Б.Батдаваа: Төв банк уян хатан ханшаар валютын нөөцөө хамгаалдаг
Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төслийн гуравдугаар заалтад “Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх” зорилт тусгагдсан. Энэ хүрээнд Төв банк ирэх онд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж байна вэ?
УИХ-ын тогтоолын төслийн 3.1-д валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоог бүрдүүлэх гэсэн заалт бий.
Монгол Улсын валютын захыг харвал “Найман шарга” буюу бэлэн валютын зах,арилжааны банкуудаар ихэнх арилжаа дамждаг. Гэтэл бусад улсын жишээг харвал банк хоорондын зах голлох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд арилжаа нь дэвшилтэт программ хангамжаар дамжин явагддаг.Тодруулбал, арилжааны ханш болон холбогдох мэдээлэл нь оролцогсдод ил тод, нээлттэй, тухайн ханшаар арилжаа чөлөөтэй хийгддэг.
Гэтэл манайд “Найман шарга” зах дээр очоод 100 мянган ам.доллар шууд заръя гэвэл авах хүн олдохгүй. Банкин дээр очоод нэг сая ам.доллар авъя гэвэл “Манайх зарахгүй” гэх тохиолдол ч сүүлийн саруудад гарсан. Өөрөөр хэлбэл, валютын зах маань хөрвөх чадвар муу. Захад ямар ханшаар хэлцэл хийгдээд байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Үүнээс шалтгаалаад ямар нөхцөл байдал үүсдэг вэ гэхээр тухайлбал экспортын орлоготой компаниуд орлогоо ам.доллар эсвэл юаниар олдог шүү дээ.
Орж ирсэн гадаад валютаа эргүүлээд төгрөг болгоё гэхээр ямар ханшаар хэнд зарах нь ойлгомжгүй болчихдог. Ингээд тухайн компани өөрийнхөө харьцдаг хоёр, гурван банкны дунд дуудлага худалдаа зохион байгуулаад, эсвэл хэн илүү өндөр үнэ санал болгосонд нь валютаа зардаг. Ингээд тухайн валютыг худалдаж авсан банк нь өөрийнхөө томоохон харилцагч, импортлогч компаниудад тухайн валютыг зарах нөхцөл байдал үүсдэг байх жишээтэй.
Яагаад ийм нөхцөл байдал үүсчихээд байна вэ?
Яагаад гэвэл манай улсад өнөөдөр валют арилжааны нэгдсэн платформ байхгүй, үүнээс шалтгаалан зах зээлд мэдээллийн зөрүүтэй байдал бий болдог. Харин Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт арилжааны банкуудын дунд валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг.
Энэ нь валютын зах дээр эрэлт, нийлүүлэлт нь ямар байна вэ, бодит ханш хэд дээр тогтож байна вэ гэдгийг мэдэх зорилготой. 2009 онд бид дуудлага худалдааг анх эхлүүлэхдээ “Түр зуурын хэрэгсэл” гэж үзэж байсан. Өөрөөр хэлбэл, жилийн дараа бид банк хоорондын валют арилжааны нэгдсэн платформтой болно гэж төлөвлөж байсан юм. Гэсэн хэдий ч Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаа нь өнөөг хүртэл валютын захын эрэлт, нийлүүлэлтийн мэдээллийг түгээх гол хэрэгсэл хэвээр байна.
Тэгвэл 2017 онд энэ чиглэлээр тодорхой ахиц, дэвшил гарна гэж хүлээж болох уу?
Бидний зүгээс Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлдээ валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх талаар зорилт тусгасан бөгөөд энэ тухай судалгаа шинжилгээний ажил хийж эхлээд байна. Тухайлбал, энэ нь аль болох зах зээлд оролцогсдынхоо тоог нэмэгдүүлж, мэдээллийн зөрүүгүй болгоё гэж зорьж байна. Өнөөгийн нөхцөлд мэдээлэл сайтай, томоохон харилцагчид нь хоорондоо хэлцэл хийчихдэг. Энэ дунд зарим харилцагч нь хаягдах нөхцөл байдал үүсдэг.
Нэгдсэн платформтой болчихоор зах зээлд оролцогчид ямар ханшаар хэдий хэмжээний валютыг худалдах болон худалдан авах эрэлтийн мэдээллийг шуурхай харах боломжтой болно. Нэг ёсондоо мэдээлэл ил тод, хөрвөх чадвар өндөртэй валютын захыг бий болгох юм. Ингэснээр мэдээллийн тэгш байдал хангагдаж, зах зээл дээр өрсөлдөөнт орчин үүснэ. Тэр хэрээр зах зээлд оролцогчид нэмэгдэж, валютын ханшийн тухай хүлээлт ч харилцан адилгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ нь цаашлаад санхүүгийн үүсмэл хэрэгслүүд хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Үүсмэл хэрэгслийн зах зээл хөгжихийн хэрээр зах зээлд оролцогчид ханшийн эрсдэлээ удирдах боломж улам нэмэгдэх юм.
Монголбанк төгрөгийн гадаад валюттай харилцах уян хатан ханшийн бодлого баримталдаг. Мөнгөний бодлого дээрээ ч байнга тусгадаг. Ер нь ханш яагаад уян хатан тогтох ёстой вэ гэдгийг та тайлбарлана уу?
Нэгдүгээрт, эдийн засагт үүссэн гадаад болон дотоод шокийг уян хатан ханшаар шингээдэг нь уг дэглэмийн хамгийн гол давуу тал байдаг. Жишээлбэл, манай экспортын орлого 2012 оноос хойш огцом буурсан. Тэр үеэс хойш бид тогтмол ханш барьсан бол манай импорт буурахгүй. Нөөцөөсөө валют зараад л явах нөхцөл байдал бүрдэх байсан.
Монголбанк ханш эдийн засгийнхаа суурь нөхцөлтэй нийцтэйгээр суларч, уян хатан тогтохыг хүлээн зөвшөөрснөөр гадаад валютын орох, гарах урсгалаар дамжуулаад эдийн засагт тохиргоо хийх боломжийг олгосон. Энэ нь эргээд валютын нөөцөд ирж байгаа дарамтыг бууруулна. Сүүлийн үед Монгол Улсын гадаад валютын нөөц нэлээд буурсан, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Энэ тохиолдолд бид уян хатан ханшаар дамжуулж валютын нөөцөө хамгаалж үлдэх бололцоотой юм.
Гадаад валютын өнөөгийн нөөц яг хэдий хэмжээнд байна вэ?Цаашдаа нөөцөө нэмэгдүүлэхийн тулд Төв банк ямар арга хэмжээ авах вэ?
2016 оны наймдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 1,141.9 сая ам.доллартай тэнцэж байна. Олон улсын жишгээр гадаад валютын нөөц тухайн улсын гурван сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байвал нөөц хангалттай гэж үздэг.
Бид өнөөдрийн байдлаар дөрвөн сар орчмын импортын хэрэгцээг хангах нөөцтэй байна. Гэхдээ өмнөх жилүүдийнх шиг их хэмжээний интервенц хийж, ханшийг барих оролдлого хийх орон зай бага болчихлоо. Тийм учраас бид экспортын орлого буурсан, гадаад валютын орох урсгал багассан энэ үед ханшийн уян хатан бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа.
Түүнчлэн эдийн засгийнхаа суурийг бэхжүүлэх, импортын хэт тэлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлах, валютын орох урсгалыг дэмжих, валютын нөөцөө хамгаалах зорилгоор мөнгөний бодлогын хүүгээ өсгөөд байна. Цаашдаа Засгийн газраас валютын орох урсгалаа нэмэгдүүлж чадвал тэр хэрээр Монголбанк нөөцөө нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Монголбанк мөнгөний бодлогын хүүг өсгөсөн нь нэг талаас ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, төгрөгт итгэх итгэлийг сэргээх зорилготой байсан. Гэтэл үүний нөгөө талд гадаад валютын нөөцөө хамгаалах зорилго ч бас байсан юм байна?
-Наймдугаар сарын 18-нд бодлогын хүүг өсгөсөн. Ингээд ес, аравдугаар сард хийсэн интервенцийн хэмжээг харвал сард дунджаар хоёр сая ам.доллар байгаа.
Энэ сард л гэхэд Монголбанк зах дээрээс найман сая ам.доллар худалдаж аваад байна. Үүнээс өмнөх саруудад Төв банкны интервенцийн хэмжээ сард дунджаар 140 сая ам.долларт хүрдэг байсан.
Тэгэхээр бид бодлогын хүүгээ нэмэгдүүлж, ханшийн уян хатан тогтох бололцоог бүрдүүлснээр валютын нөөцөө хамгаалах, цаашлаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.
Гадаад валютын нөөц хангалттай, эсвэл бага байх нь эдийн засагт ямар байдлаар нөлөөллөө үзүүлдэг юм бол?
Ер нь яагаад валютын нөөцийн хэмжээ чухал вэ гэх асуудал бий. Наймдугаар сарын 19, наймдугаар сарын 26-ны өдрүүдэд манай зээлжих зэрэглэлийг S&Pболон Moody’s агентлагууд дараалан бууруулсан.
Үүний гол шалтгаан юу байсан бэ гэвэл нэгдүгээрт, Монгол Улсын гадаад төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буюу гадаад зээл, өрөө төлөх чадвар нь муудчихлаа, гадаад валютын эх үүсвэр нь бага болчихлоо гэж байгаа юм. Энэ нь үндсэндээ манай нөөцийн хэмжээг л харж хэлээд байгаа юм. Дээрээс нь экспортын орлого нь хэд болсон, хөрөнгө оруулалт нь сэргэж байна уу гэдэг үзүүлэлтийг харж байгаа. Тэгэхээр нөөц багасчихаар эргээд манай зээлжих зэрэглэл буурна.
Зээлжих зэрэглэл буурахаар Монгол Улсад орж ирэх зээл, бондын хүү нэмэгддэг. Нөөц буурах тусам Монгол Улс руу орж ирэх зээл, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх сөрөг талтай. Зээлжих зэрэглэл муутай оронд орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ч бас хумигддаг.
Тэгэхээр нөөцийн хэмжээ буурах нь нийт эдийн засагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг бууруулах сөрөг нөлөөтэй. Тийм учраас валютын нөөцөө ямар нэгэн байдлаар хамгаалах, нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлдэг.