Д.Ганхуяг: “Бридж” яагаад төсөлд оролцож болохгүй гэж
2011.05.19

Д.Ганхуяг: “Бридж” яагаад төсөлд оролцож болохгүй гэж

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг гишүүнийхээ болон Монгол-Японы парламентын бүлгийн даргын эрх мэдлээр хувийн тогтолт хийж Японы “Өвсний үндэс” хөтөлбөр, бусад зээл, тусламжийг өөртөө ашигладаг гэсэн шуугиан гарах болсон. Энэ талаар эрхэм гишүүнээс тодрууллаа.

-Таныг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хөрөнгө, зээл тусламжийг хувьдаа ашигладаг гэсэн шуугиан гараад байна. Яагаад ийм зүйлд таны нэр холбогдох болов?

-Энэ  маш хортой гүтгэлэг. Япон хөгжлийн албан ёсны тусламжаа олон оронд хэрэгжүүлдэг. Япон улс ард түмнийхээ татварын мөнгөөр аль нэг  улстөрч, эсвэл тэр орны хувийн компанид үйлчлэнэ гэж байхгүй. Тэд авилга авдаггүй, өгдөггүй гэдгээрээ зартай улс. Зарим хэвлэл намайг гүтгээд зогсохгүй Японы ард түмний сайхан сэтгэл рүү ус цацчихлаа. Харамсалтай байна. Хаанахын ч улстөрч бай, хувиараа Японы улстөрч, төрийн албан хаагчдад хувийн болоод аль нэг компанийн асуудлаар хандвал тэд дахиад бараг харилцахгүй байх аа. Тийм л ёс зүйтэй хүмүүс гэдгийг хэлэх байна.

Япончууд  манай шилжилтийн үе буюу 2010 оныг хүртэлх хугацаанд Монгол Улсад 1,08 орчим тэрбум ам. долларын буцалтгүй тусламж, 800 гаруй  сая ам. долларын хөнгөлөлтэй зээл өгсөн. Үүнээс “Өвсний үндэс” хөтөлбөрийн  буцалтгүй тусламжаар 280 гаруй сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг шинээр барих, өргөтгөхөд 20 гаруй сая ам.долларыг зарцуулсан байдаг.

“Өвсний үндэс” хөтөлбөрийг 1989 онооос эхлэн хэрэгжүүлсэн.  Нэг төслийн төсөв нь125 мянган ам. доллар хүртэл байдаг. Энэ  хөтөлбөрийн хүрээнд “Бридж констракшн” ХХК эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилга болон өргөтгөл,засварын гэсэн дөрвөн ажлыг  Хөвсгөл, Архангай, Уланбаатарт хэрэгжүүлсэн. Монголд “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжээгүй сум, аймаг, дүүрэг ховорхон байх гэж бодож байна. “Өвсний үндэс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Японы Элчин сайдын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн байгуулагын хүсэлтийг үндэслэн  гүйцэтгэгч компаниудын дунд тендэр зарлаж шийдвэр гаргадаг, гүйцэтгэлийг хянадаг. Бодит үнэн бол энэ. Би “Бридж констракшн” компанид албан ёсоор хувь эзэмшдэг нь үнэн. Энэ компани “Өвсний үндэс”-ийн 280 гаруй төслөөс дөрвөн төсөлд оролцсон. Яагаад оролцож болохгүй гэж. Лав хууль зөрчөөгүй. Би 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Энэ хөтөлбөр намайг УИХ-ын гишүүн болохоос 15 жилийн өмнө эхэлсэн, төслийг шийдэх, хэрэгжүүлэхэд миний зүгээс оролцох боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ асуудлаар найдвартайгаар нь Японы Элчин сайдын яам, ЖАЙКА-гаас тодруулах нь зүйтэй гэж хэлэх байна.

- “Бридж компани нэг сургуулийг гурван сая ам.доллараар барьдаг. Гэтэл бусад компани 1.5 тэрбум.төгрөгөөр ийм сургууль барьж байхад Бридж 2.5 сургууль барих хөрөнгөөр нэг сургуулийг чадан ядан барьдаг” гэдгийг юу гэж ойлгох вэ. Мөн таныг хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг дутуу бөглөсөн гэж шүүмжлээд байгаа. Яагаад ийм яриа гарах болсон бэ?

-Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр  Японы буцалтгүй тусламжийг хэрэгжих төсөл 2000 оноос эхэлсэн. Энэ төслийг Монголын талаас БСШУЯ, Японы талаас Японы Засгийн газрын гадаадын зээл тусламжийг хэрэгжүүлэгч  ЖАЙКА байгууллага хамтарч  хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжүүлж ирлээ. Төслийн ерөнхийлөн гүйцэтгэгчийг ЖАЙКА байгууллага, Японы зөвлөх компани, Монголын БСШУЯ-ны оролцоотойгоор уралдаант шалгаруулалтаар шийддэг. Энэ шалгаруулалтаар шалгарсан төслийн ерөнхийлөн гүйцэтгэгч Японы компани нь Монголын аж ахуйн нэгжүүдээс туслан гүйцэтгэгч компаниудыг шалгаруулдаг. Энэ  үйл явц нь Японы Засгийн газрын нэр хүндтэй холбоотой учир тэд барилгыг чанартай барьж чадах туслан гүйцэтгэгчийг сонгох эрхтэй байдаг. Энэ төслийг хэрэгжүүлэх хугацаанд манай барилгын компаниудаас “Дархан төмөрлөг”, “Суурь” “МЕС” , “ХИМОН”, “Улаанбаатар констракшн”, “Бридж констракшн” зэрэг компани шалгарч байжээ. Төслийн ерөнхийлөн гүйцэтгэгч компаниас туслан гүйцэтгэгч компаниар нэг сургуулийн барилгыг барилгын нийт талбайн хэмжээнээс  шалтгаалж 400 000-800 000 ам.долларын  ажлыг гэрээний дагуу гүйцэтгүүлж ирсэн байна. Энэ төслийн хүрээнд  ойролцоогоор нийт 20 000 орчим суудалтай 40 гаруй сургуулийг барьсан. Тодруулбал, нийслэл болон төвлөрсөн хотуудад нэг ээлжээр тооцоход Монголын ирээдүй болсон 20 гаруй мянган хүүхэд суралцах сургуультай болсон гэсэн үг. Ёстой нөгөө “Өөдөө гэсэн хүнтэй өдөр шөнө заргалдана” гэдэг болж байна даа. Энэ төслийн туслан гүйцэтгэгчээр “Бридж констракшн” компани анхнаас нь шалгарч ирсэн. Шалтгаан нь компанийн захирал нь Японд их сургууль төгссөн япон хэлтэй хүн байдаг. Нөгөө талаас энэ компанид  япон инженер ажилладаг. Энэ компани энэ төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа захиалагчийнхаа итгэл найдварыг алдаж байгаагүй байх аа. Энэ нийгэмд ямар ч аж ахуйн нэгж захиалагч, үйлчлүүлэгчийнхээ итгэлийг дааж чадаж байвал тэр төсөлдөө дуустал оролцох нь хэнд ч ойлгомжтой. Бодит үнэн ийм л байна. Мөн энэ төсөл нь намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө эхэлсэн юм.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд би байгаа бүхнээ бөглөсөн. Надад өөрийн хөрөнгөө хэн нэгэн хамаатныхаа нэр дээр бүртгүүлсэн зүйл байхгүй. Би “Бридж” группын толгой компани “Бридж” ХХК, түүний 10 гаруй охин компанид эзэмшдэг нийт хувьцааны тоо, түүний мөнгөөр илэрхийлсэн дүнг тавьсан. Авилгатай тэмцэх газраас “хөрөнгө орлогын мэдүүлэг чинь хууль бус  байна, тодруулга хий” гэж надад хэзээ ч хэлээгүй.

-Яагаад таны талаар иймэрхүү шуугиан гарах болсон юм бол?

-Үүний шалгаан ойлгомжтой л доо. Миний бие Оюутолгойн гэрээнд  Монголын ашгийг нэмэгдүүлэх байдлаар өөрчлөлт оруулах, Тавантолгойтой холбоотой луйврыг зогсоох талаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд туушдаа тэмцэж байгаа. Нөгөө талаас УИХ-ын 2012 оны сонгууль дөхөж байгаа, Баянзүрх, Налайх дүүрэг хүн ам ихтэй учир тойргоо сольж Баянзүрх дүүрэгт өрсөлдөх гэж байгаа улстөрчдийн явуулга байхыг үгүйсгэхгүй. Би тойргийнхоо хөгжлийн төлөө олон төсөл хэрэгжүүлсэн. Цаашид ч илүү эрчтэй ажиллах болно. Энэ гүтгээд байгаа улстөрчдөд хийсэн ажил, хийх гэж байгаа ажлаараа өрсөлдөхийг л уриалах байна.

-Та Монгол-Японы парламетийн бүлгийн даргаар сүүлийн зургаан жил ажиллалаа. Энэ хугацаанд ямар  ямар ажлууд санаачилж хийсэн бэ?

-Монгол Японы хамтын ажиллагааны түүхэнд анх удаа Япон дахь Монголын жил Монгол дахь Японы жилийг санаачилж байсан. Мөн гацчихаад байсан жижиг, дунд үйлдвэрт зориулсан хоёр үе шаттай зээлийг хөдөлгөөнд оруулсан. Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлэх санааг оруулж байлаа. Хоёр орны эдийн засгийн харилцааг хувийн хэвшилд суурилан явуулах хамтын ажиллагааны хөтөлбөр, хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах санааг гаргаж байсан. Ингээд яривал хийсэн зөндөө ажил бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.