УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.03.30

Г.Баярсайхан: Байгаа юмаа ухаж гаргаад түр зуурын ашиг олох асуудлыг бид ярьж болохгүй

Ойн сан, усны эх бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон хэмжээг багасгах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэж байна.

БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан хэрвээ энэ асуудлыг хүч түрэн баталвал ажлаа өгнө гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдлээ. Алт олборлолт нэмэгдэн улмаар үйл ажиллагаа нь эрчимжихээр ойн сан, усны эх газрууд сүйддэг.

Ийм тохиолдол алт хөтөлбөр батлагдсаны  дараа хүчтэй явагдсан байдаг.  Харин урт нэртэй хууль батлан ойн сан, голын эхээ хамгаалж эхэлснээс хойш алтны компаниуд хүнд байдалд орсон тухайгаа байнга илэрхийлэх болсон юм. Гэвч улсын төсөвт орох мөнгө нь чухал уу, байгалийн тэнцвэрт байдал нь чухал уу гэсэн сонголтыг УИХ эцэслэн шийдвэрлээд байсан. Хамгаалалтын бүсийг 400 метрээр тогтоосныг 200 метр болгох саналыг Засгийн газар оруулж ирлээ.

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан: Энгийн зүйлийг эргээд харъя. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын хөтөлбөр, МАН-ын мөрийн хөтөлбөр, Шударга ёс эвслийн мөрийн хөтөлбөрүүдэд урт нэртэй хуулийг үргэлжлүүлээд явах нь зүйтэй гэсэн зүйл байгаа. Засгийн газрын урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль бол өөрийн байр сууринаасаа ухарч байгаа явдал гэж байнгын хорооны даргын хувьд үзэж байгаа.”

Урт нэртэй хуулийн хуулийн хүрээнд хамрагдсан ордын дийлэнхийг алтны ордууд эзэлж байгаа. Ашиглалтын 346-гийн 200 шахам нь алт бол хайгуулын 789 лицензийн 216 нь алтных байна. Уул уурхайн яамны тооцоогоор алтны шороон ордын доор 27.4 тонн, үндсэн ордын доор 96.4 тонн алт бий. Нийтдээ 123.8 тонн алт урт нэртэй хуулиар хориглогдсон хилийн зааг дор орчихсон ч үүнийг ухах нь эрсдэлтэй.

“Бидэнд асар их боломжууд байгаа. Эдийн засаг хүндрэлтэй байгаа нь үнэн. Энгийн нүдээр харвал гадуур бэлэн мөнгөний хомсдолд орсон том том компаниуд боловсон хүчнээ цомхотгож байна. Эдийн засгийн хүндрэлийг дээр, дооргүй ярьж байна. Гэхдээ ийм үед байгаа юмаа ухаж гаргаад түр зуурын ашиг олох асуудлыг бид ярьж болохгүй”  хэмээн БОХХАА-н байнгын хорооны Г.Баярсайхан дарга хэлж байлаа.

БОНХЯ урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд алтны компаний өмнө буулт хийжээ. Энэ нь буулт нь хилийн заагийн хамрах хүрээг багасгахад чиглэгдсэн. Энгийн хамгаалалтын бүс 400 м байсныг 200 м-ээс доошгүй болгосноор алт олборлолт эрчимжих нь дамжиггүй. Гэхдээ зөвхөн 200 м гэсэн тооны зөрүүнд 100 орчим лиценз хэсэгчлэн ашиглах боломжтой болсны цаана гол бохирдох, мөн ойн бүсүүд устах аюултай билээ.