Шадар сайд НҮБ-ын чуулганд оролцож байна
Энэ сарын сарын 19-25-ны өдөр Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо үргэлжлэх НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 67 дугаар чуулганы сайд нарын хуралдааны нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тус бүс нутгийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг төлөөлсөн хүндэт зочны хувьд үндсэн үгийг хэллээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болсон Ази, Номхон далайн бүс нутгийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний бодлогын уулзалтын үр дүнг танилцуулж, эдгээр орны өмнө тулгарч буй хөгжлийн бэрхшээлийг даван туулахад олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн түншүүдийн туслалцаа чухал байгааг хэлсэн үгэндээ онцлов. Дээрх уулзалтын үр дүн болох Улаанбаатарын тунхаглалд далайд гарцгүй орнууд далайн боомтоор дамжин зах зээлд гарах, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, өртөг зардлыг нь багасгах, хил, гаалийн бичиг баримт бүрдүүлэлтийг хялбаршуулах, худалдаа, транзит тээврийн яриа хэлэлцээ хийх чадварыг бэхжүүлэх зэрэг асуудалд онцгой анхаарал тавьсныг Шадар сайд тэмдэглэв. Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхол, хөгжлийн шаардлагыг хангахад АНДЭЗНК-ын үйл ажиллагаа, туслалцаа дэмжлэгийг өргөжүүлэх, гурвалсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхийн чухлыг цохон тэмдэглэв. Улаанбаатар хотноо Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон улсын хэлэлцээрт Монгол Улс дөрөвдүгээр сарын сүүлээр гарын үсэг зурсантай холбогдуулж Шадар сайд уг хэлэлцээрт нэгдэхийг тус бүс нутгийн далайд гарцгүй бусад оронд уриаллаа.
Шадар сайд мөн 67 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүний хувьд "Хямралын дараахь Ази, Номхон далайн бүс нутаг дахь нийгмийн хамгаалал, хөгжлийн урт хугацааны ирээдүй" сэдвээрх ерөнхий шүүмжлэлд оролцож, манай орны эдийн засаг, нийгмийн төлөв байдал, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавилаа. Тэрээр манай улсын Засгийн газар сүүлийн үед эрчимтэй, далайцтай тэлж байгаа уул уурхайн салбараас орж ирж буй нэмэлт орлогыг ард иргэддээ эх орны хишиг болгон тарааж, энэ зорилгоор "Хүний хөгжлийн сан" байгуулан ажиллаж, ядуурлыг бууруулах, эмзэг бүлэгт тусламж үзүүлэхийг чармайж буйг илтгэв. Түүнчлэн Мянганы хөгжлийн зорилтыг хангахад нийгмийн хамгааллын салбарт ахиу хөрөнгө оруулалт, бодлогын оновчтой сонголт хийх шаардлагатайг онцоллоо. Шадар сайд мөн АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Хэйзерийн санаачилгаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын залуучуудад зориулсан Залуу удирдагчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж буйд болон Комиссын зүгээс Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэгэд талархал илэрхийлэв.
Бүс нутгийн орнуудын сайд, ахлах албан тушаалтнуудыг эдийн засаг, нийгмийн асуудалд хандуулан цуглуулдаг уг чуулганд энэ жил Тайландын Вант улсын Ерөнхий сайд Аписит Вежажива, Бутаны Вант улсын Ерөнхий сайд Жигми Тинли нар мөн оролцлоо.