Гишүүд энэ сарын 29-нөөс ажилдаа орох уу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2017.06.27

Гишүүд энэ сарын 29-нөөс ажилдаа орох уу?

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган 2017 оны 6 дугаар сарын 14-нөөс 28-ныг хүртэл түр хугацаагаар завсарласан.

Энэ 14 хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, хаврын чуулганаар хэлэлцэн батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд сурталчилж, тэдэнтэй санаа бодлоо солилцсон юм.

Ингээд маргааш хаврын чуулганыг түр завсарлуулах УИХ-ын даргын захирамж дуусгавар болж, 6 дугаар сарын 29, 30-ны Пүрэв, Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан болох учиртай. Улмаар 7 дугаар сарын 5-нд хаврын чуулган өндөрлөх товтой байдаг.

Уг хуралдаанаар шийдвэрлэх гол асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, хууль гаргах байсан. Гэвч ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй учраас дахин санал хураалт болох төлөвтэй байгаа энэ нөхцөлд чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна. 

Дашрамд дурдахад, яг одоо Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүн нэгтгэж байгаа бөгөөд өнөөдөр 14.30 цагт хэвлэлийн бага хурал хийж, энэ удаагийн сонгуулийн ирц, дүнгийн талаар мэдээлэл хийнэ гэв. Уг мэдээллийн дараа асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхой болох биз.