Б.Бат-Эрдэнэ: Хууль хэрэгжүүлэхгүй байгаа хоёр сайдтай хариуцлага тооцно
2011.06.16

Б.Бат-Эрдэнэ: Хууль хэрэгжүүлэхгүй байгаа хоёр сайдтай хариуцлага тооцно

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газрын сайдуудын дунд урт. нэртэй хуулиас үүдсэн үл ойлголцол бий болчхоод байгаа. Батлагдаж гараад хоёр жилийн нүүрийг үзсэн тус хуулийн төсөлд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсныг УИХ хэлэлцэхээр дэмжигдэж дээрх маргаан даамжирсан гэхэд болно. Ингээд бид энэхүү хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй уулзаж байр суурийг нь сонирхсон юм.

-Урт нэртэй хуулиас үүдсэн хоёр өөр ойлголт нийгэмд бий болчихжээ. Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үүднээс хил хязгаарыг нь тогтоочихсон. Гэтэл нэр бүхий гишүүд Засгийн газрыг хууль хэрэгжүүлэхгүй байна гэж буруутгах юм. Хэн нь үнэн яриад байна вэ хэмээн эргэлзэхэд хүрч байна гэдгээс яриагаа эхлэх үү?


-Зарим хэсэг маань аливаа зүйлийг нэр уснаас нь эхлээд гоочлох сонирхолд хэтэрхий автчих юм, Уг нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс ойн сан бүхий газар ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай гэсэн нэртэй хууль. Анхны хуулийн нэрийн төсөл нь усан сан, ойн сан гээд товчхон байсан. Мэргэжлийнх нь байгууллагууд болох усны газар, ойн газартай ярьж байгаад ийм нэр томъёогоор байх нь зөв зүйтэй юм гээд энэ нэрийг өгсөн.Тэгэхээр хуулийн үндсэн концевци, бодлого зорилт бол ерөөсөө байгаль орчны эрчимтэй явагдаж байгаа сүйрлээс Монгол нутгаа хамгаалъя. Энэ байгаль орчин, эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалж байдаг гол мөрний урсац, ойн сан, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс дээр ашигт малтмалыг эрэх хайх, ашиглахыг бүрэн хориглоно гэсэн үзэл баримтлалтай.Түүнчлэн тухайн газарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын нөхөн сэргээлтийг хийлгэе гэдэг үндсэн үзэл баримтлал-тай хууль байгаа юм.

-Энэ хуулийг баталж гаргачхаад эргээд цуцална гэж байгаагаас үзэхэд хууль батлах шаардлага байсан юм уу гэдэг асуулт гарч ирж байна л даа?

Ийм том том зүйлээр айлгаж гацааж хуулийг хэрэгжүүлэхгүй байх шалтаг хайж байна.

-Нөхөн төлбөрийг олгохдоо компаниудыг хуулийн хүрээнд ажиллаж байсан уу гэдгийг авч үзэх ёстой гэлээ. Гэвч манайд байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг гаргах аргачлал гэж байдаг уу?

- Дөнгөж сая 2011 оны тавдугаар сарын нэгэнд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Байгаль орчны сайд Л.Гансүх нар хамтарч аргачлалыг тогтоох тушаалаа баталсан байгаа юм.Тэр үнэлгээг гаргасан аргачлал энэ хуулиар олгогдсон хугацаанд нь маш яаралтай хийх ёстой.Тэгэхээр нөхөн төлбөрийг олгохоос өмнө байгаль орчинд учруулсан хохирлоо бид эхэлж тооцно.Тэр нэг том дүн гарна. Мөн нөхөн төлбөр төлөхөөс өмнө эдгээр компаниуд хуулийн хүрээнд ажиллаж уу үгүй юу гэдгийг шалгаад аль компаниуд нь үлдэх вэ гэдгийг тогтоох ёстой. Үлдсэн компаниуд ямар хэмжээний ашиг олсон юм бэ. Байгаль орчноо нөхөн сэргээж чадсан уу гээд бүгдийг нь нарийвчлаад хөдөлгөөнгүй гаргаж өгөх ёстой.Хөндлөнгийн аудит хийгээд тогтооцгоох ёстой.Тэгэхэд таван их наяд төгрөгөөс бага мөнгө гарна. Энэ хоёрыг баланслуулахаар эцсийн дүнгээрээ Монголын төр мөнгө төлөх биш харин тэдгээр компаниудаас авлагатай гарах баланс тодорхой байгаа юм.

Хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай давхцал бүхий 1782 тусгай зөвшөөрөл олгогджээ.Үүнээс бүхэлдээ давхцалтай ашиглалтын 167 тусгай зөвшөөрөл, хайгуулын 144, хэсэгчлэн давхцалтай ашиглалтын 224, хайгуулын 1247 тусгай зөвшөөрлийг нийт 890 аж ахуйн нэгж эзэмшиж байна.Тэгэхээр 311 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа юм.Тэрийг бичиж байгаа хүмүүсийг 1782-оос бүтэн давталттай лицензтэй хүмүүсийн лицензийг нь чөлөөлөхөд тэр хилийн заагаас өөр газар тусгай зөвшөөрөл эзэмшүүлж болно. Ижил төрлийн ч юм уу, эсвэл өөр сонирхолтой арай давуу эрхээр өөр лиценз зөвшөөрлүүдийг эзэмшүүлж болно.Том уул уурхайн том төслүүдэд хувь хувьцаа эзэмшүүлээд компаниудыг тийш нь шилжүүлнэ.Тэр компаниудын хүн хүч, боловсон хүчин техник тоног төхөөрөмжийг дайчлаад том том бүтээн байгуулалт төмөр замын уул уурхайн том том төслүүдэд хувь хувьцаа эзэмшүүлээд тэр компаниуд тийш нь шилжүүлж болно.

-Уул уурхайн салбарын ажилчдыг ажилгүй болгоно.Тэр хэрээр ажилгүйдэл ядуурал гаарч ядарсан эдийн засагт хор хөнөөлтэй гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Олон иргэнийг ажилгүй болгоно гэдэг асуудал тавьдаг. Бас ажилтай болгох маш олон арга бий.Тэр бүхнийг огт хийхгүй байгаа юм. Бодит байдал дээр энэ уул уурхайн компаниудад ажиллаж байгаа ажилчид зөвхөн хөлслөгддөг болохоос ашиглаж байгаа ордоос нь хувь хүртэхгүй. Маш хүнд хөдөлмөрийг багахан цалинтайгаар хийдэг. Зуны гурван сар ажиллаад бусад үед нь ажилгүй суудаг.Тэндээс олсон хамаг ашиг орлогыг нь бүгдийг компанийн эзэн буюу тусгай зөвшөөрөл шударга бусаар авсан нөхөр л хуу хамдаг. Яагаад гэвэл 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд тэр лицензүүдийг авч, хэт их баяжсан нөхөд л байгаа.Тэр балгаар өнөөдрийн нийгэмд баян хоосны хэт их ялгаа гарах тэр бүх нүх сүв нь тавигдсан шүү дээ. Нөхөн төлбөр улсаас өгвөл тэнд ажиллаж байгаа ажилчдад ямар ч хүртээлгүй.

Манай компани цуцлагдлаа, компаниа хаалаа.Тамга тэмдгээ хурааж авлаа. Улсаас нөхөн төлбөр авч, өөрөө кармаалаад л ажилчдаа гудамжинд гаргах тийм сэтгэлтэй шүү дээ. Монгол Улсын төр 68 хувийн гэнэтийн ашгийн татвар тавьсан. Гэнэтийн ашгийн татварыг алтны компаниуд огт биелүүлээгүй. Монгол Улс жилдээ 25 тонн алт олборлодог байсан ч 68 хувийн татварыг хууль гаргахад завхруулсан нөхөд шүү дээ. Ямартаа л улсын эрдэнэсийн санд таван тонн хүрэхгүй алт тушаагаад бусдыг нь хууль бусаар хил гаргах ажлыг хий-сэн хүмүүс. Тэгээд байгаль орчинд учруулсан сүйрэл тэр нөхөн сэргээлт хийгээгүй хууль бус үйл ажиллагаатай харьцуулахад тун бага зүйл төлсөн гарсан дүн тооцоо гарах ёстой гэдгийг сануулах нь зүйтэй.

-Урт нэртэй хуулийг анх санаачилсан хүмүүсийн гол хөндүүр цэгийг бид олчихлоо. Ингээд булхай нь илэрч байна гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Сүүлийн үед энэ хууль санаачилсан нөхөд хэвлэл мэдээллээр гүжирдэж гүтгэдгээ эхэлчихсэн байна. Бид ямар юмных нь гол хөндүүр цэгийг олох вэ дээ. Бид хилийн заагийг тогтоогоод, хилийн заагт байгаа компаниудын үйл ажиллагааг зогсооё.Тэр компаниудыг хуулийн хүрээнд ажиллаж чадсан уу үгүй юу. Энэ хуулийг мөрдсөн үү гэдгийг ялгаж цэгцэлж нөхөн төлбөртэй холбоотой зүйлийг ярья гэдэг асуудлыг тавьсан.Тэдний үйл ажиллагааг зогсоогоод огт тусгай зөвшөөрөл олгохгүй хэсэг бидэнд ямар хэрэг байх вэ дээ. Одоо тэд тусгай зөвшөөрлийг бүгдийг цуцлуулаад өөрсдөө авах гэж байна. Дахиад тусгай зөвшөөрөл олгохгүй юм чинь хэнбугай ч авч чадахгүй. Ийм барин тавин юм ярьдаг улсуудыг бид хардах бүрэн үндэстэй.

-Яагаад?

-Яагаад гэвэл тусгай зөвшөөрлийг дахиж шинээр олгохдоо хуучин зөвшөөрлүүдийг хэвээр хадгалъя гэсэн хуулийн төсөл санаачилсан улсууд цэвэр тэр компаниудын нөлөөнд орчихсон гэдэг нь харагдаж байна шүү дээ. Монголын байгалийг сүйтгэж байгаа компаниудын нөлөөнд байна гэж шууд хэлэх үндэстэй. Хоёрдугаарт байгаль орчны сайд хуулийнхаа төслүүдийг бүрэн үзээгүй. Хуульд тодорхой стратегийн ач холбогдол бүхий газар хамаарагдахгүй гэж заасаар байхад стратегийн ач холбогдолтой ордууд үүнд байна.Тухайлбал Шарын гол, Шивээ-Овоо ч гэдэг юм уу. Монголын төр стратегийн ач холбогдолтой орд газар гэдгээ жагсаагаад гаргачихсан. Хэрвээ тэнд орсон бол хуулийн хүрээнд цуцлагдахгүй. Дээр нь УИХ шийдвэр гаргаад тэр жагсаалтдаа нэмээд авч болно.

-Цуцлагдахаар болсон хэдэн компани байгаа вэ.Тооцоо нь танд байна уу?

-Тэр тооцоог гаргаж ирээгүй байна. Хуульдаа хилийн заагаа тогтоо. Дараагаар нь тэр компаниудыг бүгдийг шалга. Байгаль орчны хохирлыг тооц.Тэгээд компаниудыг хуулийн хүрээнд ажилласан уу үгүй юу, нөхөн олговор олгох тийм ямар үндэслэл бий юу. Түүнийг нь хөдөлгөөнгүй баримтаар нотолж гарга. Гэтэл тэрийг огт хийхгүй яваад байгаа байхгүй юу. Саяхан л Засгийн газрын хуралдаанаар хилийн зааг тогтоолоо шүү дээ. Хохирлын хэмжээг гаргахаар бид говийн бүс нутагт эрдэмтдийн багтай хамтарч тооцож үзсэн.Тэгэхэд 100 га газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад тухайн нутагт ямар хэмжээний хохирол учирч байна вэ гэхээр зэрэг 15 тэрбум төгрөгийн хохирол гарсан тоо баримт байна. Олон улсын хэмжээнд тооцдог аргачлалаар үзвэл 153 өрхтэй 9300 малтай тийм багийн түвшинд уул уурхайн үйл ажиллагаа явагдвал жилд хоёр сая долларын байгаль орчны хохирол гарахаар тооцоо байдаг. Их сонин тоо гарч байгаа биз.

-Тэгэхээр Монголын төр мөнгө өгөх биш авах ёстой болж таарч байна уу?

-Тэгэлгүй яах вэ, тооцоог нь гаргах юм бол их хэмжээний мөнгөн дүн гарна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.9 дээр тодорхой заалт бий. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн сэргээлттэй холбоотой зардлын 50 хувийг тусгай санд байршуулах. Тэр хөрөнгө мөнгийг тодорхой хэмжээгээр журам гаргаад нэмэгдүүлэх ёстой. Ялангуяа хилийн заагт орсон үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд экологийн тусгай такс төлбөр бий болгох асуудлыг шийдэх бололцоо нь Засгийн газарт байгаа. Миний     түрүүний хэлдэг тухайн заалт бусад хуулийн үйлчлэл зохицуулалтын хүрээнд асуудлыг нэмэгдүүлэх ёстой. Бид энэ хуулийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай байгаа гэдгийг ойлгодог. Гэхдээ байгаль  орчны нөхөн  сэргээлттэй холбоотой хяналтыг нь сайжруулах, тусгай бүсэд үйл ажиллагаа явуулдгийн хувьд такс татвар бий болгох ийм зохицуулалт хийж болно. Одоогийн байгаа хуулиар  ч бий. Шаардлагатай гэвэл маш яаралтай энэ асуудлыг  шийднэ. Гэтэл  хууль хэрэгжээгүй хоёр жилийн дотор 200 компани нөгөө хамгийн эмзэг онцгой бүсэд чинь үйл ажиллагаа явуулдгаараа явуулж, ийм хууль гарсан гээд улам их хохирол учруулж байгаа. Энэ жил да-хиад давтагдах магадлалтай учраас ийм ийм зүйлүүдийг яаралтай хийх  хэрэгтэй. Эцэст   нь хэлэхэд аливаа зүйлийг хийе гэсэн хүн бол арга замаа олдог. Хийхгүй гэсэн хүн бол  ая  шалтаг хайдаг.Тийм учраас аян шалтгийг нь олж тоочсоор байгаад хоёр  жил боллоо. Монголын ард түмэнд хүлээх  хугацаа байхгүй шүү. Хууль хэрэгжүүлэхгүй байгаа хоёр сайдтай хариуцлага тооцно шүү гэдэг асуудлыг тавьж байгаа.

-Сүүлийн үед урт нэртэй хуульднэмэлтөөрчлөлторуулах саналыг дэмжсэн «Уул уурхайн салбараа аваръя» нэртэй хөдөлгөөн байгуулсан зарим хүмүүсийн дуу хоолой чангарах боллоо?

-Энэ хуулийг санаачлагч бидний эсрэг хэвлэлээр явж байгаа сөрөг мэдээллийг нийт  ард түмний эрх ашгаас өөрсдийн эрх ашгийг дээгүүрт үздэг цөөхөн хүмүүс зохион байгуулж байгаа нь хэнд ч илэрхий ойлгомжтой байгаа байлгүй дээ.

-Энэ сайхан Монгол орныхоо эзэн нь болсон монголын ард түмэн эл асуудлаар ямар үзэл бодол зүрх сэтгэлдээ тээж явдаг юм бол?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн санаа бодлыг тусгасан чөлөөт  хэлэлцүүлэг, ярилцлагыг зохион байгуулбал төр, засгийн шийдвэр ард түмний хүсэл зоригтой хэр нийцэж, нийлж байгаа нь тодорхой болох юм биш үү.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.