2018.11.30

Ө.Энхтүвшин: Бүгдээрээ хор бус эм найруулъя

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин

14 хоног үргэлжилсэн энэ асуудал өнөөдөр ингээд шийдэгдэх байх. Тэгэхээр дараа нь яах ёстой вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Энэ 14 хоног бүгд зөвхөн сэтгэл хөдлөлдөө автагдсан шүү. Яаж энэ хүнийг дэлгэцийн өмнө эвгүй байдалд оруулах уу гэдэг дээр л анхаарч биеэ авч явлаа. Манайхан үнэхээр уран сайхан ярьдаг болж. Эргэж уулзах нүүрээ бодох хэрэгтэй. Эвлэрэх орон зай байх ёстой. Шударга ёс, Ард түмнээ хайрлая гэж их ярьж байна. Гэтэл яг бодит байдал дээрээ ингэж байгаа зүйл алга. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй жил гаруй хамтарч ажилласан. Яахав дутагдал байна. Түргэн ууртай, бусдын өдөөн хатгалагад өртөөд байна.

ЖДҮС-тай холбоотой асуудлыг их ярьж байна, ярих нь зүйтэй. Гэхдээ өмнөх, үүнээс ч илүү их мөнгө идэж, уусан асуудлыг дарах гэж өдөр бүр ЖДҮ гээд байна. Улсын төсөвтэй холбоотой хэдэн их наядын асуудал байгаа шүү. Тэгээд уриалмаар байна. Хэдүүлээ ажил хийвэл хийх, нэгдвэл нэгдье. Ингэж чадахгүй бол ирэх сонгуулиар бүгд дэвшихээ боль. Бүгдээрээ хор бус эм найруулъя