2018.11.30

Д.Оюунхорол: Та хэтэрхий дүр эсгэсэн ардчилал, цэвэрлэгээний тухай ярьж байна

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Би МАН-ын гишүүн, Ард түмнээсээ 4 удаа сонгогдсон, олон туршлагатай улс төрчдийн дунд бэлтгэгдсэн хүний хувьд би их ичиж байна. МАН ингэж доройтож байсан үеийг хараад ичиж байна. Ерөнхий сайд та “намайг огцруулах 27 гишүүн гарын үсэг зурсан нь муу муухай” гэж хэлж байна. Парламентын түүхэндээ энэ асуудлыг хэлэлцэж ярилцдаг уламжлалтай. Үүнээс болж УИХ-ын гишүүдийг гүзтгэн доромжилж байна.

Мөн УИХ-ын гишүүдийг элдэв хэл ам, гэмт хэрэг, мөнгө төгрөг идсэн болгож хэвлэлээр бичүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулдаг байдлаа зогсоо. Та их цэвэрлэгээ хийнэ гэж байна. Бизнес хийж, татвар төлж байгаа хувийн компаниудыг дэмжихийн оронд ингэж дайрч доромжилж байсан төрийг санахгүй байна.

Өнгөрсөн хугацаанд Монголын төр хувийн өмчийг баталгаажуулахын төлөө ажилласан. Гэтэл үүнээсээ ухрах гэж байгаа нь эмгэнэлтэй. Эдгээр татвар төлөгчдийн мөнгөөр улс орны эдийн засгийг чирж яваа. Энэ адаагаа та засаарай. Та улс төрчдийн энэ ёс зүйгүй байдалд дүгнэлт хийж цэгцлэхийг хүсч байна. Ингэж байж Монгол төрд шударга ёсыг тогтооно. Үгүй бол та шившиг болно.

Таныг ард түмэн дэмжиж байна гэж байна. Гэтэл таныг дэмжихгүй нөгөө хэсэг нь бидэнд хандсаар байна. Ерөнхий сайд нь огцруулна гэсний төлөө Парламентынхаа дээр гарч суучаад дарамтлаад сууж байгаа нь шинэ цагийн дарангуйлал юм уу, хэлмэгдүүлэлт эхлэх гэж байна гээд ард иргэд ярьж байна. Манай эрчүүдийн нүдийг дандаа энэ эрх мэдэл, албан тушаал сохолчихдог.”