Л.Болдын санал бүс нутгийн хэмжээнд дэмжигдлээ
2011.06.06

Л.Болдын санал бүс нутгийн хэмжээнд дэмжигдлээ

Олон улсын аюулгүй байдлын судалгааны хүрээлэн /IISS/, Сингапурын Засгийн газар хамтран 10 дахь удаагаа зохион байгуулж буй Азийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 3-5 өдрүүдэд Сингапурт болж өнгөрлөө. Азийн аюулгүй байдлын чуулга уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, Сингапур улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Н.Тулга, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат нар албан ёсны төлөөлөгчөөр оролцсон юм. Мөн Олон улсын аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн урилгаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг оролцсон байна. Тус чуулганы үеэр Л.Болд бүс нутгийн хэмжээнд нийтийг хамарсан гамшиг, ослын үед хамтран ажиллах аюулгүй байдлын механизм бий болгох санаачилга гаргасныг чуулганд оролцогсод дэмжихээ илэрхийллээ.

 

Мөн тэрбээр БНХАУ, Вьетнам, Сингапур, Тайландын Батлан хамгаалахын сайд Лян Гуанли, Фунг Куанг Тан, Нг Энг Хен, Правит Вонгсувон, түүнчлэн АНУ-ын Ази Номхон далайн аюулгүй байдал эрхэлсэн дэд сайдын орлогч М.Шиффертэй хоёр талын уулзалтууд хийж батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцав. Нисэх хүчний "Авиэшн вийк" сэтгүүлийн хүсэлтээр сайд Л.Болд зэвсэгт хүчний шинэчлэл, ялангуяа агаар цэргийн цаашдын хөгжлийн үндсэн чиглэлийн талаар ярилцлага өгсөн байна. Азийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулганы хуралдаанд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс "Ази-Номхон далайн аюулгүй байдалд тулгарч буй сорилтууд" гэсэн сэдвээр үндсэн илтгэл тавьсан байна. Түүнчлэн БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд генерал Лян Гуанли Хятадын батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний шинэчлэл хөгжлийн талаар илтгэсэн бөгөөд чуулганд оролцогсод түүнд олон асуулт тавьж байлаа. Энэ нь Хятадын цэргийн өсөн нэмэгдэж буй хүчин чадал Азийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн нөлөөтэй болсон, Азийн бусад улсууд Хятадын байр суурийг анхааралтай судалж байгааг харуулсан хэрэг боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.