2024.10.17
Г.Тэмүүлэн: Монголбанк зах зээлийнх нь жамаар зээлийн хүүг бууруулж, иргэдээ хамгаалах бодлого явуулах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Нэгдүгээрт, төсөв мөнгөний бодлогын уялдаа гэдгийг бид олон жил ярьсан. Төсөв нэг талдаа тэлээд алга боллоо. Нөгөө талдаа бид түүхэндээ байгаагүй хамгийн том төсвийг хэлэлцэх гэж байна. Зардал нэмэхийг эдийн засаг чинь даах юм уу. Монголбанкныхан үүнийг юу гэж үзэж байна. Төсөв мөнгөнийхөө бодлогын уялдааг яаж хийх ёстой вэ?
Хоёрдугаарт, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бизнес болоод хэрэглээний зээлийн хүү хамгийн өндөр байгаа. Манайх шиг 20%-аас дээш давсан зээлийн хүүтэй улс орон хэд байдаг юм. Үүн дээр судалгаа байна уу. Бизнес болон хэрэглээний зээлийн хүү өндөр байна. энэ өндөр хүүнд ард нийтээрээ хүлэгддэг, хувийн хэвшил ширгээд алга боллоо. Арилжааны банкнууд дээр ямар дүгнэлт хийж байна. Бид цаашид яах ёстой юм?
Гуравдугаарт, жирийн иргэдийн хувьд банкны шалгуурыг хангаж чадахгүй байна. Мөн дээрээс өгсөн урамшуулал, дэмжлэгийг гацаадаг асуудлууд ч байна. Үүн дээр Монголбанк хяналтаа тавьж чадаж байна уу. Цаашид бид иргэдээ өндөр зээлийн хүүнээс хэрхэн хамгаалах юм, зах зээлийнх нь жамаар зээлийн хүүг бууруулахад хэрхэх ёстой юм. Монголбанк зах зээлийнх нь жамаар зээлийн хүүг бууруулах, иргэдээ хамгаалах бодлого явуулах ёстой. Үүнийг хэрхэн харж байна?
Түүний асуултад, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан