УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.10.21

Я.Содбаатар: Арилжааны банкуудад тавих шаардлагаа өндөрсгөөд хооронд нь нэгтгэх боломж бий юу?

Төрөөс мөнгөний бодлогын 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуулаа. 

"Сүүлийн жилүүдэд зээлийн чанарын асуудал яригдаж байна. Чанаргүй зээлийн хэмжээнээс харахад тун таагүй дүр зураг ажиглагдаж байна. Чанаргүй зээлийн 24 хувийг уул уурхай, 16,9 хувийг боловсруулах салбар, 14,5 хувийг бөөний болон жижиглэн худалдаа, барилгын салбар 10,4 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийн нийт 60 хувийг том ААН-үүдэд ногдож байна.  Тиймээс санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанкнаас мөнгөний бодлогын баримт бичгүүдээ ямар ямар шийдэл, алхмууд тусгасан бэ? Уламжлалт байдлаар хүүгээ өсгөөд, банкуудаа шалгаад явах юм уу?

Казакстан, АНУ-д чанаргүй зээлийг багцалж зардаг арга хэмжээнүүд авч байсан. Эсвэл гадаадын арилжааны банкууд оруулж ирж санхүүгийн салбараа либералчлах, арилжааны банкуудад тавигдах шаардлагуудаа өндөрсгөөд өөр хооронд нь нэгтгэх гэх зэргээр ямар арга хэмжээнүүдийг бодлогын чанартай авах вэ?

Өнөөдөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн 2020 онд гарна гэж суух нь утгагүй байх л даа. Үр дүн нь хурдан хугацаанд гарах арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхгүй юм бол төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал гэж байгаа дээрээ нэмээд санхүүгийн салбараа хүнд байдалд оруулчихвал эдийн засгийн хүндрэл улам л гүнзгийрнэ.

Хоёрт, төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах талаар шат шатандаа ярьж байна. Гэхдээ мөнгөний бодлогын хүрээнд оруулж ирж буй тоонууд хоорондоо зөрөөд байна. Төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах зорилгоор Сангийн яамтай хамтран ямар арга хэмжээ авч байна вэ? Төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тал харилцан ярилцаж, авч хэрэгжүүлж буй ямар арга хэмжээ байна вэ?

Гуравт, валютын ханшийн асуудал байна. Олон хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ Монголбанк валютын ханшийг зах зээлийн нөхцөлтэй уялдан тогтвортой барих чиглэлд үүрэг хүлээдэг. Тиймээс валютын ханшийг тогтворжуулах чиглэлээр ямар бодлого баримтлах вэ? Ханшийн зах зээлийг нээлттэй болгоно гэж хэд хэдэн заалт орсон байна. Энэ талаар тодруулаач? Ер нь Монголбанкны алдагдал энэ жил хэдэн төгрөгт хүрээд байна?

Арилжааны банкуудын өөрсдийн хөрөнгийн өгөөж өндөр байна. Нийт санхүүгийн салбарынхаа 95,6 хувийг эзэлж байна."