Хятад лууны жигүүр улам хүчирхэгжсээр
-ОХУ-ын шинжээч С.Балмасовын нийтлэл-
Хятад улс цэргийн нисэх хүчний бүх төрлийг эрчимтэй хөгжүүлж байна. Саяхан тэнд “шинэ төрлийн бөмбөгдөгч-пуужин тээгч. Н-6К-г туршсан. Тэр нь ЗХУ-ын ТУ-16 бөмбөгдөгч онгоцыг өөрчилсөн хувилбар аж.
Хятад цаашид ч стратегийн нисэх хүчнээ улам хөгжүүлэх нь дамжиггүй. Үүний зэрэгцээ хятадууд нисгэгчгүй нисэх аппаратуудыг /ННА/ амжилттай бүтээсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор гадаадын цэргийн шинжээчид “Хятад улс ойрын хугацаанд аэрокосмосын үйлдвэрлэлийн ирээдүйтэй салбар болох цэрэг, батлан хамгаалах үйлдвэрлэлээр өрнөдийг гүйцэхээр барахгүй ардаа хаях магадлалтай хэмээн эмээж байна.
Хятад улс гадаадын нийлүүлэлтэд найдах бодолгүй байна. Яагаад гэвэл энэ нь гадаадын үйлдвэрлэгчдээс хамааралтай байдалд оруулж, улмаар хэт том гүрэнд осолтой байж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа аж. Өнгөрсөн жил хятадууд Чжухайн авиакосмосын үзэсгэлэнд ННА-ын хэдэн арван загварыг үзүүлсэн. АНУ-ын Цэргийн нисэх хүчний тагнуулын штабын орлогч асан Дэвид Дептул “Миний хувьд энэ үэзсгэлэнгийн хамгийн таагүй нээлт нь WJ-600 аппарат байсан. Нисэх онгоц тээгч бүлгийн хөлөг онгоцуудыг устгах төхөөрөмжийг тээвэрлэдэг гэж мэдэгдсэн ч гадна үзэмж, төрхөөрөө АНУ-н Томогавк пуужинтай төстэй” хэмээн мэдэгдлээ.
Энэ оны 5-р сарын 10-нд Бээжин V750 нисгэгчгүй вертолётоо олонд танилцуулсан. Энэ нь 80 кг ашигтай ачаа тээх чадвартай, 4 цаг гаруй тасралтгүй нисдэг, 161 км/цаг дээд хурдтай хөлөг аж. Хятад өрнөдийн ННА-ыг хуулбарлаж, заримдаа синтезэлж үйлдвэрлэх замаар энэ салбарын хоцрогдлоо арилгаж байна. Үүний тулд Хятад улс үйлдвэрлэлийн тагнуул хийхээс ч буцдаггүйг гадаадын цэргийн шинжээчид тэмдэглэж байна. АНУ, Израиль, болон ОХУ-д бүтээгдээд, гэхдээ ямар нэг шалтгаанаар үйлдвэрлэгдээгүй ННА-ыг хятадууд их хулгайлдаг гэнэ.
АНУ-ын шинжээч Рон Стернс “Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр Хятад улс ННА-ыг АНУ-гаас 2-2.5 дахин хямдаар үйлдвэрлэдэг” гэжээ.
2011 онд Хятад аэрокосмосын салбараа маш эрчимтэй хөгжүүлэхээр төлөвлөж байна. Хятад анхны онгоц тээгч хөлгөө үйлдвэрлэж, мөн сөнөөгч СУ-3-ыг хуулбарласны ачаар өөрийн хөлөг онгоцны нисэх хүчинтэй болсон.
Энэ юу ч биш, хятадууд одоо сансрын армитай болох гэж байгаа. Хэдэн сарын дараа Бээжин анхны орбитын станцаа ашиглалтад оруулна. Энд Tiangong-1 модуль ба Shenzhou-8 сансрын хөлгийн тухай яригдаж байна. Пуужин тээгч Long March 2F тэдгээрийг орбит руу гаргах юм. Хятадууд сансрын том станцаа 2020 он гэхэд барьж дуусах аж.
Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хөгжилдэвшлийн ачаар Хятадын байлдааны нисэх хүчин эрс өөрчлөгджээ. Саяхан л хятадууд АНУ, ОХУ-ын Цэргийн нисэх хүчний дараа дэлхийд 3-д орж байсан бол одоо 2-т орох төлөвтэй.
Өнөөг хүртэл Хятад улс хөгжингүй нисэх хүчинтэй гүрнүүдээс цэрэг техникийн тал дээр хоцрогдолтой байсан. Өөрөөр хэлбэл тоогоор илүү ч чанаргүй, тэгээд голдуу ЗХУ-ын хуучин онгоцуудыг өөрчлөн сайжруулсан байсан. Гэтэл сүүлийн 3 жилд энэ салбараа үсрэнгүй хөгжүүлж байна.
Хятад улс Арабын дарангуйлагчдын алдаанаас сургамж авч, тоог эрхэмлэхээ больж, хуучин онгоцуудаа акталжээ. Одоо Хятадын Цэргийн нисэх хүчний сөнөөгчид дандаа 3, 4-р үеийнх болсон. Түүнчлэн хятадууд тактикийн бөмбөгдөгч Н-7-ийг хийж дуусч байгаа. Мөн Q-5 онгоцыг /үнэндээ Оросын МиГ-19/ асар давуу хүчин чадалтай JH-7 /Цзяньхун-7/-аар солих юм. "Цзянь-8" нь (МиГ-21-ийн сайжруулсан загвар) асар олон дутагдалтай тул одоо түүнээ J-8II ("Цзянь-8II", "Цзянь-8D") болгон сайжруулжээ. Хятадын Цэргийн нисэх хүчин одоо 170 ийм онгоцтой.
Гэхдээ Хятадын Цэргийн нисэх хүчний нэг сул тал нь алсын радио локацийн илрүүлэлттэй болон радио электрон тэмцлийн эсрэг зориулалттай орчин үеийн онгоц байхгүй хэмээн гадаадын шинжээчид үздэг. РЭБ Xian HD-6 (Hongzhaji Dian-6), KJ-200 ("Кунцзин-200"), KJ-2000 ("Кунцзин-2000") зэрэг онгоцууд нь орчин үеийн шаардлагыг хангадаггүй аж. Харин хятадууд энэ тал дээр өөр бодолтой байна. Тэд KJ-2000, KJ-200 онгоцуудаа агаарын ямар ч байг, түүний дотор доогуур нисдэг, бараг анзаарагдамгүй байг ч онож чадна хэмээн мэдэгдэж байна. Ямар ч гэсэн Хятадын Цэргийн нисэх хүчин ойрын жилүүдэд алсын радио локацийн илрүүлэлттэй болон радио электрон тэмцлийн эсрэг зориулалттай орчин үеийн онгоцуудтай болохоор ажиллаж байгаа аж.
1988 онд Израиль Хятадад сөнөөгч LAVI-ийн баримт бичгүүдийг өгсөн. Хятад хувилбараар энэ нь J-10 ("Цзянь-10") юм. Одоо Хятадад 120 ширхэг ийм онгоц бий. J-10 нь Оросын хуучин хувилбарын МиГ-29, Су-27, тэрчлэн Тайваний Зэвсэгт хүчний зэвсэглэлд байгаа Америкийн F-16, Францын "Мираж-2000"-ийн эсрэг зогсох чадалтай аж.
Хятадууд өнөөдөр өөрсдийн бүтээгдэхүүнд их анхаарал хандуулж байгаагийн нэг жишээ бол 5-р үеийн сөнөөгч J-20-ийг бүтээсэн явдал. Энэ нь Хятад улс АНУ-ыг өдөөн хатгаж, хэт том гүрэн болох санаархалтайг баталж байна.
Эрчимтэй хөгжиж буй Хятадын хувьд боломжгүй юм гэж үгүй, иймээс тэд АНУ-гаас хоцрогдсон байдлаа 10-20 жилийн дотор арилгаж чадах юм. Байлдааны нисэх хүчнээ хятадууд ийнххүү өөрчилснөөр цэрэг арми, байлдааны зорилго, даалгавар нь ч өөрчлөгдөж байгаа. Мао Зэ Дуны үед Пуужингаас эсэргүүцэн хамгаалахад чиглэгдэж байсан Хятадын боломж одоо улам тэлж, алсын болон далайд орших байд цохилт өгөх чадвартай болжээ. Хятадууд өөрийн хилээс алс хол орших цэгүүдийг өндөр нарийвчлалтай зэвсгээр устгах чадалтай болсон гэсэн үг.
Хятад луу ингэхэд хэний эсрэг дайтахаар зэхэж байна? Бээжин газар нутгийн маргаантай хөршүүдтэйгээ асуудал шийдэх хүрээнд /юуны өмнө Тайваньд/ зэвсэг хэрэглэж болзошгүй гэдгээ нэг их нуухгүй байгаа. Мэдээж хятадууд энэ тохиолдолд АНУ хөндлөнгөөс оролцож болзошгүйг тооцоолсон. Иймээс л бүс нутагт АНУ-гаас цэргийн хүчээр давуу байхын тулд бүхнийг хийж байгаа хэрэг. Сонирхуулахад Хятадын Цэргийн нисэх хүчний ивээл дор “Эзлэн түрэмгийлэгч” гэсэн содон нэртэй зуны бэлтгэл төв байгуулагдсан. Тэгээд ч Хятадын экипаж болзошгүй дайснаа Су-27 гэж үзэж байгаа аж.
Хятад Цэргийн нисэх хүчнээ Зэвсэгт хүчний бусад төрөлтэй харьцуулахад үсрэнгүй хөгжүүлж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Тэд сүүлийн үеийн дайн дажин, зөрчлүүдээс сургамж авсан хэрэг. Хятад зэвсэглэлээр хөөцөлдөхдөө агуу Сунь Цзын сургаалыг удирдамж болгодог. Тэрээр “Дайсан халдан довтлохгүй гэж найдаж хэзээ ч болохгүй. Харин халдлагыг боломжгүй болгохын тулд бүхнийг хий“ хэмээн сургажээ.