“Авлигтай тэмцэх хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар "Авлигаай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өрргөн барилаа.
Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгод “ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж” гэж, мөн уг бодлогын баримт бичгийн Тав дахь хэсэгт тусгасан Засаглалын зорилгын 5.6 дахь зорилтод Авлигагүй засаглалын зорилтыг дэвшүүлж “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна” гэж тодорхойлж, энэхүү урт хугацааны бодлогод тусгасан зорилтыг хэрэгжүүлэх I үе шатыг 2021-2030 онд “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийн хандлагыг төлөвшүүлэх үе” хэмээн тодорхойлсон.
Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.2-т “Авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангана. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ” гэж, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодпого3-ын 6.5-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодпогыг чангатгана” гэж тус тус тусгасан.
Дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнчлэн дотоодын эрх зүйн орчныг Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, зөвлөмжид нийцүүлэх зэрэг практик хэрэгцээ, шаардлагад үндэслэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн хавсралтаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлахаар; хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгаж байхыг Засгийн газарт, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Авлигатай тэмцэх газарт даалгахаар; Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгахаар тус тус тусгажээ.
“Авлигтай тэмцэх хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн тогтолцооны салшгүй хэсэг болох “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” үргэлжлэн хэрэгжих боломж, нөхцөл бүрдэх юм. Төслийн хавсралтад заасан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг хамгаалах, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шатны зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.