Ж.Батсуурь: Хэрэгжих боломжгүй хуулиар 5.7 их наяд төгрөгийг луйварчдад өгөхгүй.
Гол мөрний урсаж бүрэлдэх эх усан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 онд УИХ-аар баталсан. Гэвч хуулийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэнгүй. Хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлээгүй урт нэртэй хуулийг амьдралд хэрэгжих боломжгүй хэмээн үзэж УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн дээрх хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барив. Үүнээс үүдэн гишүүд хоёр талцахад хүрсэн. Улмаар шинэчлэх гэсэн нь ЭБЭХ-ний сайдын захиалгаар хийгдэж буй ажил хэмээн хардах болсон.Урт нэртэй хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ.
Хуулийн төслийг "шинэчлэх" нь зүйтэй хэмээн үзсэн Ж.Батсуурь гишүүний байр суурийг сонирхсон юм.
-Урт нэртэй хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага юу юм бэ?
-Хуулийг батлаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд Засгийн газар тодорхой журам гаргаж, судалгаа хийсэн. Гэхдээ гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар гэж яг юуг хэлэх нь тодорхой бус байна. Монголын төр энэ газруудынхаа хил заагийг албан ёсоор тогтоосон юм алга. Салбарын яам гээд холбогдох төрийн байгууллагууд өнөөг хүртэл бүрэн тогтоож чадсангүй. Тогтоолоо гэхэд тэнд өчнөөн олон компани ашигт малтмал хайж, бас олборлож байна. Хууль гарахаас өмнө хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж байсан эдгээр компанид нөхөн төлбөр өгөх ёстой. Үнэндээ бол энэ компаниуд Монгол Улсын төсвийг нэмэгдүүлэхийн тулд байгалийн баялгаа ашиглая гээд тухайн үеийн мөрдөж байсан хууль, дүрмийн дагуу зөвшөөрлөө авсан. Түүнчлэн тухайн компаниуд хайгуулын зардлаа өөрсдөө гаргаж,эрсдэлээ өөрсдөө үүрч, арилжааны банкуудтай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Товчхондоо, лицензээ барьцаалж зээл авч, үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл үйл ажиллагаа явуулж байхад нь гэнэт хууль батлаад бүгдийг нь зогсоо, гарсан зардлыг чинь улсын төсвөөс төлнө гэхээр ямар байх вэ. Хууль гарахдаа ядаж л хориглож байгаа газар нутгийнхаа заагийг тогтоогоогүй. Эдийн засгийн үр дагаврыг нь тооцоогүй. Энэ бүхнийг бодолцоод хуулийн төсөл боловсруулсан юм.
-Нөхөн төлбөрт зарцуулагдах таван их наяд төгрөг хэр үндэслэлтэй тооцоо вэ?
-Зарим бүдүүвчилсэн тооцоогоор бол эдгээр компани таван их наяд төгрөгийн зардал гаргасан байдаг. Энэ бол их мөнгө. Нэлээд хэдэн жил улсын төсвийг нуруундаа үүрч явсан компаниудаас нэг л өдөр лицензийг нь төр хураах нь байж болох зүйл гэж үү. Тэд хайгуулын зөвшөөрөл авсан өдрөөсөө эхлээд л улсын төсөвт төлбөр төлж, ашиглалт хийж байгаа компаниуд нь нөөц ашигласны төлбөр, 68 хувийн татвар гээд төлдөг. Энэ бүгдийг нь буцааж төлнө гэвэл бараг гурван жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө хэрэгтэй.Тиймээс нөхөн төлбөр өгөх боломж нь ч алга.
-Тэгвэл хуулийг төслийг хэрхэн өөрчлөх юм бэ?
-Энэ хуулийг цаашид- ч хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ хууль батлагдаж гарсан өдрөөс өмнө лиценз эзэмшиж байсан компаниудын үйл ажиллагааг энэ хуулиар зогсоож болохгүй. Тухайн компаниуд үргэлжлүүлээд ашигт малтмалаа олборлоод, улсын төсөвт хуулийн дагуу татвараа төлж, байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээд явна. Харин хууль батлагдсан өдрөөс хойш дахин лиценз олгохгүй байхаар хуулийг зохицуулалтыг хийх юм. Ингэвэл улсын төсвөөс нэг ч компанид нөхөн төлбөр өгөх хэрэггүй болно.
-Урт нэртэй хуулийг хүчингүй болгох хуулийн агуулгыг зарим гишүүдийн хувьд төдийгүй хөдөлгөөнийхөн эсэргүүцэж байгаа шүү дээ?
-Лицензийг нь цуцлах 890 компани байна. Энэ бол маш их ажиллах хүч. Гэтэл бүгдийнх нь үйл ажиллагааг зогсоогоод уул уурхайн салбарыг бүхэлд нь сүйрүүлж болохгүй биз дээ. Нэг дор олон лиценз цуцлагдсанаас болж Монголын банкны салбарт өрийн сүлжээ үүссэн. Бүгд лицензээ барьцаалаад зээл авсан. Тэр лицензүүд бүгд хүчингүй болохоор банкнууд барьцаа хөрөнгөгүй болно. Улмаар их хэмжээний мөнгө зээлүүлсэн арилжааны банкууд үнэгүй лиценз хадгалсаар дампуурна.
-Уул уурхайн хэдэн компани дампуурах бол нэг хэрэг. Харин Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд сүйдэж байгаа нь нөхөж баршгүй гарз биз дээ?
-Монгол орны байгалийн үзэсгэлэнт бүх газарт лиценз олгосон нь худлаа. Монгол Улсын нийт газар нутгийн 58 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ бол хайгуулын лиценз огт олгоогүй газар. Бүх орон нутаг, аймаг, сумын хэмжээнд байгалийн үзэсгэлэнт газар, гол мөрөн, тахилга шүтлэгтэй, говийн их бага дархан газруудыг нь тусгай хамгаалалтад авчихсан. Гэтэл үүгээр далимдуулан урт нэртэй хуулиар төсвөөс мөнгө аваад идчихье гэсэн далд санаа цаана нь явж байна. Миний хувьд эх оронч хандсан. Тэгээд ч байгаль сүйтгэхгүйгээр ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй. Нөгөөтэйгүүр, дэлхийн ямар ч улс орон тодорхой эрсдэлийг хүлээдэг. Гэхдээ нөхөн сэргээлтийг хийдэг. Монгол Улсын хэмжээнд олгосон ашиглалтын лиценз гэхэд нийт нутаг дэвсгэрийн 6.6-хан хувьд л оногддог. Ийм багахан хувийг эзэлж байна.
-Урт нэртэй хууль санаачлагчдыг хайгуулын лиценз эзэмшигчдийн лоббинд орсон гэж үздэг. Харин та нарыг ашиглалтын лиценз эзэмшигч алтны компаниудын лоббинд орсон гэх юм?
-Ямар ч лоббинд ороогүй. Ямар ч хэрэгжих боломжгүй хууль гаргачихаад 5.7 их наяд төгрөгийг хайгуул нэртэй луйвар хийсэн улсуудад зүгээр өгнө гэж байхгүй. 10 төгрөг зарчихаад нэг сая төгрөг зарсан гээд сууж байгаа улсууд, тэд чинь.