ЖДҮ-ийг дэмжих тухай хуулиар АН бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
2018.10.26

ЖДҮ-ийг дэмжих тухай хуулиар АН бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 10 сарын 16-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсэг 4 удаа хуралдсан бөгөөд төсөл санаачлагч болон МҮХАҮТанхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зэрэг ТББ, МҮОНТ-тэй хамтран өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг 4 удаа хийсэн байна. 

ЖДҮ-ийг бүсчлэн хөгжүүлэх чиглэлээр төсөл дээр холбогдох зохицуулалтыг тусгасан бөгөөд тухайн орон нутгийн ИТХ жилийнхээ төсөв дээр тусгаад, үүнийг нь Засаг дарга зарцуулах, холбогдох хяналтын талаар тусгажээ.

Үүний зэрэгцээ Засаг дарга ЖДҮ-ийг хөгжүүлэхтэй холбоотой саналаа дээд шатны байгууллагад хүргүүлэх, үүнийг Засгийн газар хүлээн авч, нэгтгээд нэгдсэн бодлогоо тодорхойлон, тэр хүрээндээ төсвийн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан гэв.  

ЖДҮХСангийн зээлийн 26 хувийг шууд олгосон бол 74 хувийг арилжааны банкаар дамжуулсан байна. Зээлийн эргэн төлөлт 92.5 хувьтай байгааг Ажлын хэсгээс танилцууллаа. Хуулийн төсөлд бичил, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч буюу 500 сая төгрөгөөс доош жилийн борлуулалтын орлогтой аж ахуйн нэгжид олгох зээлийг сангаас шууд олгох бол дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид олгох зээлийг банкаар дамжуулах хувилбарыг тусгажээ.

Байнгын хорооноос гаргасан эхний гурван саналаар санал хураалт явуулсны дараа өнөөдрийн чуулган завсарлав.


Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийллээ.

Харин АН бүлгийн дарга Д.Эрдэнэбат ЖДҮ-ийг дэмжих тухай сангаас гишүүд зээл авсан асуудлыг шийдэхгүйгээр, энэ эрх зүйн орчинг засахгүйгээр оруулж ирсэн төсөл тул хуулийн төслийг дахин нягтлах шаардлагатай гээд тус хуулиар 5 хоногийн завсарлага авлаа.