2025.05.27

С.Зулпхар: Эрт илрүүлэг 2.0 аяны санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо. 

Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол Монгол Улсад өмнө нь байсан тогтолцоо. Өнгөрсөн жил анх удаа хуультай болсон. Энэхүү хуулийн зорилго нь энэ тогтолцоог илүү боловсронгуй болгох зорилготой. Нэгэнтээ хууль байгаа учраас эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд нь холбогдох газрууд нь үүндээр зохион байгуулалт болон бусад үйл ажиллагаагаа эрчимжүүлэх бүрэн боломжтой гэж ойлгож байна. Гурван зүйлийг тодруулж асууя.

Нэгдүгээр, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг шинэчилж боловсронгуй болгож байгаа юм байна. Орон нутгийн бүтэц зохион байгуулалт ямар байх юм бол бэлтгэл ажил нь хэр хийгдэж байгаа вэ?  

Хоёрдугаар, Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээний санхүүжилтэд 2025 онд ямар хэмжээний нөөц буюу хэдэн төгрөг хуваарилсан бэ? Сайдын багцад болон эрүүл мэндийн даатгалын сангаас зохих түвшинд хуваарилагдаж байгаа байх. 

Гуравдугаарт, өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлага зохион байгуулалт тэрнээс гадна эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн удирдлага, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор сан хэрхэн ажиллаж байгаа талаар нарийн мэдээлэл авсан.Зарим асуудлыг зохих түвшинд ойлгож байгаа. Эрт илрүүлэг 2:0 аян энэ жил өрнүүлнэ. Яаж зохион байгуулах вэ санхүүжилтийг нь хэрхэн хийх вэ?

Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар хариуллаа.