Л.Болд: Улс төрийн хүрээн дэх авлига гаарч байна
УИХ-ын хуралдаанаар /2016.10.28/ хэлэлцсэн эхний асуудал бол "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөтлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд улс төр, сонгууль, албан тушаалын авлигын талаар асуудал хөндсөн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд:
"Уг хөтөлбөрт, төрийн албаны аливаа томилгоонд улс төрийн нөлөөллөөр томилох, чөлөөлөх байдлыг зогсоох, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, түүнд холбогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх гэх зэрэг зүйл заалт тусгасан байна. Энэ хөтөлбөрт л эдгээр асуудлыг анх удаа тусгаж байгаа юм шиг буруу ойлголт нийгэмд бий болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй. Эдгээр асуудал Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж буй тодорхой хууль тогтоомжид туссан байдаг.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оффшор бүсэд данс эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, оффшор дансыг зөвшөөрч байсан, гэмт хэрэг биш байсан. Тиймээс энэ мэт асуудлыг анх удаа энэ хөтөлбөрт тусгаж байгаа мэтээр ойлгуулахаас болгоомжлох хэрэгтэй.
Авлигатай тэмцэх механизмаа цаашид яаж улам боловсронгуй болгох вэ гэдэгт энэ хөтөлбөр чиглэж байна гэж тайлбарлах нь зүйтэй.
Улс төрийн авлигын хүрээнд гол эзнээ голж, тэмцэж чадахгүй л байна. Хөрөнгө мөнгө өгөх замаар улс төрийн намд шургалж буй асуудал аль ч намд байгаа. Гэтэл хууль хяналтын байгууллага нам доторх асуудал бидэнд хамаагүй гэдэг. Энэ нь эргээд улс төрийн авлигыг өөгшүүлэх хэрэг болж байна. Сонгуулийн авлига гэж ноцтой асуудал байна. Сонгогчдод мөнгө тараадаг, сонсогчдын саналыг худалдаж авдаг механизм улам боловсронгуй болж байна. Мөнгө картаар шилжүүлж, “цалинтай сонсогч” гэсэн ойлголт хүртэл бий болох нь. Энэ нь Монгол Улсыг хэзээ ч авлигаас гаргахгүй."