Ж.Батсуурь: Хайгуул хийгээд юу ч олоогүй олон компани байгаа
2011.06.09

Ж.Батсуурь: Хайгуул хийгээд юу ч олоогүй олон компани байгаа

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг ярилцах танхимдаа урилаа. Түүний санаачилсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүд нэлээд эсэргүүцсэний эцэст УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанд оруулахаар болсон юм.

-УИХ-ын Нийгмийн бод­­лого, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаанаар таны санаа­чилсан хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэлээд ши­рүүхэн маргаан болсон. Нэр бүхий зургаан гишүүн уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй хэмээн хуралдааныг орхиж гарсан шүү дээ. Харин хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэ­лэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг Байнгын хо­роо­­ноос гаргалаа.  Уг хуу­­лийн төслийг хэ­лэл­цэ­хийг эсэргүүцэж бай­гаа ги­­шүүд чуулганы нэгд­сэн хурал­дааны үеэр хэлэл­цүүлэх ёсгүй гэж зарга үүсгэх байх?

-УИХ-ын чуулганы нэгд­сэн хуралдааны үеэр маргаан үүсэхгүй  тохиолдол гэж бай­даггүй шүү дээ. Тиймээс мар­гаан үүсэх нь зайлшгүй юм. Нэр бүхий зургаан гишүүнийг Байнгын хорооны хурал хаяж гарсны дараа хуу­лийн зөвлөх Дэгийн ту­хай хууль зөрчсөн асуудал байх­гүйг хэлсэн тул хуралдааныг үргэлж­лүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гар­гасан.


-Дээрх гишүүд “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн хариуг Засгийн газраас ба­рим­таар баталгаажуулаагүй бай­хад нэмэлт өөрчлөлт оруулах ту­хай болон дагаж мөрдөх журмыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэх нь буруу гэсэн байр суурьтай байгаа. Уул уурхайн компаниудын ша­хал­таар Байнгын хороо­ны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж гэсэн хардлага бий болсон. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Тэдний өөрчлөх гээд байгаа шалтгаан нь тодорхой. Эдгээр үйлдвэрийн үйл ажил­лагааг зогсоож, газрыг нь авах гээд захиалчихсан хүмүүс цаана нь байгаа гэсэн яриа байгаа шүү дээ. Ямар нэгэн дарамт, шахалтын улмаас Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг оруулсан зүйл байхгүй. Би энэ хуулийн төслийг нэгдүгээр сард өргөн барьсан. Байнгын хороогоор хэлэлцэхийг маш олон сар хүлээсэн. Долоо хоног бүр хойшлуулсаар байгаад л уржигдар хэлэлцсэн шүү дээ. Энэ бол хардаж, сэрдээд байх асуудал биш. Хүн ер нь өөрт таалагдаагүй юмыг юу ч гэж ярьдаг биз дээ. Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс олон байгаа шүү дээ.

-Уул уурхайн компаниуд Зас­гийн газарт шаардлага хүргүүлсний дараа хуулийн төслийг хэлэлцсэн нь дээрх хардлагыг улам баталж буй юм биш үү?

-Би энэ “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхгүй, бүр мөсөн хүчингүй болгоё гэсэн санал тавиагүй. Зөвхөн энэ хуулийг хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлье. Ард түмний татвараар бий болсон хөрөнгийг  их наядаар нь компаниудын нөхөн олговорт олгох ёсгүй л гэж байгаа юм. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1800 гаруй компани бүгд олборлолт хийгээгүй шүү дээ. Хайгуул хийсэн нэртэй. Ямар ч байгалийн баялаг олоогүй олон компани бий. Эдгээр компани эрсдлээ өөрсдөө л хүлээх ёстой. Гэтэл нөхөн олговор олгох сургаар зардлаа хэд дахин нугалж, төсвөөс мөнгө авах гээд энэ хуулийг хэрэгжүүл гээд шахаж, шаардаж, турхираад байгаа тохиолдол бий. Хууль хэрэгжлээ гэхэд Монголын төр өрөнд баригдахаас гадна ашиглахгүй үлдэх талбайг хэвээр нь хадгалах ямар ч баталгаа байхгүй. Нинжа нар тухайн талбайд орж, тэсэлж, дэлбэлж ухаад ямарч татвар төлөхгүйгээр алт олборлох нөхцөл л бүрдэх юм. Тиймээс нинжа нар ч гэсэн нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа. Би ч гэсэн байгальдаа хайртай. Залуу байхдаа олон жилээр гадаадад амьдарч байх үедээ хэдэн бор толгодоо санаад л нутагтаа гүйж ирдэг байсан хүн шүү дээ.  Ер нь нийгэмд хууль төрөхдөө заавал захиалгаар л бий болдог. Ард түмний эрэлт хэрэгцээ, нийгмийн захиалга байсны эцэст бид хууль баталдаг. Нөгөөтэйгүүр энэ хууль өдий болтол хэрэгжээгүй шалтгаан нь хэрэгжүүлж эхэлбэл ямар нэгэн мөргөлдөөн үүсэхэд бэлэн болчихоод байсанд л байгаа юм. Үүнийг ганц би ч яриад байгаа юм биш. Маш олон хүн ярьж, хэлж байна. Энэ бүхэнд Засгийн газрыг болон салбарын сайдыг нь буруутгаад байж болохгүй. Анхнаасаа хэрэгжих боломжгүй хууль баталсан шүү дээ.

-Тухайн үед та ч гэсэн энэ хуулийг батлалцсан шүү дээ. Тэр үед ийм зүйл болно гэж бодоогүй хэрэг үү?

-Би энэ хуулийг батлахад гар бие оролцсон нь үнэн. Гэхдээ тухайн үед би хэлж л байсан. Уул уурхайн компаниудыг гэнэт хаах нь тооцоолоогүй нөхцөл байдал үүсгэж магадгүй. Тиймээс хугацаа өгч, сануулах хэрэгтэй гэж байсан. Төсөөлбөл ямар ч тооцоо судалгаагүйгээр хүн амьдрах боломжгүй байшин барьчихаад чамайг энд амьдрахгүй бол буудна гээд буу тулгасантай л ижил болж байна.  Бодит байдал дээр ингэж болохгүй биз дээ. Уг нь энэ хуулийн санаа нь байгаль орчноо хамгаалах сайхан санал, санаачилга. Гэхдээ хэрэгжүүлэх боломжгүй.  Тэгээд ч байгалиа онгон байдлаар нь хадгалж, амь зуудаг улс орны түүх гэж  байхгүй. Хэрэв “хуучин” хуульд заасны дагуу уул уурхайн компаниудыг хаая гэвэл улс орон хэцүүднэ. Ганцхан жишээ хэлэхэд хууль хэрэгжүүлж байгаа нь энэ гээд одоогоор хэдхэн уул уурхайн компанийг хааж хувийн хэвшлийнхнийг алаг үзэж байна.

-Тухайлбал, компаниудыг хэр­хэн алаг үзэж байна гэж?

-Хуулийн дагуу явбал гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниудыг хаах ёстой. Харин тэгвэл Ерөөгийн төмрийн хүдрийн үйлдвэр хаагдах ёстой болчихоод байгаа юм. Энэ  компани Сингапураас хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулалт авчихсан. 3000-4000 вагон худалдаж аваад 100 километр төмөр зам барьж, төмрийн хүдрээ ачиж байгаа шүү дээ. Мөн Говьсүмбэр аймагт нүүрс олборлож, томоохон цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг Шивээ-Овоо ч ажиллах боломжгүй болно. Хэрэв ийм зүйл болбол цахилгаан, дулаангүй бид яах юм. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлээд явж буй уурхайнуудыг хаачихсан нь алаг үзэж байгаа хэрэг. Тиймээс энэ хууль гарахаас өмнө Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу тусгай зөвшөөрөл аваад үйлдвэр байгуулчихсан компаниудад нөөцийг нь ашиглуулаад, авах ёстой татвараа аваад, нөхөн сэргээлтийг нь хийлгэх ёстой гээд байгаа юм. Харин хуулийг баталсан 2009 оны долдугаар сарын 16-наас хойш нэг ч тусгай зөвшөөрөл олгох ёсгүй хэмээн үзэж байгаа.  Энэ олон хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нутгийн захиргаа, сум аймгийн иргэдийн хурал өөрийн нутаг дэвсгэрт байгаа хамгаалах шаардлагатай газрыг тусгай хамгаалалтад авч, тусгай хэрэгцээний газар, дархан цаазтай газар гээд зарлачихсан. Ийм газар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 58 хувийг эзэлж байна. Харин чичлүүлээд байгаа уул уурхайн компаниудын эзэмшиж байгаа газар Монголын нийт газар нутгийн 0.3 хувийг л эзэлдэг. Гэтэл иргэний хөдөлгөөнийхөн гишгэх ч газаргүй болсон гээд байгаатай би санал нийлдэггүй. Аливаа зүйлийг туйлшруулалгүй бодит байдал дээр л дүгнэлт хийж ярих ёстой.

-Үнэхээр тийм бол яагаад гол мөрөн ширгэж, байгаль сүйдээд байна вэ?

-Дэлхийн байгаль орчны судалгаа, шинжилгээ хийдэг олон улсын байгууллагуудын дүгнэлтээр уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад энэ их гол, мөрөн, нуур ширгэж байна гэсэн байна билээ. Энэ дүгнэлтийг би маш бодитой гэж ойлгодог. Гэтэл бид өөрсдийн бор зүрхээр ажиллаад, хэдэн хүнийг ажлын байраар хангаад байгаа хүмүүсийг чамаас болоод гол, нуур ширгэчихлээ гээд чичлээд байж болмооргүй байгаа юм. Байгаль орчиндоо муу нөлөөгүй техник технологийг нэвтрүүлээд эхэлчихсэн байна шүү дээ.

-Энэ хуулийн төслийг нийгмийн захиалгаар санаачилсан гэсэн. Ад үзэгдээд байгаа уул уурхайн компаниуд танд хандаж байгаа байх нь ээ?

-Ганцхан надад ч биш. Уул уурхайн компаниуд шийдвэр гаргах түвшнийхэнд хандаж байгаа. Тухайлбал, “Монголросцветмет” нэгдлийн” Шижир Алт”, “Зэрэгцээ” зэрэг компаниудыг хаасан байна билээ. Тэгсэн атлаа хажууханд нь үйл ажиллагаа явуулж буй компаниуд нь хэвийн ажиллаж байх жишээтэйг албан тоотдоо дурьдсан байсан. Уул уурхайн компаниуд аргаа бараад “Хэрэв энэ хуулийг хэрэгжүүлж байгаа бол шударга байгаач ээ. Бүгдэд нь эрх тэгш хандаач” хэмээн төрийн албан тушаалтнуудад албан тоот илгээж байгаа юм билээ.  Эдгээр компанийн захирлууд нь амьдрах боломжтой гээд тамга,тэмдгээ аваад хотод ирчихлээ гэхэд  цаана нь үлдэж буй ажилчид нь хууль бус аргаар байгалийн баялаг хулгайлдаг нинжа нар л болж хувирах юм даа.

-Хэрэв дээрх хуулийн төслүүдийг баталлаа гэхэд энэ завсар хууль хэрэгжүүлдэггүй, нөхөн сэргээлт хийдэггүй хэсэг компаниуд завших гээд байх шиг ээ?
 

-Анхнаасаа уул уурхайн салбартай холбоотой энэ олон хууль, журмуудад үйлдвэр уурхай байгуулах, хайгуул, олборлолт хийхдээ байгаль орчны үнэлгээ хийлгэж, түүнийхээ дагуу нөхөн сэргээлт хийх ёстой гэсэн байдаг. Тиймээс бид 1990 оноос өмнө уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн компаниудад тооллого хийгээд нөхөн сэргээлт хийгээгүй байвал  гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт олж, нөхөн сэргээлт хийх зарчмыг хуульдаа тусгасан байгаа. Харин “Урт нэртэй” хуульд заасан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайж, ашиглаж байгаа компаниуд нөхөн сэргээлтээ хийгээгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоогоод нөхөн олговор өгөхгүй байхаар тусгасан. Төсөвт төвлөрүүлсэн мөнгийг тэгж үр ашиггүй цацахыг үүгээр эцэслэх хэрэгтэй. Тиймээс ямар нэгэн компани завших гэсэн үйлдэл энэ хуулийн дагуу бол гарахгүй. Байгалиа хамгаалах болон уул уурхайн үйлдвэр байгуулах нэрээр бүр мөсөн байгалиа сүйтгэх тохиолдол бий. Тиймээс зөв гарц олж, энэ хоёрын тэг дундуур асуудлыг шийдэх ёстой. Цаашид Монгол Улс үйлдвэр, аж ахуй байгуулаад байгалийн баялгаа ашиглах шаардлагагүй болчихвол байгалиа онгон байдлаар нь хадгалж болно шүү дээ. Харин өнөөдөр бол манай улсад тийм боломж байхгүй шүү дээ.

-Зарим гишүүн Засгийн газраас “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гэж хийсэн ажил болон тулгарсан бэрх­шээлээ баримтаар нотлох ёст­ой. Харин үүнийх нь дараа уул уурхайн компаниудын нөхөн олговорт нэхэж буй хөрөнгийн хэмжээг санхүүгийн байгууллагаар баталгаажуулаад дүгнэлт хийсний эцэст энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн та бүхний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж байсан. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
 

-Энэ бол 20 жилийн ажлыг сөхөх асуудал байхгүй юу. Уул уурхайн салбарт хамгийн удаан үйл ажиллагаа явуулсан компани нь 20 гаруй жил ажилласан байна. Энэ компаниудын зарцуулсан хөрөнгийн хэмжээг бичиг баримтаар нотолно гэдэг хэцүү л дээ. Үүнд маш их чирэгдэл, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардана. УИХ-ын даргын даалгавраар УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсийн ажилтнууд Ашигт малтмалын газраас судалгаа авсан. “Урт нэртэй” хуульд хамаарах тусгай зөвшөөрлийн тоо 94 байна гэсэн судалгааг ирүүлсэн байна. Харин одоогийн байдлаар Мэргэжлийн хяналтын газраас 24 уурхайг хааж, тусгай зөвшөөрлийг нь хураах ажил хийж байгаа.Уурхайгаа хаалгасан нутгийн удирдлагууд орон нутгийн төсөвт орох орлого эрс багаслаа гэсэн мэдэгдлийг ч УИХ-д ирүүлж эхлээд байна. Үүнээс гадна эдгээр тусгай зөвшөөрлийг барьцаалж, зээл өгөөгүй арилжааны банк байхгүй гэж би бодож байна. Тиймээс эдгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болговол төрөөс нөхөн олговор хэлбэрээр банкны өрийг төлөх шаардлага гарна. Нөхөн олговрыг ойрын 10 жилд төлөх боломжгүй гэдгийг Сангийн яамныхан мэдээлсэн. Тэгэхээр манай улсын эдийн засгийн гол тоглогч болох банк санхүүгийн салбар уналтад орох үүд нээгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна томоохон компаниуд тусгай зөвшөөрлөө барьцаалаад гадаадын банкуудаас ч зээл авсан байдаг юм билээ. Тухайлбал, надад албан тоот ирүүлсэн компаниудын дотор Японы “Иточу” корпорациас  30 сая ам.долларын зээл авсан тохиолдол байсан. Үүнээс эхлээд л гадны банкуудад Монголын төр өртэй хоцорно. Тиймээс Монголыг тэжээлцэж яваа, төсвийн орлогыг бүрдүүлэлцэж яваа, хүнд үед тус нэмэр болсон компаниудыг цаазын тавцанд аваачихын оронд боломж олгоё л гэж байгаа юм.”Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх юм бол 10 мянга гаруй хүн ажилгүй болж, улсын төсөвт жилд төвлөрдөг орлого 240-560 тэрбум төгрөгөөр буурна. Харин орон нутгийн төсөв 44,5-113 тэрбум төгрөгөөр буурах тооцоог Ашигт малтмалын газраас ирүүлсэн судалгаанд хавсаргасан байсан.

-Ярилцсан баярлалаа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.