Х.Ганхуяг гишүүн Ерөнхийлөгчөөс оффшор дансных нь тухай тайлбар хүслээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож, үг хэлсэн.
Түүний хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэд хэдэн асуудлыг хөндөж, асуулт асуусан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ
Та өнгөрсөн сонгуульд нэр дэвшихдээ л офшорийг илрүүлнэ, мөнгө оруулж ирнэ , шударга бус байдалтай тэмцэнэ гэж ярьсан. 2017 оноос та АТГ, Транспренс интернэшнлтэй хамтраад гадаад гарсан офшорийн мөнгийг оруулж ирэх тал дээр ажиллаж байна гэж мэдэгдэж байсан. Оны өмнө мөн та УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Тэгэхээр танаас хэдэн асуулт асуумаар байна.
Хэвлэлээр таны нэр дээр 2001 оноос хойш оффшор компани байдаг тухай мэдээ яваад байна л даа. Тус компанийн зөвхөн дүрмийн сан нь гэхэд сая доллартой гэсэн байна. Тэгээд өнгөрсөн жил энэ компаниа хаасан гэсэн мэдээлэл явж байна. Тэгэхээр танд энэ компани байсан уу? гэсэн асуулт асуумаар байна. Хоёрдугаар, та өөрийнхөө мөнгийг оруулж ирээд, ард иргэддээ тараах тогтоолын төсөл санаачилсан юмуу?
Үнэхээр ийм асуудал байгаа бол бид УИХ дээр санаачилга гаргаад, өршөөл үзүүлж болно шүү дээ.
Ингээд төмөр зам, банк гээд ярихаар дандаа таны нэртэй холбогдчихоод байна. Өмнөговьд нэг банк төмөр зам бариад байдаг. Мөнгө төгрөг нь таны оффгор руу ордог гэсэн яриа ч гараад байна. Тэгэхээр та энэ оффшорынхоо асуудлыг цэгцэлмээр байна. Үнэхээр танд оффшор байгаа эсвэл байхгүй гэдгээ ард иргэддээ хэлмээр байна. Хэрэв байдаг бол мөнгөө хэзээ, хэдийг оруулж ирэх юм? ард иргэддээ яаж өгөх юм? шаардлагатай бол УИХ-аас тусламж гуйгаад, өршөөл гаргуулаад явмаар байна.