөв нь 40 орчим хувь, төрийн өмчит компаниа оролцуулбал хэд болж байгааг тооцож чадахгүй байдалд хүрээд байна. Төрөөр, төрийн албаар дамждаг мөнгө ихэссэн. Төрийн албан хаагчийн тоо сүүлийн гурван жилд 20, 30 мянгаар нэмэгдчихсэн. Үндсэн шалтгаан төр нь томроод байхад мянга хөтөлбөр батлаад үр дүн байна уу. Хэрвээ авлигалыг шарилж, өвс гэвэл үндсийг нь устгахгүй, ургасныг нь хайчлаад ямар үр дүнд хүрэх юм бэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.