Д.Очирбат: Пхеньянд 100 давхар зочид буудал нээгдэх гэж байна
Саяхан Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх БНАСАУ-д айлчлаад ирсэн. Түүнийг дагалдан ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Д.Загджав нар явсан юм. Дэлхийд цөөхөн коммунист улсын нэг, Хойд Солонгосын өнөөгийн байдал болон иргэдийнх нь амьдрал ямар байгаа талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцсан юм.
-Та саяхан Хойд Солонгос яваад ирлээ. Ямар ажил амжуулав?
-Ардын намын Ерөнхий нарийн бич-гийн дарга У.Хүрэлсүх БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар Хойд Солонгост айлчилсан. Хөдөлмөрийн нам улсынхаа засгийн эрхийг барьдаг.Тиймээс Засгийн эрхийг барьж байгаа хоёр намын дээд хэмжээний уулзалт гэж тодорхойлж болно.
-Тэнд амьдрал ямар байх юм. Бид тэднийг хаалттай, гадаад орчноос тасарсан, чөлөөтэй мэдээлэл авч чаддаггүй хүмүүс гэж төсөөлдөг. Байдал ямар байна вэ?
-Бид Хойд Солонгосыг өлсөж байна, турж үхэж байна. Хадны мангас гэж хүүхдүүдээ айлгаж байгаа мэт ойлгодог. Одоо тэр болж, бүтэхгүй, хуучинсаг сэтгэхүйгээсээ салах цаг болсон байна. БНАСАУ нэг үе хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байсан. Айлчлалын үеэр Солонгосын талаас бидэнд хийж буй бүтээн байгуулалтаа танилцуулсан. Эх орны эв нэгдлийн гурван зарчмын хөшөө, метроны буудал, шилэн болон кабел, цахилгаан утасны үйлдвэр, цацагт хяруул үржүүлгийн аж ахуй, 150 га газарт хамгийн орчин үеийн технологиор алим тарьж байгаа тариалангийн талбай гээд олон газрыг үзэж сонирхсон. Хүмүүс нь ч их ажилсаг, хөдөлмөрч юм. Эх орон, үр хүүхдийнхээ төлөө цаг наргүй хөдөлмөрлөдөг нь харагдсан.
-Долоо хоногийн дотор хэдэн арван давхар байшин барьчихдаг гэж ярьдаг...
-Пхеньян хотод бүтээн байгуулалтыг маш өндөр түвшинд хийж байна. 20 гаруй давхар байшинг долоо хоногт биш юм аа гэхэд нэлээд хурдан хугацаанд барьж босгосон байна. Хотын төвийнхөө дүүргийн хуучирсан байшин хорооллыг буулгаж, 20-30 давхар байшин барих ерөнхий төлөвлөгөөг гаргасан байна. Бүтэн хорооллыг тэр чигээр нь буулгаж байгаатай хүртэл таарсан. Нийгмийн бодлогын байнгын хороон даргын хувьд Пионерийн ордонтой бас танилцлаа. Тэнд хүүхдүүдийг бүх талаар бэлтгэж байна. Сурах орчин, хөгжмийн зэмсэгтэй харьцах, мөн дуулах, жүжиглэх гээд олон талын авьяасыг нь хөгжүүлсэн том сайхан ордон байна. Хүүхдүүд бидэнд сурсан, мэдсэн, үндэсний соёлоо дээдэлсэн ирээдүйн хөгжилдөө итгэлтэй байгаа зэргээ харуулсан концерт тоглолоо. Онцолж хэлэхгүй бол болохгүй нэг зүйл бол филармонийн найрал хөгжмийн концертыг тэнд үзлээ. Дэлхийн хэмжээнд гарын таван хуруунд багтахаар үнэхээр сайхан тогтолт байсан. Удирдаачид нь олон улсад, АНУ, Европт сургууль төгссөн, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байдаг юм байна.
-Таны ярьснаас сонсоход Хойд Солонгосыг нээлттэй болж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Олон талын мэдлэг мэдээллийг авах боломжтой болжээ. Оюутнууд нь орос, англи хэлээр чөлөөтэй ярьж байна. Ким Ир Сений нэрэмжит Их сургуулийн оюутнууд бидэнтэй орос, англи хэлээр ярилцлага өрнүүлж өөрсдийн санаа бодлоос хуваалцсан. Мөн компьютер, интернэтийн дотоод сүлжээтэй болсон байна. Электрон номын сан байгуулж, хүн бүр хүссэн номоо уншиж чадаж байна.
-Саяхнаас л гадаадын хүмүүс гар утас хэрэглэхийг зөвшөөрсөн гэж сонссон. Бас интернэтэд хүссэн хаяг руугаа нэвтэрч болж байна уу?
-Дотоодын компьютерийн хэрэглээ байна. Ким Ир Сений нэрэмжит Их сургуульд нь IТ-гийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг юм билээ. Компьютерийн дотоод сүлжээтэй. Түүгээрээ дамжуулж зарим мэдээллийг олж авдаг, электрон номын сандаа нэвтэрдэг болсон байна. Чухам гадна дотны сайтын хэрэглээг сайн мэдэхгүй юм. Дотооддоо энгийн иргэд нь гар утас чөлөөтэй хэрэглэдэг болж. Хүүхэд, настай хэн ч бай гудамжиндаа гар утсаараа ярьж л байна лээ. 100 гаруй давхар дээд зэрэглэлийн зочид буудал удахгүй ашиглалтад орох тухай албаны хүмүүс ярьж байсан.
-Манай улсын хүн амын олонх нь залуус. Иймээс хөгжлөөс хоцрохгүйг хичээдэг.Тэгвэл тэндхийн залуус ямар байх юм.
-Хүүхэд залуус, хүн рүүгээ хандсан урлаг соёлын ажил олон хийдгийг анзаарлаа. Дуртай спортоороо чөлөөтэй хичээллэх спортын ордон байна. Олон улсын мэргэжилтэн багш нарыг урьж, хичээл заалгадаг юм билээ. Бидний Умард Солонгос хаалттай орон гэдэг бодол өрөөсгөл болж байна. Аливаа зүйлийг заавал болохгүй, эсрэг талаас нь харалгүйгээр эерэг, гэрэл гэгээтэй талаас нь харах цаг болжээ.Тэнд амьдрал буцалж, хөгжин цэцэглэж байна. Зарим талаараа, тухайлбал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хаалттай байгаа ч иргэдийн амьжиргаа, хотын өнгө үзэмж сайжирч байгаа нь илт байна.
-Та өмнө нь очиж байсан уу?
-Жилийн өмнө хоёр орны парламентын бүлгийн даргын хувьд очиж байсан. Өмнөхөөсөө бүтээн байгуулалт, барилга байшин, хүмүүсийн соёл, хэрэглээ зэрэг нь эрс сайжирчээ гэж хэлмээр байна. Нэг дэлгүүрт нь доллар, еврогоор чөлөөтэй худалдаа хийж байна. Хойд Солонгосын ардын, гар урлал маш гоё, чамин тансаг. Хатгамалаараа дэлхийд алдартай. Фото зургаас ялгарахааргүйгээр гараараа хатгамал хатгадаг. Аль ч дэлгүүр хоршоонд очсон тийм худалдааг чөлөөтэй хийнэ.
-Телевизийг "цагийн хуваарьтай үзэж радиог ингэж сонсоно гэх маягийн журам байдаг гэсэн... Бас тэр цацагт хяруул үржүүлгийн газар их сонин санагдлаа. Энэ талаар...
-Тэнд цөөхөн хэд хонохдоо янз бүрийн хязгаарлалт анзаарсангүй. Зурагтаар нь бидний айлчлалын тухай гарч байсан. Сонин хэвлэлээр нь ч ийм мэдээлэл цацагдаж байсан. Цацагт хяруулын тухайд мах, өндөгний чиглэлээр үржүүлдэг юм билээ. Мөн цацагт хяруулын арьс их үнэд хүрдэг гэнэ. Гоёл чимэглэл, цүнх гээд олон төрлийн бараа бүтээгдэхүүн хийдэг болохоор түлхүү хөгжүүлдэг гэсэн.
-Танд хамгийн их таалагдсан зүйл юу байв?
-Байгалийн үзэсгэлэнт, дархан цаазат газар, хөшөө дурсгал, "Аражин" боомтын эдийн засгийн чөлөөт бүс гэх мэт олон зүйл үзсэн. Хамгийн их сонирхол татсан зүйл нь Өмнөд Солонгостой хиллэдэг, цэрэггүй бүсийн 38 дугаар өргөрөг байлаа.Тэр цэрэггүй бүсэд хамгийн анх дайны галыг зогсоосон дурсгалын хөшөө, Ким Ир Сений тухайн үед хэлж байсан үгийг ч бичсэн цамхагт хөшөө байна. Мөн гэрээ байгуулсан байр нь ч хэвээрээ. Ганц хоёр алхмын зайнд л хоёр Солонгосын цэрэг өөд өөдөөсөө хараад зогсож байх юм. Огт цэрэггүй бүс гэж нэрлэсэн нь онцлогтой. Тэр хавийн газар нутагтай хүмүүс чөлөөтэй танилцаж, үзэж сонирхож болдог юм байна. Гадны иргэд голдуу очдог юм билээ. Хамгийн гол нь цэрэггүй бүсэд хил зөрчиж болохгүй. Хилийн наана, цаанаас бие биеэ харж болно.
-Эдийн засгийн чөлөөт бүсийнх нь тухай өгүүлээч...
-1950, 1960-аад оны үед "Аражин" хэмээх маш том эдийн засгийн боомт байсан. Асар их хөрөнгө оруулалт хийж, Зүүн хойд Азийн чиглэлд далайд гарах маш том боомт байж. Одоо үйл ажиллагаа нь зогссон ч, эдийн засгийн чөлөөт бүс болгож, хөрөнгө оруулагчдыг татан, далайн гарцаа сэргээж байгаа юм билээ. Улаанбаатарын суурин төлөөлөгчийн газрыг тэнд нээх тухай яриа гарч байлаа. БНАСАУ-ыг яг өнөөгийн орчин үетэй хөл нийлүүлэн алхаж байна гэж хэлэхгүй ч бүтээн байгуулалт, янз бүрийн шинэ соёл нэвтэрч эхэлж байгааг анзаарсан шүү.
-Хоол, хүнсний хувьд өмнөдөөсөө ялгаатай зүйл байна уу?
-Ялгаагүй л солонгос үндэсний хоол.Тэд ямар хоол иддэг вэ тэр чигээрээ л байна. Үүнээс гадна Хойд Солонгост аялал жуулчлалын компани нээгдсэн байна билээ. Ямар хот руу хэрхэн аялах вэ гэсэн бүр маршрут, чиглэлийг гаргаад бусдад танилцуулсан байдаг юм билээ. Энгийн жуулчин ч очих боломжтой гэж би ойлгосон.Тэнд европчууд зөндөө тааралдсан. Жуулчид олон байсан.
-Манайд тэндээс эмч ажилчид ирж ажилладаг. Энэ талаар уулзалтын үеэр ярьсан болов уу?
-Улаанбаатарт Хойд солонгосоос эмч, ажиллах хүчин ирдэг. Барилга, төмөр зам, хөдөө аж ахуй гээд олон салбарт бий. Батлан хамгаалах яамтай хамтран 30 гаруй Солонгос иргэн ногоо тарьж байгаа. Бариа засал, уламжлалт эмчилгээний чиглэлээр гурван эмч, 800 гаруй барилгачин бий. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад яг л бид шиг цалин хөлсөө тохироод ажилладаг. Ажиллуулж байгаа газар нь гэрээний дагуу цалинг нь үнэн зөв өгөх ёстой.
-БНАСАУ цөмийн зэвсэгтэй. Цэрэг армид ихээхэн#ач холбогдол өгдөг.Нэг талаараа дэлхий нийт тэднээс айдаг.Танд цэрэг арми, зэр зэвсгийнх нь талаар сонирхох боломж гарав уу?
-Ёстой тэр талаар сонирхсонгүй. Сонирхуулах ч үгүй байх.