Оросын алдартай улстөрч Жириновский “Манай нууц зэвсэг сая сая хүнийг устгах чадвартай” хэмээн мэдэгдлээ
2011.05.19

Оросын алдартай улстөрч Жириновский “Манай нууц зэвсэг сая сая хүнийг устгах чадвартай” хэмээн мэдэгдлээ

Байнга л дуулиан шуугиан тарьж байдаг, ОХУ-ын нэртэй улстөрчдийн нэг Владимир Жириновский хачирхалтай мэдэгдэл хийж, Төрийн Думаа шоконд оруулав. “Хэрэв АНУ, НҮБ эсвэл Гүрж зэрэг улс орнууд ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд саад хийх юм бол манайх шинэ технологийн зэвсэг буюу цаг агаарыг өөрчилдөг нууц зэвсгээ ашиглаж, дэлхийн аль ч хэсгийг устгаж чадна. Энэ зэвсэг зуун сая гаруй хүнийг ч алчихна” хэмээн тэрбээр мэдэгдсэн тухай “infowars.com” сайт бичжээ.


Владимир Жириновский бол Оросын либерал ардчилсан намын тэргүүн. Энэ намыг КГБ, Коммунист намтай ойр холбоотой гэх нь бий. Оросын либерал ардчилсан нам улстөрд нэлээд жинтэй, хүчирхэг намуудын нэг. Гэтэл түүний тэргүүн Жириновский яг дайнч нео-фашист шиг авирладгаараа алдартай.
Жириновский “Америкийн Засгийн газар ирээдүйгүй, удахгүй баларч сүйрэх нь тодорхой. Орос гүрэн сансарт давамгайлж байгаа. Манай улс их мөнгө, бас нөөцтэй. Мөн бидэнд хэний ч мэдэхгүй нууц зэвсэг бий. Түүний тусламжтайгаар бид ямар ч улсыг 15 минутын дотор л устгачихна” гэж сүрдүүлсэн байна.
“Энэ бол дэлбэрэлт биш, ямар нэг цацраг туяа, гялбаа ч биш. Харин нам гүм, чимээгүй зэвсэг. Гэхдээ түүний үйлчлэлийн нөлөөгөөр бүхэл бүтэн тив ч тэр чигээрээ үүрд унтах болно. Хэрэв Орос, Японы хооронд дэгдсэн газар нутгийн маргааны объект болсон Курилийн арлуудыг манай гэдэгт эргэлзэн, хөндлөнгөөс хэн нэгэн оролцвол 120 сая хүн үхэх болно” гэж түүнийг сэрэмжлүүлэхэд телевизийн хөтлөгч бүсгүй инээмсэглэж байлаа. Харин Жириновский өөрөө огт хошигносон шинжгүй харагдаж байжээ.
Жириновский саяхан Японд болсон цунамийг дурдаад, “Миний ярьж байгаа зэвсгийг АНУ болон Оросод 1950-иад оноос хойш идэвхтэй судалж ирсэн бөгөөд өнөөдөр өргөн ашиглагдаж байгаа цаг уурыг хянах технологитой холбоотой” гэв. Энэ оны 3-р сард Японд аймшигт цунами болсон билээ. Гэтэл Курилийн арлуудыг цунамитай аймшигт цунами болсон холбоотойгоор дурдсан нь Орос ямар нэг байдлаар Японд болсон байгалийн гамшигтай холбоотой байж болох юм хэмээн “infowars.com” сайт үзжээ.
Төрийн Думын депутат Жириновский Гүржийг газрын хөрснөөс арчина гэж амлаад, дараа нь дахин нэг цунами дэлхийн нөгөө хэсэгт Кавказад болно гэлээ. Тэр бүү хэл Жириновский “Одоо Ойрхи Дорнод, Умард Африкт болж байгаа эмх замбараагүй явдлаас удахгүй болох дэлхийн 3-р дайн дэгдэнэ. Үүний дүнд Европын холбоо, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг даяаршсан байгууллагууд устаж, Оросын удирдлаган дор дэлхийд шинэ эмх журам тогтох болно” гэж мэдэгджээ.
Ингэхэд Москва цаг уурыг хянах технологийг тогтмол хэрэглэж, үүл хөөдөг. Ялангуяа үндэсний баяр наадам, Цэргийн сүрт парад хийх үедээ. Гэхдээ цаг агаарыг хянах төхөөрөмжийг бүхнийг сүйрүүлэгч аймшигт зэвсэг болгох нь арай дэндүү баргар зөгнөл мэт санагдаж байгаа биз.
Дашрамд дурдахад цаг уурыг удирдах асуудлыг судалдаг шинжээч Бен Ливингстон бүр 1950-иад онд буюу хүйтэн дайны үед АНУ асар их мөнгийг тусгай хөтөлбөрт зарцуулж, цаг агаарыг зэвсэг болгон ашиглах боломжийг судалж байсан тухай мэдэгдэж байсан удаатай. Бен Ливингстон бол флотын физикч байсан бөгөөд цагтаа Ерөнхийлөгч Линдон Жонсоны зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрээр Вьетнамын дайны үеэр цаг уурыг хянах талаар Ерөнхийлөгчид зөвлөгөө өгч байсан юм. Иймээс оросууд мөн америкчууд шиг иймэрхүү судалгаа, төсөл хэрэгжүүлж байгаагүй гэж үзвэл их л гэнэн хэрэг болох биз ээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Уильям Коэн бүр 1997 онд экологийн терроризмын тухай ярьж байсан юм. Тэрбээр “Экологийн терроризм болбол цаг уур өөрчлөгдөж, галт уулс сэргэн, газар хөдлөлт болж магадгүй. Ийм зорилгоор цахилгаан соронзон долгионыг ашиглаж болзошгүй” хэмээжээ.
Та “HAARP” хөтөлбөрийн тухай сонссон уу? АНУ-ын Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, Аляскийн их сургууль ба DARPA-ын хамтран санхүүжүүлдэг “HAARP” хөтөлбөрийн тухай цуу яриа, сэжиг таамаг олон жилийн турш яригдсаар байгаа. НАСА-гийн эрдэмтэд “Манай агаар мандлын дээд хэсэгт үүсдэг цахилгаан саатал ба доор явагддаг газар хөдлөлтийн хооронд уялдаа холбоо байна” хэмээн мэдэгдсэн. Иймээс л “HAARP” төхөөрөмжийн тусламжтайгаар зориудаар газар хөдлөлт үүсгэдэг гэж сэжиглэх болжээ.
Гэхдээ л ноён Жириновскийн ярьсан технологи нь шинжлэх ухааны уран зөгнөл мэт. Гэвч юмыг яаж мэдэх вэ, XXI зууны дунд үеэр бодитоор хэрэгжих ч юм билүү.
Жириновский бол Оросын том улстөрчдийн нэг. Тэр үе үе этгээд мэдэгдэл хийдэг, үүнээс болоод зарим нь түүнийг улстөрийн алиалагч гэх нь бий. Гэхдээ л Төрийн Думын депутат хүний ийм ноцтой мэдэгдлийг галзуу хүний солиорол гээд үл тоож болохгүй байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.