2011.06.03

Төв аймаг шинэ төгөлтэй боллоо

Төв Аймгийн Зуун мод хот Өмнөд Солонгосын Ансан хоттой хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээний дагуу Ансан дүүргийн төлөөлөгчид Зуун мод хотын Төв цэцэрлэгт 150 орчим нарс, гацуур тарьсан юм. Энэхүү ажиллагааг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Төв аймгийн нутгийн зөвлөл, БНСУ-ын улсын Ансан хотын захиргаа, ‘’Ever green 21’’ ТББ хамтран зохион байгууллаа. Төв аймгийн Зуун мод хот, Өмнөд солонгосын Ансан дүүргийн хамтын ажиллагаа ийнхүү мод тарих ажлаар эхлэж байгаа нь сайхан үйл хэрэг юм гэдгийг УИХ-ын дэд дарга Н.Энхболд онцлон хэлж байсан.

Төв аймгийн Зуун мод хотын цэцэрлэгт мод тарих үйл ажиллагаанд БНСУ-ын Ансан хотын захирагч  Ким Чоль Мин оролцсон бөгөөд тэрээр Монголын тэр дундаа Төв аймгийн Зуун мод хотыг онцлон сонгож авсандаа баяртай байгаагаа хэлж байсан. Иймээс хоёр хотын  хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болохоо хэллээ.

 

Төв аймаг нь тал, хээр хангай, говь хосолсон Монгол нутгийн төвийн тулгуур бүс гэдэг утгаараа ийнхүү гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Зуун Мод хот Ансан хотын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны дараа хоёр талын бизнесийн төлөөлөгчдийн /хөрөнгө оруулагчдын/ уулзалт боллоо. БНСУ-ын талаас цахилгаан эрчим хүч, ус цэвэршүүлэх болон дэд бүтэц, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байсан юм. Тэд Төв аймгийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж байсан.

 

УИХ-ын дэд дарга Н.Энхболд арга хэмжээний үеэр хэлэхдээ, ‘’Өнөө цагт дэлхий улам жижиг болж байна. Нэг улсын хөгжил нөгөө улстайгаа шууд хамааралтай болсон. Тэр дундаа байгаль экологийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх болон  цөлжилтийн эсрэг дэлхий нийт хамтаараа тэмцэж байгаагийн нэг жишээ бол Зуун мод хотод болж байгаа үйл ажиллагаа юм. Бид ирэх жил Ансан хотын төлөөлөгчдийг дахин манай Зуун мод хотод ирэхэд, эдгээр 150 гаруй модоо сайхан ургуулсан байх хэрэгтэй ’’ гэдгийг онцлон хэлж байсан. Мөн хоёр талын хамтын ажиллагааг зөвхөн мод тариад өнгөрүүлэх биш, бизнесийн уулзалт хийсэн хоёр талд хэрэгтэй, алс ирээдүйгээ харсан ажил болсныг хэлж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.