2018.11.30

Ч.Улаан: Төр цэвэрших процесс явагдаж байна

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан

“Сүүлийн өдрүүдийн үйл явдал, яриа хэлцэл харахад төр цэвэрших тухай ярьж байна. Өнгөрсөн 20 гаруй жилд өмчийн харилцаа, төрийн эрх мэдэл өөрчлөгдсөн гэх мэт олон үр дагаврын нөлөөгөөр төр олигархи засаглалруу орсон байна. төр мананжсан байна. Олигархи засаглалын сөрөг муу бүхэн тогтсон байна. Өнөөдөр Монголын төр цэвэрших процесс явагдаж байна. Бие биенийхээ муу муухайг ам уралдан нүцгэлж байна. Дотроосоо ингэж ярих нь муу зүйл гэж бодохгүй байна. Одоо сайн муугаа мэдсэн хойно хамтраад засая. Шаардлагаа өндөржүүлье. Ард олон биднийг ухаарч, хүнд байдлаасаа зөв гараасай гэж хүлээж байгаа. Гишүүд бидний кнопоор улс орны эрх ашигт нийцсэн, ард иргэдийн амьдрал сайжирсан шийд гарах ёстой гэж хүлээж байна.”