Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал-нэг өгүүлбэрээр
2016.11.07

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал-нэг өгүүлбэрээр

Монгол Улсын эдийн засаг мөчлөгийн уналтад ороод байгааг эдийн засагчид батлан хэлж байна. Уналтаас гарах гарцыг УИХ, Засгийн газар, Сангийн яам, Монголбанкнаас эрэлхийлж байгаа ч дор дурдсан үзүүлэлтүүд богино хугацаанд сайжрахгүй нь бололтой.

Эдийн засагчид өөрсдийн судалдаг чиглэлийн дагуу тодорхой тоо баримт дэлгэж, гарц гаргалгаа хэлдэг. Тэгвэл яг өнөөдөр чухам эдийн засгийн ямар үзүүлэлттэй улс оронд амьдарч байгааг тань уншигч танд нэг дор мэдээлж байна. Эдийн засгийн нэг үзүүлэлтийг нэг өгүүлбэрт багтаан мэдээлэх уг мэдээлэлд таныг анхаарлыг аваачъя. 

- Өрхийн бодит хэрэглээ 10,9 хувиар буураад байна. 

- Ажилгүйдлийн түвшин 10,4 хувьд хүрч, 35 мянган хүн шинээр ажилгүй болсон.

- 2017 онд төсвийн орлого тасалдах эрсдэл өндөр байна.

- 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн алдагдал 2016 оны эцэст ДНБ-ий 18 хувьд хүрэхээр байна.

- Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр одоо хир нь тодорхой бус байна.

- Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 88 хувьд хүрлээ.

- Өрийн тусгай шаардлага ирэх онд зөрчигдөх эрсдэл өндөр байна.

- Гадаад валютын улсын нөөц хангалтгүй, гадаад төлбөрийн чадвар сул байна.

- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш цаашид үргэлжлэн сулрах дарамт өндөр байна.

- Төгрөгийн ханш өндөр хурдаар эрчтэй суларч байгаа нь санхүү, эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэж байна.

- Манайхаас экспортлогч орнуудын эдийн засгийн өсөлт саарч байна.

- Худалдааны нөхцөл өмнөх онтой харьцуулахад муу хэвээр байна.

- Түүхий эд, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ цаашид мэдэгдэхүйц сайжрахааргүй, Монгол Улсын гадаад эрэлт бага байхаар байна.

- Эдийн засаг мөчлөгийн уналтын төлөвт шилжээд байна.

- Аж үйлдвэр, худалдааны салбарын ажиллагсадын тоо буурч байна.

- Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь өсөж байна.

- Банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд системийн түвшинд тогтвортой байна.

- Эдийн засгийн хүнд, эрсдэлтэй байдал хуримтлагдсаар байна. 

Эх сурвалж: Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын асуудлууд, илтгэл