"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2023.06.16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийн санаачлагчийн илтгэлийн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
“Авлигтай тэмцэх хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн тогтолцооны салшгүй хэсэг болох “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” үргэлжлэн хэрэгжих боломж, нөхцөл бүрдэх юм. Төслийн хавсралтад заасан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг хамгаалах, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шатны зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.