2011.05.30

Хилийн цэргийг чанаржуулахад 22 тэрбум шаардлагатай

-УИХ-ын гурван гишүүн хүндэт, 20 гаруй нь онц хилчин болов-

“Цэрэг л бол цэрэг. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг гэж ялгаж, тус тусдаа бүтэц зохион байгуулалттай аппарат байх шаардлагагүй. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь төстэй учраас нэгтгэх ёстой. Улсын төсөвт ч хэрэгтэй” гэж төрийн зарим түшээд, холбогдох албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл ярьж ирсэн. Харин өнгөрсөн амралтын өдөр хилийн цэргийнхэн өөрсдөө ямархуу сэтгэл зүрх, чадварлаг боловсон хүчин, эх оронч залуустай вэ гэдгээ харуулж, тэдний “ам”-ыг таглалаа.

 

Нийслэлээс 90 орчим километрийн зайд буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутагт хилийнхэн хээрийн сургалт дадлагаа хийх цогцолбор байгуулжээ. Цогцолбор газартаа тэд өнгөрсөн өдрүүдэд дуулж хуурдан, морь, машин, танк, завь хөлөглөн өөрсдийнхөө чадлаа УИХ-ын гишүүд болон иргэдэд үзүүлж буй нь тэр юм.

 

Энэ өдөр салбар хариуцсан сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Батбаяр, Д.Одбаяр Ж.Энхбаяр, Д.Очирбат, Д.Загджав, Б.Арвин, Н.Батбаяр, Р.Буд, Х.Жекей, Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, Я.Батсуурь, Ж.Батсуурь, Х.Тэмүүжин, Ө.Энхтүвшин нарын 20 гаруй гишүүн, УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж болон агентлагуудын дарга нар оролцсон юм. Хилийн цэрэг гэхээр морь унаж, буу үүрсэн цэрэг улсын хил даган эргэлддэг гэж зарим хүн ойлгодог. УИХ-ын гишүүд ч тэгж ойлгодог байснаа энэ үеэр нуусангүй. Тэгвэл энэ их хот айл Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө нүд цавчилгүй харуулдан хамгаалах залуус байдаг нь энэ өдөр “торойсон” юм.

 

-Хилчид долоон тэрбум төгрөгийн эрсдэлээс сэргийлэв-

Хилийн бүрэн эрхт төлөөлөгч гэдэг нь улсын хил орчмын “хаан” гэсэн үг. Тэрээр улсаа төлөөлж хөрш орнуудтайгаа улсын хилийг хамтран хамгаалах чиглэлээр дагнан ажилладаг эрх бүхий албан тушаалтан. Хилийн багана, тэмдэг, холбоос устаж үгүй болох, эвдэрч гэмтэх, шилжүүлэн байрлуулсан тохиолдолд тус орны бүрэн эрхт төлөөлөгчтэй хамтран шалгалт хийх учиртай. Мөн хил зөрчигчийг хүлээлгэн өгөх давхар ажилтай. Дорноговь аймгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч, хурандаа Ж.Лхачинжавын ярьснаар сүүлийн жилүүдэд 900 хил зөрчигч, 12 мянган малыг хилийн уулзалтаар хүлээлгэн өгч, мөн тооны хил зөрчигч болон малыг хүлээн авчээ. Ингэснээр өөрийн улсад учирч болох 3.4 тэрбум, хөрш орнуудад учирч болох 3.6 тэрбум төгрөгийн эрдслээс сэргийлсэн байна.

 

-Хүн худалдаалах гэмт хэрэг гаарч байгааг хүлээн зөвшөөрлөө-

 

Хилийн алба нь хил дээр эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хил болон хилийн дэглэмийг сахиулах, хилийн зөрчил гаргахаас сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэхэд чиглэн ажилладаг аж. Хэлтсийн дарга, хурандаа Н.Адъяагийн ярьснаар сүүлийн үед хоёр талын иргэд үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэх болсон байна.

Тухайлбал, хилийн тагнуулчид өнгөрсөн хоёрдугаар сард баавгайн арьс, ирвэсний толгой, хойлог зэргийг гаргахаар завдаж байхад нь илрүүлжээ. Мөн ховордсон эмийн ургамал, бас ан амьтны эд зүйл, соёлын үнэт дурсгалыг гаргахаар завдах нь олонтаа тохиолддог байна. Түүгээр ч зогсохгүй Монгол охидыг БНХАУ-д ажилд оруулах нэрийдлээр хууран аваачиж, улмаар биеийг нь үнэлүүлэх эсвэл зүүн хойд Азийн орнуудаар хар тамхи тээвэрлүүлж байгааг хилийн тагнуулчид хэлж байна.

 

-Хилээр орох, гарах хориотой 15 мянган иргэний жагсаалт бий -

 

Хилийн шалган нэвтрүүлэх алба нь бусад албадтай харьцуулбал үйлчилгээний чиглэлийнх. Энэ нь хилээр гарагч болон орогчийн бичиг баримтыг хуурамч эсэхийг шалгах, орох, гарах эрхгүй этгээд мөн эсэхийг тогтоох албан үүрэгтэй. Цагдаагийн байгууллага, гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газраас ирүүлсэн орж, гарах эрхгүй 15 мянган хүний нэг нь биш эсэхийг тогтоох ажилтай.

Мөн манай улсад нэвтрэгч гадаадын иргэдийг биедээ галт зэвсэг, буу шийдэм, хар тамхи нуусан эсэхийг тогтоон илрүүлж, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах залуус ажээ. Тус хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхчулууны ярьснаар сүүлийн таван жилд 15 сая зорчигч 12 сая тээврийн хэрэгслээр шалган нэвтрүүлжээ.

Өнгөрсөн онд хилчид хилийн боомтуудаар 417 хүн хуурамч баримт бичгээр нэвтрэхийг завдсныг таслан зогсоосон байна. Нөгөө талаас техник, технологийн дорой байдлаасаа болон үндэсний аюулгүй байдалд аюул учрах вий гэдгээс хилчид болгоомжилж байна. Өнөөдөр дэлхийн ихэнх орнууд хуурамч бичиг баримт үйлдэн нэврэгч болон гарагчийг илрүүлэх тусгай лабортари байдаг бол манай улсад паспортны эзэн мөн эсэхийг хилчид мэдрэмжээрээ олж тогтоох шахуу юм болдог. Хилчдийн үзэж байгаагаар манай улсын томоохон 14 боомтод лабортарийг байгуулвал, улсын үндэсний эрх ашиг хөндөгдөх вий гэдгээс болгоомжлох бололтой. Лабортарийг байгуулахад 22 тэрбум шаардлагатай байгааг хилчид УИХ-ын гишүүдэд уламжилж байлаа. Харин хилчдийн нийгмийн асуудлаас эхлээд энэ албын чадавхийг сайжруулахад 300 гаруй тэрбум шаардлагатай байна.

Манай улсын 10 хувийг усан хил эзэлдэг

Манай улсын хилийн 10 гаруй хувийг усан хил буюу Буйр нуурын залгаа хэсэг эзэлдэг байна. Уг орчмоор хил зөрчигч нэмэгдэх хандлагатай байдаг учраас хилчид усан завь ашиглан тэднийг саатуулж дөнгөдөг ажээ. Түүнчлэн хилчдийн ар тал хариуцсан том алба бий. Энэ нь хилчдийг холбоо мэдээлэл, хувцас хэрэгсэл, эрүүл мэндийн тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг ажил гүйцэтгэдэг. Энэхүү өдөрлөгийн үеэр хилчид хос морь сэлбэн давхиж, биеэн дээгүүрээ мотоцикл гаргаж, тоосгыг гараараа, бас толгойгоороо хагалж, зэвсэгт этгээдийг саатуулах зэрэг үзүүлэх тоглолтыг сонирхуулав.

Тоглолтын дараа ХХЕХ-ын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн хилчдийн ажил үйлс, ахуй амьдралд нэмэртэй хууль баталж өгсөн, ирээдүйд баталж өгөхийн төлөө УИХ-ын гишүүдийг шагнаж урамшууллаа. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд анхаарахын тулд хилийн цэрэгт анхаарах ёстойг тэрээр битүү утгаар ийн ойлгуулж буй юм.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, З.Энхболд, Я.Батсуурь нарыг “Хүндэт хилчин”- ээр шагнасан бол Д.Очирбат нарын 20 гаруй гишүүнийг “Онц хилчин”- ээр өргөмжлөв. Харин хилийн цэргээс төрсөн генерал Х.Жехей бүх шагналыг нь хамсан учраас “Хилчний алдар”-аар “аргацаалжээ” Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдийн сэтгэгдлийг сонслоо.

 

“Хууль тогтоогчид бид хилийн цэрэгт анхаарах ёстойг ухаарав”

 

УИХ-ын гишүүн Д.Очирбат: -Би үнэндээ хилийн цэргийн талаар бүдэг ойлголт байлаа. Яагаад гэхээр хилийн цэрэгт байгаагүй. Цэрэг л бол цэрэг гэж ойлгодог байснаа нуугаад юу гэхэв. Харин өнөөдрийн арга хэмжээнээс Монголын хилчид ямархуу сэтгэл зүрх, чин зоригтойгоор албаа гүйцэтгэж байгааг харлаа. Цаашид энэ байгууллагад хууль тогтоогчийн хувьд анхаарах ёстойг ч мэдэрлээ. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хилийн цэргийн хүчирхэг багаас хамааралтай юм.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-Монголын халдашгүй дархан байдал хилийнхнээс хамаарч байгаа учраас хүнээсээ эхлэн анхаарах ёстой. Хамгийн чухал зүйл нь тэр. Хил дээр ажиллаж байгаа хилчдийнхээ багаж зэвсгийг сайжруулах, шинэ техник нэвтрүүлэх замаар хил хамгаалах байгууллагын чадавхийг сайжруулах ёстой. Үүнийг бодлого болгон боловсруулж нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Хилийн боомт бүрийг нэг стандарт, ажиллах орон тоог нь хүртэл нарийн зохицуулах учиртай. Үүнийг зохицуулах хуулийн төслийг хаврын чуулган өндөрлөхөөс өмнө танилцуулахаар ажиллаж байна. Манай улсын дархан хил тайван байх ёстой. Ийм учраас хилийн цэргээ Монголын төр яаралтай санхүүжүүлж, чадавхийг сайжруулах шаардлага тулгарч байна. Хуурамч бичиг баримтаар хил зөрчигчтэй хүнээр биш техник технологиор тэмцэх ёстой болов уу. Мөн хилчдийнхээ ахуй амьдралыг бодолцох цаг болжээ гэж хэлмээр байна” гэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.