Н.Учрал: Старт-ап компаниудыг дэмжиж Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хуульд хамруулах ёстой
2018.05.17

Н.Учрал: Старт-ап компаниудыг дэмжиж Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хуульд хамруулах ёстой

Өнөөдөр/2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал энэ хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Н.Учрал: Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хамаарахгүй этгээдүүд дээр тодруулах зүйл байна. 7.1.3 дээр Зуучлалын үйлчилгээ  байна. Энэ үйлчилгээ үйлчилгээний салбарын том хувийг эзэлдэг. Зуучлал буюу агент хийдэг 100 гаруй хүнтэй маш олон компани байна. Жишээ нь, контент зуучилдаг, брокерууд, хөрөнгө оруулалтуудыг олж өгдөг, сургууль соёлд гадагшаа зуучилдаг компаниуд маш их ажлын байрын бий болгодог. Тийм байхад энэ зуучиллын үйлчилгээг хамаарахгүй байх ямар үндэслэлтэй юм бэ?

Түүнчлэн худалдаа үйлчилгээний сүлжээ хамаараагүй байна. Тэднийг хамааруулахгүй байж болохгүй. Жижиг, дунд, үйлдвэрлэгчдэд орох ёстой. Худалдаа үйлчилгээг оруулахаар Ж.Ганбаатар гишүүн хуулиндаа бизнесээ орууллаа гэж ярина гэж байхгүй. Үүнийг дагаад франчайзинг гэрээгээр орж байгаа байгууллагууд яах вэ гэдэг асуудлууд яригдана. Тэд гадаадын хөрөнгө оруулалтаар биш сайн жишиг нутагшуулж байгаа учраас үүнд хамаарахгүй байх болчих вий гэсэн эмзэглэл байна. 

Харин үүнд архи, тамхины бизнес эрхэлж байгаа хүмүүсийг оруулахгүй байх хэрэгтэй. Согтууруулах ундааг импортоор оруулж ирж байгаа хүмүүсийг оруулахгүй гэсэн заалт байсан. Харин тамхийг үлдээсэн байна.

11.7 дээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг бичлийг нь шууд сангаас нь шууд, дунд үйлчилгээ эрхлэгчдийн зээлийг банкаар дамжуулна гэсэн байна. Миний хувьд банкуудад зээл олгоход маш дургүй. Банкууд босго өндөртэй, хэзээ ч зорилтот хүмүүстээ хүрдэггүй. Банкаар дамжихыг болих хэрэгтэй. Төрөөс үнэхээр Засгийн газрын тусгай сан дээр мөнгө оруулж тавьж л байгаа юм бол сан нь өөрсдөө хийх хэрэгтэй. Ингэж байж босгыг нь багасгана. 

Гарааны компаниудыг энэ хуулинд хамааруулахгүй бол болохгүй.

Сингапурт 90 хувь нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар байна. 90 хувийн бараг 30 хувь нь старт-ап компани. Технологийн агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дээрээ татварын дэмжлэг өгснөөр Япон, Сингапур, Америкт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарын ихэнхи нь технологийн үйлчилгээ эрхэлж байна. Гарааны компаниудыг энэ хуультай уялдуулж өгөхгүй бол болохгүй. Бид Инновацын хууль дээр ажиллаж байгаа. Энэ хууль дээр гарааны компаниудад олгох дэмжлэгийг тусгаж өгсөн. Өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар орхигдохоор гол нэмүү өртөг шингээж байгаа салбар орхигдоно. 

Ж.Ганбаатар: Гарааны компаниуд маш түргэн хугацаанд өсдөг. Бичилээс арай ялгаатай.

Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгний орлого хүртлээ гарааны компаниуд манай хуульд бүрэн хамаарна. Өдөрт нь хуваагаад үзвэл энэ бол маш бага тоо. 

500 саяас дээш зээлийг банкаар олгох асуудал дээр Касаз улс руу 4 гишүүн явж туршлага судалсан. Тэд хэлэхдээ "Бид өмнө нь шууд сангаас зээл олгодог байсан. 97 тэрбум долларын алдагдлалд орсон. Сангийн хүмүүс хамаатан садан, найз нөхөддөө өгөөд дампууруулаад дууссан. Тэгээд Ерөнхийлөгчөөс банкаар дамжуул гэсэн санал ирсэн." гэсэн. Тэдний банкны систем ч манайхтай адилхан байсан. Тиймээс бид дундын хувилбарыг бариад бичил буюу жижгийг сангаас олгоод, банкны шалгууруудыг давдаг боломжтой дунд компаниуд нь банкаар дамжих нь зөв хувилбар гэж үзсэн. Гэхдээ гишүүд энэ талаар санал гаргавал засаад явахад бэлэн. 

Сүлжээ дэлгүүрүүдийг тайлбарлавал, сүлжээ дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүс орлого нь 2.5 тэрбумаас дээш гарна гэсэн харьцуулалт байгаа. Тиймээс манай дэмжлэгээс гарах нь зөв. 

Зуучлалын үйлчилгээний хувьд өмнөх хуулинд байсан. Бид үлдээгээд явах нь зөв гэж үзсэн. Таны саналыг аваад 2.5 тэрбум хүртэл нь дэмжих ёстой. Ер нь зээлийн түүхийг харахаар нилээн том компаниуд жижиг дундаас зээл авсан зүйл харагдсан. Тиймээс яг жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст нь төрийн бодлогыг чиглүүлье гэсэн үзэл баримтлал байна.

Н.Учрал: Старт-ап компаниудыг энэ хуулинд оруулж болно гэлээ. 2012 оны Инновацын хуулинд борлуулалт хийгдвэл гарааны компани биш болдог. Тиймээс гарааны бизнесийг дэмжихийн тулд Инновацийн хууль, Жижиг дундын хууль хоёрыг уялдуулахгүй бол болохгүй.