Ж.Батсуурь: Би хөндүүр цэгийг нь олоод дарчихсан юм байна
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.Тэрээр УИХ-ын гишүүн Я.Батсуурь,О.Чулуунбат, Д.Кёкүшюүзан Батбаяр нарынхамт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны санбүхий газрын хамгаалалтын бус ойн сан бүхийгазарт ашигт малтмал хайх, ашиглахыгхориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулах тухай хууль буюу хүмүүсийннэрлэдгээр урт нэртэй хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюуурт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлторуулахаар төсөл боловсруулсан юм. Энэхүү хуулийн төсөл нь зарим гишүүд болон байгальхамгаалах чиглэлээр үйл ажиллагаагааявуулдаг төрийн бус байгууллагуудынэсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
-Та бүхэн ямар үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан юм бэ?
-Энэ хууль 2009 оны зургадугаар сарын 16-ны өдөр батлагдсан.Тухайн үед байгальтайгаа зөв Харьцаж байх ёстой байгалиа хамгаалах ёстой гэдэг үүднээс дэмжиж байсан. 1990 онд Монгол Улс зах зээлийн системд шилжиж, олон хувийн компани байгуулагдсан.Тэд өнөөдөр нийгэмд ажлын байрыг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бүрдүүлэх гэх мэт олон хүчин зүйлийг гүйцэтгэж байна. Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг тэд л үйлдвэрлэж байгаа шүү дээ.Тухайн үед уул уурхайн салбарт ч олон компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.Манай улс байгалийн баялаг ихтэй. Харин энэ баялгаа бусад орнуудын ашигт малтмалаа ашигладаг жишгээр, мөрдөгдөж байгаа хууль журмынхаа хүрээнд ашиглаж төсвийнхөө орлогыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтыг хийх, хойч үеэ хүмүүжүүлэх өөрөөр хэлбэл хүн хөгжих таатай орчныг бий болгох гэж энэ олон компаниуд итгэл зүтгэл нэгтэй зорьж байгаа гэж бодож байгаа.
Тиймээс бид олон баримт материалыг ашиглаж эргэн харлаа. Энэ чиглэлээр бодоогүй биш, бодож үзсэн зүйл их байна. Өөрөөр хэлбэл, энэ хууль яагаад хэрэгжихгүй байна гэхээр нэгдүгээрт, тооцоо судалгаа шаардлагатай байна. Энэ салбарт ажиллаж байгаа, үйл ажиллагаа явуулж буй хичнээн компани байна. Хууль хэрэгжсэнээр хичнээн хүн ажлын байргүй болох билээ. Хамгийн гол нь нөхөн олговор олгоно гэж компаниудын үйл ажиллагааг зогсоох гэлээ.Түүний дараа юу болох вэ гэдгийг нарийн тооцож байх ёстой.
-Тухайлбал?
-Нөхөн олговрыг хэд хэдэн үе шаттай олгоно гэж байгаа. Ингэхийн тулд хэдэн их наяд төгрөг хэрэгтэй. Энэ компаниудын ихэнх нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хамаг хүч хөрөнгө, амьдралаа зориулчихсан, гадаад дотоодын маш их хөрөнгө оруулалтыг олоод авчихсан байдаг юм билээ. Надад зарим компаниуд захидал ирүүлсэн нь ч бий. Нэг компани л гэхэд Японоос 30 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт аваад ажлаа явуулсан байх жишээтэй. Нөгөө талаас энэ чиглэлийн компаниуд бүгдээр Монголын бүх арилжааны банкнуудаас зээл авсан байдаг юм байна.Энэ талаарх судалгааг авч үзсэн л дээ.Тэгэхэд 90 гаруй лиценз банкны барьцаанд байж байгаа юм, Төр засаг тэр барьцаанд байгаа лицензүүдийг хүчингүй болгочихвол бүх зүйл утгаа алдана.Барьцаанд авсан мөнгийг үйл ажиллагаагаа зогсоолгосон компани төлөх үү,төр төлөх үү, эсвэл бүр татвар төлөгчид та бид төлөх үү гэдэг асуудал гарна.Татвар төлөгчдийн мөнгөөр төлье, компаниудын ажлыг зогсооё. Гэтэл зорилго маань юу юм.
-Хуулийн зорилго нь байгалиа хамгаалахад л чиглэгдэж байгаа биз дээ?
-Тэр зорилгодоо хүрч чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Миний бодож байгаагаар бол огт чадах-гүй. Энэ хуулийг хэрэгжүүлээч гэж шахаад байгаа улсууд чинь ямар ч татвар төлөхгүй, өөртөө ашигтайгаар тэр орд газарт байгаа баялгийг хулгай хийе, ухъя гэсэн зорилгыг л агуулж байгаа. Одоогийн энэ компаниуд чинь татвар, даатгал, нөөц ашигласны гээд олон янзын төлбөрийг улсад төлж байгаа. Энэ нь төрийн албанд маш их дэмжлэг үзүүлж байгаа.Тэдний зөвшөөрлийг хүчингүй болгочихвол мэдээж тэр газарт нөөц үлдэнэ. Харин тэнд маргааш нь л гэхэд нинжа нар орчих нь ойлгомжтой. Гэтэл нинж нар яаж байгаа билээ.Тэд нэг төгрөгийн татвар улсад өгдөг билүү. Миний санаж байгаагаар Говийн их дархан газрыг нинжа нар тэслээд, дэлбэлээд нэг жил болчхоод л яваад өгсөн дөг. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Мэргэжлийн хяналтын газар, байгаль хамгаалах газар, дархан газрын засаг захиргаа нь ч тэр хариуцлага хүлээлгэж чадаагүй.Тэгэхээр энэ хууль хүсэн хүлээсэн үр дүндээ хүрэхгүй нь. Тиймээс бид хууль хэрэгжих боломж олгоё, байгаль хамгаалах, компаниудаа дэмжих аль аль талаа тэнцвэржүүлье л гэсэн юм. Компаниуд ашигт малтмалаа олборлоод нөхөн сэргээлт хийдэг байх ёстой. Хэрэв нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд нөхөн олговор олгохгүй гэсэн байгаа.
-Тэгэхээр та бүхний өргөн барьсан хуулийн төслийн гол агуулга нь юу юм бэ?
-Хууль батлагдаж гарсан 2009 оноос хойш ашигт малтмал олборлох зөвшөөрлийг огт өгөхгүй гэж өмнөх хуульд заасан нь хэвээрээ байна. Харин зөвшөөрлөө ном журмын дагуу авчихсан компаниудын үйл ажиллагаа хэвийн цааш үргэлжилж, дахин лиценз олгохгүй гэсэн л хуулийн төслийн агуулга оршиж байгаа юм. Зөвшөөрөл авсан компаниудад хяналтаа тавиад, татварыг нь авч нөөц нь дуустал үлдээе гэсэн санаа. Өмнөх хуульд заасан нөхөн олговор гэгчийг угаас төрөөс өгч чадахгүй юм байна. Өнөөдөр манай улсад эдийн засгийн өсөлт гарч байгаа нь хөрөнгийн чадвар бий болж байна гэх боловч өдөр бүр бид зээл авч, бонд гаргаж байна шүү дээ. Гэтэл тийм их хэмжээний нөхөн олговор олгох боломж байхгүй.
-Хуулийн төслийн эсрэг байгаа гишүүдийн хэлж буйгаар дахин лиценз олгох газар нь ч байхгүй юм биш үү?
-Газар байхгүй, байгааг яаж мэдээд байгаа юм. Би ойлгохгүй байна. Яагаад гэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 58 хувь нь тусгай хамгаалалтад байдаг. Энд олборлож болно гэж ажлыг нь эхлүүлчхээд дараа нь зогсоохын оронд анхнаасаа тийм л үзэсгэлэнтэй сайхан газар нутаг байсан л юм бол өгөхгүй байхгүй яасан юм.Тэр ашиглалтын лиценз олгосон газар чинь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг л эзэлдэг юм. Гэтэл тусгай хэрэгцээнд байгаа газар нь 58 хувь байдаг.Тиймээс үүнийг зөв ойлгох хэрэгтэй.
-Та бүхний өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газрын, тэр дундаа Д.Зоригт сайдын захиалгаар хийж байгаа гэх юм. Гишүүдийн гараар могой бариулж байна ч гэх шиг...
-За яах вэ дээ. Миний хувьд хүний ард могой барьж гүйгээд байх нас маань өнгөрчихсөн. Би бас зарим улсуудыг бодвол төрд алба хашсан. Би аймгийн даргаар найман жил ажилласан хүн. Уул уурхайн компаниуд, нинжа нартай газар дээр нь харьцаж байсан. Бид иргэдээс сонгогдсон гишүүд. Нийгмээ ард түмний захиалгаар хөгжүүлэх ёстой хүмүүс. Ард түмэн захиалаагүй бол хэн ч ийм хууль хэрэгтэй юм байна гэж гүйхгүй биз дээ. Тэгэхээр энэ хуульд өөрчлөлт хийх нь төр, ард түмний захиалга гэж би бодож байгаа. Үнэхээр ийм шаардлага тулж ирлээ. Үүнийг хэн ч гэсэн тооцоо судалгаа хийгээд бодох л ёстой. Хэрэгжүүлнэ гээд зүтгээд байна. Гэтэл төрийн болон маш олон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндөж байгаа байхгүй юу. Үйл ажиллагааг нь зогсоочихлоо.Тэнд ажиллаж байгаа олон мянган хүнд май гээд өгчих ажлын байр байгаа билүү. Нөхөн олговрын талаар бодохын ч хэрэггүй. Энэ бол ойрын хэдэн жилд биелшгүй зүйл.
-Хуулиа хамгаалж байгаа гишүүд байгалиа хамгаалж л байгаа юм биш үү?
-Энэ хуулиа хэрэгжүүлнэ гээд байгаа хүмүүсийг би ойлгож байгаа л даа. Би ч гэсэн тухайн үедээ байгалиа хамгаалах нь зүйтэй гэж бодож байсан. Гэтэл энэ олон хүмүүсийн компанийн үйл ажиллагаа яах юм. Нөгөө талаас уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан ч юу ч олоогүй компаниуд олон бий.Тэд одоо хууль хэрэгжээсэй, нөхөн олговроо өгчхөөсэй гэж бодоод сууж байгаа.Тэдэнд байгалийн баялаг сүйдсэн эсэх нь огтхон ч хамаагүй.
-ЭБЭХ-ний сайд Д.Зоригт л ийм хууль өргөн бариач гээд байхаар нь барьчихсан юм гэж та ярьж явсан юм биш үү?
-Би тийм юм огт яриагүй шүү.Тэгж ойлгож огт болохгүй. Гэхдээ би Засгийн газрыг ойлгож байна. Хүнд боломжгүй юм тулгачхаад, та нар хэрэгжүүлэх ёстой, хариуцлага тооцно, огцруулна шүү гэж дайрч давшлаад, доромжлоод байж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, тэр гишүүд хууль санаачилж, хэлэлцүүлээд, батлуулсан байна. Би ч бас бүрэн эрхт гишүүн учраас хууль санаачлах эрхтэй. Бас өөрийн үзэл бодлоо хэнээр ч боолгож хаалгалгүйгээр үгээ хэлэх эрхтэй.Тийм учраас миний бүрэн эрхэд битгий халдаач гэж хэлмээр байна. Битгий хүн доромжилж, ашиг сонирхол яриад байгаач гэж хэлье.
-Таныг уул уурхайн салбарт ажилладаг гэх нь ч дуулдсан?
-Надад ажиллах нь бүү хэл энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хамаатан садан ч байдаггүй.Тэр олон яриад байдаг гадаад, дотоодын компаниудыг ч танихгүй. Хэрэв хуулиа хэрэгжүүлээд аваад явна гэвэл харин битгий алагчлаарай.Том жижиг гэлгүй манай сайдуудын нэр холбогдсон хүртэл компаниудыг бүгдийг зогсоогоорой гэдгийг хэлчихье. Хэдэн зуун сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орчихсон компаниуд ч бий. Үйлчилдэг л юм бол бүгдэд нь үйлчлэх хэрэгтэй. Харин үйлчилж чадахгүй, төрд алдагдалтай байвал засвар хийе л гэж хуулийн төсөл өргөн барьсан.Түүнээс бус бид хуулийг нь хүчингүй болгоё гээгүй. Гэхдээ улс орнууд нийгмийнхээ хөгжилд хүрэхдээ байгальтайгаа харьцаж байж, хатуу үгээр хэлбэл ухаж, түнхэж байж амьдрал, бүтээн байгуулалт хийсэн байдаг юм.Үүний нэг жишээ нь Солонгосын Инчон олон улсын нисэх буудал.Түүний байгаа газар далай байсан юм билээ. Далайгаас тасдаж аваад усыг нь ширгээсэн гэсэн.Тэгээд түүн дээр нь уул нурааж аваачиж хийсэн гэдэг. Ингэж газар бий болгосон байдаг. Гэтэл уулыг нураасан хөрөнгө тэр том буудал барихад зарцуулсан хөрөнгөөс их гарсан байдаг юм.
Тухайн үед Солонгосын ард түмэн байгалиа сүйтгүүлэхгүй гээд орилж хашгираад, жагсаад байсан бол , өдийд дэлхийд эхний тавд орох олон улсын том буудалтай болохгүй байх байсан. Энэ жишээнээс харахад байгалиа аврахдаа ч авардаг, сүйтгэхдээ ч сүйтгэдэг байх тэгш харьцааг хадгалах хэрэгтэй юм. Уул уурхайн хэдэн том компани ус юүлсээр байгаад байгаль маань сүйдээд байна гэвэл өрөөсгөл. Үүнд олон хүчин зүйл бий. Эрдэмтдийн судалгаагаар бол уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарал нь гол мөрөн ширгэхэд гол нөлөө үзүүлж байна гэж тэмдэглэсэн байдаг юм билээ.
-Гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул хуулийн төсөл санаачлагчдаас Д.Кёкүшюүзан Батбаяр, Я.Батсуурь гишүүд нэрээ татахаар болсон гэсэн.Тэд нэрээ татсан уу?
-Бичиг тоотоо өгчхөөд, өргөн барьчихсан юм чинь нэрээ татна гэж байхгүй. Хүмүүсийн сенсааци дэгдээж байгаа нэг арга байлгүй.
-Та бүхнийг хуулийн төсөл оргон барьснаас болоод Д.Зоригт сайдыг огцруулах асуудал дахин хөндөгдөөд байна...
-Би их баяртай байгаа. Бидний санаачилсан хуулийн төсөл ингэж их дуулиан шуугиан дэгдээнэ гэж бодоогүй.Тэгэхээр энэ зөв зүйтэй асуудал болсон учир энэ улсууд бухимдаад байна гэж ойлгож байгаа. Үнэхээр би хөндүүр цэгийг нь олоод дарчихсан юм байна. Би өөртөө их итгэл үнэмшилтэй байгаа. Сайдыг огцруулахын тухайд би тэр гишүүдийн эрхэнд халдах эрх байхгүй.Тэр нэг хүн тэгж хэлмэгдэх ёстой юм бол нөгөө буянаараа' болно гэдэг шиг болох байлгүй дээ.