Ж.Энхбаяр: Засгийн газар айлын эрх хүүхэд шиг загнахаа зогсоох хэрэгтэй
УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан
2013.09.17

Ж.Энхбаяр: Засгийн газар айлын эрх хүүхэд шиг загнахаа зогсоох хэрэгтэй

УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна.

Уг хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд 2009 онд баталсан Урт нэртэй хуулийн зарим тодорхойгүй асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр оруулж ирсэн гэж Уул уурхайн сайд онцоллоо. Тухайлбал, гол, мөрний урсац бүрэлдэх сан, ойн сангийн хил заагийг тогтоох явцад 1300 гаруй лицензит талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй нь тогтоогдож, уул уурхайн компаниуд ажлаа зогсоожээ.

Хуульд зааснаар дээрх компаниудад төр нөхөн төлбөр олгох ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч уул уурхайн компанид нөхөн төлбөр олгоогүй байна. Нөхөн төлбөрийн хэмжээ нэг их наяд гаруй төгрөг хэмээн тогтоогдсон байдаг. Харин одоогийн өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд алтны ордтой компаниуд богино хугацаанд олборлолт хийнэ.

Олборлолт хийхийн өмнө нөхөн сэргээлт хийх зардлынхаа 50 хувийг дансанд байршуулах бол мөн 50 хувийн  баталгаа гаргаж байж ажлаа эхлүүлэх аж. Эрсдэл өндөртэй учраас алтны 400 гаруй компаниас 10-20 хувь нь дээрх нөхцөлийг хангаж олборлолт хийх болов уу гэдэг төсөөлөлтэй сууж байгаагаа ч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун онцолсон юм.

Мөн өнгөрсөн хугацаанд Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд олон ажлыг холбогдох газруудаас хийсэн ч үйл ажиллагаа нь зогссон алтны компаниудын орд дээр нинжа нар ихэвчлэн олборлолт явуулдаг. Тэд улсад татвар төлдөггүйн зэрэгцээ байгаль орчныг мөн сүйтгэдэг. Тиймээс улс татвараа авъя, нөхөн сэргээлтийг бас хийлгэе гэдэг агуулгаар эл төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн гэдгийг ч нэмж тодотгож байлаа.

Гэвч төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга "Засгийн газраас УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн таван төсөл хоорондоо уялдаа холбоотой байгаа. Ам.долларын ханш өсч, ард түмний амьдрал доройтсоноор далимдуулж гадныхны хүсэл сонирхолд нийцүүлж тав хоногийн дотор таван хуулийн төсөл батлахаар улайрч байгаад харамсаж байна.

Монгол төр хөнгөн байж болохгүй. Хэрвээ эдгээр хуулийн төслийг батлах юм бол стратегийн орд газрууд үгүй болно. Нөгөө талдаа том компаниуд, лицензтэй улсууд өөртөө нөхөн олговор авах, нөгөө талдаа татвараас хөнгөлүүлэх боломж гарч ирнэ.

Үндэстнийг авч явах үүрэг хариуцлага байх ёстой, өнөө, маргаашийн хүндрэлийг шийдэхийн тулд Монголын төр хөнгөдөж болохгүй.

Нөхөн олговрын хэмжээ өнөөдөр нэг их наяд гаруй төгрөгөөр тооцогдож байгаа ч эргээд бид уух усаа алт өгье гээд ч олж авч чадахгүй болохыг үгүйсгэх аргагүй. Үндэстнийг авч явах үүрэг хариуцлага байх ёстой, өнөө, маргаашийн хүндрэлийг шийдэхийн тулд Монголын төр хөнгөдөж болохгүй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Шинэчлэлийн Засгийн газар гадаад бодлогодоо алдаа гаргаснаар эдийн засгийг хүндрүүлсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Монголоос Хятад руу таван сая тонн төмрийн хүдэр гарсан ч өнөөдрийг хүртэл Эрээнд борлогдохгүй байж байна. Энэ бол хөршөө гомдоосны гор.

Мөн нүүрсний зах зээл хумигдсан. Гэтэл Хятадын нүүрсний импорт өмнөх жилийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Айлын эрх хүүхэд шиг загнахаа Засгийн газар зогсоох хэрэгтэй. Аавынхаа хэдэн малыг зарж үрээд дууссаны дараа хөөрөг гаанс руу нь орж зарж үрдэг шиг энэ Засгийн газар алтаа ухахаар болж байна.

Ийм хуулийн төслийг Засгийн газар УИХ-д оруулж ирснийхээ хариуцлагыг Ерөнхий сайд хүлээж огцрох ёстой. Уул уурхайн сайд та ч бас буруутай, хариуцлагаа хүлээгээд огцорвол гадаадын шууд хөрөнгө оруулалт 20 хувиар сэргэнэ" гэсэн юм.  Хэлэлцүүлэг үргэлжилж байна.