2019.06.06

Б.Бат-Эрдэнэ: Төрийн түшээд нь ард түмнээсээ боломжийг нь булаах ёсгүй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нарийн тусгажээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Монголчуудын түүхийг үзэх юм бол төрт ёсны сэтгэлгээ, уламжлал талаасаа өндөр ёс суртахуунтай байхыг баримталж ирсэн. Өнөөдөр ч Монголын ард түмэн үүнийг эрхэмлэн явж байна. Харин төрийн эрхийг барьж байгаа, дээд албанд байгаа хүмүүс ингэж чадахгүй байна. Бид төрийн сүлдэндээ тангараг өргөсөн хүмүүс. УИХ-ын гишүүний ёс зүйн хууль ч бий. Гэвч энд байгаа хүмүүс 29 сангийн юу нь ч хамаагүй олдож байгаа зээлийг бүгдийг авдаг. дээр нь төр ард түмний нэр барьж олсон бондуудаас мөнгө, зээлийг авдаг. Үндсэн хуулиараа өөр алба ажил эрхэлж болохгүй гэсэн байхад зэрэгцүүлээд хувийн компаниа эрхлээд яваад байдаг.

Иймээс иргэдийн төрд итгэх итгэл байхгүй. ААН урамгүй болсоор байна. Тиймээс ЖДҮ-ийн сангийн зээлийг гэр бүлээрээ өөрийн компанид авчихсан байна. Зарим нь УИХ-ын гишүүнээрээ барьцаа хийгээд авчихсан. гэтэл бүх зээлдэгчийг хавтгайруулаад хариуцлага тооцно гээд гол хүмүүст хариуцлага тооцох асуудлыг сааруулаад хаячихсан. Хуулиараа хориотой зүйлийг нь дахин хууль гаргаж хориглохоор яригдаж байна. Энэ бол аргаа барсан арга. УИХ-ын гишүүн тендер, лиценз, зөвшөөрөл авахгүй гэж.

Төрийн бүх шатанд ажиллаж байгаа хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг. Тэндээсээ ямар үндэслэлээр энэ мөнгийг олсон бэ гэдгийг тодорхойлох хууль санаачлаад явж байна. 

Энэ хуульд ч 500 хүртэлх сая төгрөгийг ЖДҮХС-аас гаргана гэхээр бас л өнөөгийн нөхцөл байдал үүсэхээр заалт явж байна. Ингэхээр мөнгө нь эрх мэдэлтэнүүдийн үзэмжээр шийдэгдэж, буруу замаар явах нөхцөл үүсээд банйа.

Өмнө нь би УИХ-ын гишүүн асан Ганбямбатай хамтран тойргийн сумдад тодорхой хэмжээний зээлийн сан банкнаас тусад нь байгуулж өгсөн. Гэтэл өнөөдөр сум болгон 200-300 сая төгрөгийн зээлийн сан эргэлдээд явах боломж бүрдтэл банкаар дамжихгүй учраас үрэн таран хийгээд, манай нам өгсөн гээд тайлбар хэлээд сууж байна. Хууль батлаад хязгаар тогтоосон ч доод шатандаа ийм зүйл байсаар байх юм биш үү?"